Уучлалаар эрүүл мэндийг эргүүлэн авч болдог юм уу, Д.Батмөнх хатагтай
Хоол нь “хор” болсон нийгэмд өдөрт хэдэн арваараа хоолонд хордлоо гэсэн мэдээлэл гарах болж. Сүүлийн өдрүүдэд “Үдийн цай” нэртэй хоронд хүүхдүүд ихээр хордож байна гэсэн мэдээлэл ар араасаа гарах боллоо. Саяхан гэхэд Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа хордсон. Тэд алдаагаа бараг л төр засгийн буруу гэх ухааны юм ярьж, хүүхдийн хоолны мөнгө бага байгаа нь чанаргүй хоол идэх нөхцөл болдог гэж үзсэн. Харин хувийн сургууль бол өөр. Манай улсад “Орчлон”, “Шинэ монгол” зэрэг гарын арван хуруунд багтах өндөр төлбөртэй сургууль байгаа. Тухайлбал, “Орчлон” дунд сургуулийн төлбөр гэхэд хамгийн багадаа 8500.000 төгрөгт хүрчээ. Цэцэрлэгийнх нь төлбөр нь бүр их. Их дээд сургуульд хүүхдээ жилийн сая гаруй төгрөгөөр сургах гэж хэл ам таталж, бөөн асуудал үүсгэж, олсон хэдээ хумсалдаг монголчуудын нэг хэсэг нь хүүхдээ өндөр үнээр ч хамаагүй боловсролтой иргэн болох гэж зорьж байгаа буруутгах аргагүй. Тэдний хөлс хүчээ шавхан байж олсон хэдэн төгрөгийг нь халаасалж байгаа хувийн сургуулийнхан ариун цэврийн наад захын шаардлага хангаж чадахгүй вирусаар халдварласан өвчин туслаа гэж хэлээд зогсч байна. Авч байгаа төлбөр тооцоо үнэ өртөгийн харахаар хамгийн цэвэрхэн, аюулгүй орчин бол хувийн сургуулиуд байх ёстой юм биш үү. Энэ сургууль бусдаасаа арай өөр хэмээн онцолдог. Улс төр бизнесийн салбарынхан хүүхдээ сургадаг учраас спорт заал, усан бассейн, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь сайн гэлцдэг. Гэтэл төлбөрөө төлсөн хүүхдүүд дахин дахин сэдэрч хүүхдийг өвчлүүдэг нянгийн халдвар авч, үдийн хоолондоо хордож байгааг MCS-ийн захирал Ж.Оджаргалын гэргий Д.Батмөнх хатагтай та мэдэж байна уу. Түмний хүүхдийг сургахаар зүтгэж байгааг тань муулах гэсэнгүй. Гагцхүү монголд байхгүй өндөр үнийн жишиг тогтоож, дээд зэрэглэлийн сургууль ажиллуусан та наад захын ариун цэвэр, эрүүл аюулгүй орчин, эрүүл хоол хүнсийг нь бэлтгээд өгөх сэтгэл байсангүй юу. Эцэг эхчүүд энэ асуудалд дуугүй байсангүй. Гэхдээ тэд сургуулиас миний хүүхдэд дарамт ирэх вий хэмээн ихэд эмзэглэдэг юм байна лээ. Тэгэхээр хэл ам хийгээд, шаардлага тавихад нь хүүхэд нь хохирдог гэдгийг хэлээд байгаа хэрэг бус уу. Эцэг эхчүүд биднээс өндөр төлбөр шаардчихаад хүүхдийн хоолонд хариуцлагагүй хан¬даж байгаа нь сургуулийн удирдлагуудын буруу. Тэд бага ангийн хүүхдүүд юу идэж байна гэдэгт байнга анхаарлаа хандуулж байх ёстой. Урьдчилсан шинжилгээгээр шаардлага хангаагүй хүнс-ний бүтээгдэхүүнээс хордлого авсан гэдэг нь тогтоогдсон хэмээлээ. Жилдээ таван сая төгрөгөөр хүүхдээ сургачихаад эцэст нь хүүхдээ өвчтэй болгосондоо тэд харамсаж байна. Хэрвээ эцсийн дүн гарч байн, байн сэдэрдэг нянгаас үүдсэн гэдэг нь тогтоогдвол энэ сургуулийн эсрэг олон зүйлийг дэлгэнэ гэдгийг бухимдсан эцэг эхчүүд хэлж байна. Тэд уучлал хүссэн захидал сурагч бүхний ээж, аавуудад явуулсан гэсэн. Уучлалаар эрүүл болж, уучлал тэр хүмүүсийн алдсан цаг хугацааг эргүүлж болдог юм уу Д.Батмөнх хатагтай. “Орчлон” сургуульд Нийслэлийн мэргэжлийн хяналтаас гарсан мэргэжлийн баг ажиллаж байгаа сурагтай. Тэд ажлаа сайн хийгээд хүлээх хариуцлагыг нь хүлээлгээсэй билээ.
URL: