ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАРТ ХАЙГУУЛ ХИЙЖ, ХИРГЭСҮҮР ЭВДСЭН НЬ ТОГТООГДЛОО
Орон нутгийн нөөцийн газарт хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийж, тусгай хамгаалалттай газрын онцгой бүсэд халдан эртний хэрэгсүүрийг ухаж, соёлын өвд халдсан “Ти энд Пи”, “Занарт уул” компаниудыг илрүүлэн шалгаж байна.
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Гүн галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрөгч долоон хоногт буюу энэ сарын 12-13-нд шалгалт хийжээ. Гүн-Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нь ховор биологийн төрөл зүйлээр элбэг, аргаль угалз, ус намгархаг газрын ховор шувууд болон эртний булш, бунхан, хэрэгсүүр ихтэй газар юм. Гэтэл уг газарт хувийн компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг шалгахаар ажлын хэсэг очсон байна.
Уг шалгалтаар дээрх хоёр компанид АМГТХЭГ /хуучин нэрээр/-аас хууль зөрчин орон нутгийн нөөц газарт тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогджээ.
“Гүн галуутайн орон нутгийн нөөц газар” нь Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын 2003 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот, 2007 оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан аж. Гэтэл АМГТХЭГ “Ти энд Пи” ХХК-д 2008 оны наймдугаар сарын 7-нд 13654Х, “Занарт уул” ХХК-д 2009 оны нэгдүгээр сарын 30-нд 15316Х тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь Газрын тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 21 дүгээр зүйлийн 21.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 болон 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь заалтыг зөрчиж байгаа юм.
Хууль бус зөвшөөрөл авсан “Ти энд Пи” компани тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа 2011 онд хайгуулийн ажил гүйцэтгэхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй ажиллаж байжээ. Улмаар Баяндэлгэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Гүррагчаа энэ оны есдүгээр сарын 19-нд тус байгууллагын талбайд өрөмдлөгө хийж байсан “Рэйт парагон дрийлэнг” ХХК-ий ажилтан Д.Загдаад үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьсан байна. Гэвч хайгуулын ажлыг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулалгүй хийсээр дуусгаад зогсохгүй эвдсэн газраа нөхөн сэргээж хүлээлгэн өгөөгүй байна.
Мөн Баяндэлгэр сумын Засаг дарга Ё.Батхуяг ч хууль бус ажиллагааг өөгшүүлж байсан нь илрээд байна. Тэрбээр “Гүн галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газар”-т ашигт малтмалын хайгуул хийж байгаа үйл ажиллагааг зогсоогоогүй, “Нийгмийн хариуцлагын гэрээ”-г энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд байгуулан “Ти энд Пи” ХХК-аас 5 сая төгрөг авах, сумын ЗДТГ-ын хүлээх үүрэг гэсэн 3.1 дэх хэсэгт хайгуулын үйл ажиллагааг дэмжих гэх мэтээр заасан байна.
Үүгээр зогсохгүй “Занарт уул” ХХК-ий 15316Х тусгай зөвшөөрөл бүхий талбайн ойролцоо Гүн галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын онцгой бүсэд эртний хэрэгсүүр ухагдсан байжээ.
Орон нутгийн нөөц газарт хууль бусаар зөвшөөрөл авч, хууль зөрчин үйл ажиллагаа явуулаад зогсохгүй соёлын өвд халдаж, устгасан дээрх компаниудад дараах шаардлагуудыг тавьж байгаа аж. Дээрх хоёр компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлаар санал хүргүүлэх, байгаль орчин, аж ахуйн нэгжид учруулсан алдангийг гэм буруутай этгээдээр төлүүлэх асуудлыг Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх гэж байна.
Н.Гантуяа
URL: