МОНГОЛЫН УУЛ УУРХАЙ ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БУС АРД ТҮМНЭЭ ТЭТГЭХ ЁСТОЙ ГЭВ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Я.Содбаатар, Ж.Эрдэнэбат нар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт буй уран олборлох асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Дэлхий нийт Японы Фукаяама, Чернобылийн ослын дараагаар цөмийн технологийг бүрэн төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрч, цөмийн технологийг ашиглах асуудлаас татгалзая гээд эхнээсээ тухайлбал, Герман, Япон улсууд атомын цахилгаан станцуудаа хаах, хязгаарлах арга хэмжээ авч байгаа. Тиймээс манай улс цацраг идэвхит ашигт малтмал ашиглах, ялангуяа цөмийн энергийн ашиглалттай холбоотой асуудлаар их анхааралтай хандах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

УИХ-д улсын нэгдсэн төсөв, төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, түүний үр дүнгийн талаар хэлэлцэж байгаа энэ үед Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсөвтэй хамт төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, түүний үр дүнгийн талаарх хэсэгт Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд цацраг идэвхит ашигт малтмал олборлох, ялангуяа ирэх онд Дулаан-Уулын ураны орд газрыг түшиглэн олборлох үйлдвэр байгуулах, Хайрхан, Хараат, Гурванбулагийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Монгол Улсад атомын цахилгаан станц байгуулах техник эдийн засгийн горимыг сонгох гэсэн ажлуудыг хийхээр тусгажээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “Цөмийн энергийн тухай хуулиар бол ураны орд газрууд ордынхоо нөөцөөс үл хамаарч стратегийн ач холбогдолтой ордод хамаардаг. Эдгээр орд газрууд байрлаж байгаа байршлын хувьд Монгол Улсын хамгийн эко эмзэг цэг буюу Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр аймгийн нутагт оршдог. Энэ нутгуудад Монгол Улсын говийн бүсийг хангах гол гүний усны эх үүсвэрүүд бий. Тэгэхээр гүний усны эх үүсвэрүүдийн ойролцоо уран олборлох нь эргээд цөлжилт явагдаж байгаа бүс нутагт аюул занал нүүрлэх болзошгүй. Ялангуяа эдгээр ордууд элсэн чулуулгийн бүтэцтэй, уусган баяжуулах технологоор олборлолт явуулах болно. Зарим улс оронд тухайлбал, Чех улсад уусган баяжуулахаар уран олборлож байснаа зогсоон, экологийн сүйрэл болсон хэмээн 15 жил нөхөн сэргээлт явуулж байна. Гэтэл манайх хамгийн эмзэг эко системдээ үүнийг хийх нь буруу. Эдгээр ордууд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд бүгд стратегийн ач холбогдолтой. Үүнийг ямар эзэмшигчтэй, ямар технологоор ашиглах, манай улс энэ технологийг ашиглахад болон үндэсний боловсон хүчнүүд нь бэлэн үү гээд олон асуултын хариулт тодорхойгүй байхад Засгийн газар оруулж байгаа нь зохисгүй. Иймээс эрдэмтэн, судлаачид, ард иргэдийн өргөн хэлэлцүүлгээр энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн юм. Тэрбээр мөн ирэх оны төсөвт 50 тэрбум төгрөг тодорхойгүй заалтаар орж ирсэн. 50 тэрбум төгрөгийг уран боловсруулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, монголын талын олборлох үйлдвэрийн хувь оруулахад эхний ээлжинд зарцуулах гэсэн үүднээс Ерөнхий сайд ард иргэдээсээ нуун, хууль зөрчиж байна гэсэн хардлага байгаагаа хэлэв.
С.Ганбаатар гишүүн, “Ураны хүдрийг баяжуулах, боловсруулах асуудал маш аюултай. Дэлхий үүний золиос болж, хүндэрлийг ч өнөөдөр амсч байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягт анхааруулж хэвлэлийн хурлаа хийж байна. Ингэж дураараа тоглож болохгүй. Монголын ард түмний баялгийг манаарай гэж хэлсэн болохоос бидний нэрийн өмнөөс бидэнд хэлэхгүйгээр зараарай гэж хэлээгүй. Тэгэхээр монголын нийт ард иргэд, судлаач, эрдэмтэн мэргэдийн дүгнэлтгүйгээр улс төрчид шийд гаргах ёсгүй. Нийтийн хэлэлцүүлэг явуулахгүй шийд гаргаж болохгүй. Яг Оюу Толгойн гэрээ давтагдах гэж байна. Ер нь монголын уул уурхай хятадын эдийн засгийг тэтгэж бүх газраа ухах биш, 2,700.000 хүнийг сайхан амьдруулахын төлөө л бодлого байх ёстой” гэв.
Ж.Эрдэнэбат гишүүн, Монгол Улсын хувьд маш их байгалийн баялагтай гэдгээрээ дэлхийд танигдсан. Заавал ураныг ашиглаж мөнгө олох шаардлага байна уу гэдгийг хөндөж үзэх зүйтэй. Уран гэдэг маш хортой гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Зарим нэг улс орнууд уран ашиглаж байгаа үйлдвэр үйлчилгээнээсээ хүртэл татгалзаж байхад манайх үүнийг эхлүүлнэ гэдэг нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Хурлын төгсгөлд С.Ганбаатар гишүүн, “Маргааш дэлхий сөнөх гэж байгаа юм шиг өнөөдөр бүх газар нутгаа сэглэнэ гэдэг байж боломгүй. Ядаж уранаа зүгээр орхиоч гэж гуйж байна. Уран гэдэг нь газрын дор байхдаа зүгээр хэрнээ хөдөлгөхөөр л хамгийн аюултай, хортой болдог зүйл. Засгийн газраас оруулж байгаа төсөл нь УИХ-аар хэлэлцэгдэн хууль болоогүй байгаа болохоор олон нийтээрээ анхаарч хамтдаа шийдвэр гаргах хэрэгтэй” гэлээ.
Д.Сувд


URL:

Сэтгэгдэл бичих