Дараа төлбөрт үйлчилгээний барьцааг ирэх сарын 1-нээс буцааж олгоно

Үүрэн телефоны операторуудын ярианы төлбөрийг секундээр тооцох, дараа төлбөрт үйлчилгээний барьцаа хөрөнгийн талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай, Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Ц. Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Балгансүрэн, “Мобиком” компанийн ерөнхий захирал Р.Арвинцогт, “Скайтел” компанийн гүйцэтгэх захирал Д.Болор, “Юнител” компанийн гүйцэтгэх захирал Р.Ганболд, “Жи Мобайл” компанийн гүйцэтгэх захирал Д.Басбиш нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн есдүгээр сарын 25-нд үүрэн телефоны операторуудад ШӨХТГ-аас ярианы  эхний нэг минутыг бүхлээр тооцдог байсныг секундээр тооцдог болох талаар мэдээлж, харьяа байгууллагуудад хүсэлт явуулсан. Үүнтэй холбоотой үүрэн холбооны байгууллагууд хэд хэдэн удаа албан уулзалт хийжээ.

Үр дүнд  нь 2013 оны гуравдугаар сарын 1-нээс ярианы  эхний нэг минутыг секундээр тооцохоор болсон байна. Хэрэглэгч өөрөө хүсвэл эхний нэг минутыг секундэд шилжүүлэх боломжтой юм байна. Мөн дараа төлбөрт үйлчилгээний барьцаа төлбөрт хүү тооцох асуудлыг шийдвэрлэжээ. Арваннэгдүгээр сарын 1-нээс дараа төлбөрт хэрэглэгчдийг барьцаа төлбөрөөс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон аж.  Тухайлбал, “Мобиком” компани гэхэд найдвартай хэрэглэгч нараа шүүж эхний сард барьцаа төлбөрийг буцааж олгохоор болжээ.

МШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа “Цаашид хийх хөрөнгө оруулалтыг тооцох хамгийн боломжит хугацааг гуравдугаар сарын 1 гэж тооцооллоо. Энэ өдрөөс эхлэн дөрвөн үүрэн холбооны дөрвөн оператор секундын алхамд зэрэг шилжихээр болсон. Ингэхдээ бүх утас шилжихгүй. Өнөөдрийн байгаа тарифаар буюу багцын үйлчилгээгээр, эсвэл өөрийн сонголтоор нэг секундын алхамд шилжих юм. Мөн тухайн үед нь нэг секундын тарифыг тогтооно” гэв.  Хурлын үеэр үүрэн холбооны оператор компаниудын захирлууд сэтгүүлчдийн асуултад хариулаагүй юм. Харин тус тусын байр суурийг хүргэлээ.

“Мобиком” компанийн ерөнхий захирал Р.Арвинцог: Хэрэглэгчтэй байгуулсан гэрээгээ шинэчилнэ

-Секундын  алхамтай үйлчилгээний сонголтыг заасан хугацаанд  нь бий болгохоор ажиллана. Техник, хөрөнгө оруулалттай холбоотой учир ойрын хугацаанд секундын алхамд шилжүүлэх боломжгүй байсан. Энэ байдлыг ойлгож  хугацаа өгсөн тул цагт нь багтааж хийнэ. Мөн санхүүгийн  эрсдэлтэй асуудал учраас ул суурьтай хийх хэрэгтэй. “Мобиком”-ын хувьд хэрэглэгчидтэй байгуулсан гэрээгээ шинэчилнэ. Дараа төлбөрт үйлчилгээний барьцааг буцааж олгох эхний  шаардлага нь манай үүрэн холбоог олон жил хэрэглэсэн төлбөрийн сайн түүхтэй найдвартай хэрэглэгчдэд барьцаа хөрөнгийг буцааж олгоно. Мөн цахим үнэмлэхээр үйлчилнэ. Бусад үйлчилгээтэй холбоотой өөр нөхцөлийг нарийвчлан гарган хэрэглэгчдэд мэдээлнэ. Олон сар дамжсан ажил болно.  Цаашдаа барьцааг бага авдаг олон арга механизмыг бодож байна. Мөн “2200” тусгай дугаарыг өнөөдрөөс нээнэ. Зөвхөн барьцаатай холбоотой асуултад хариулах юм.

“Юнител” компанийн ерөнхий захирал Р.Ганболд: Бид эрсдэлийг үүрч байна

-Өнгөрсөн сар гаруйн хугацаанд ШӨХТГ-аас тавьсан саналын дагуу Мэдээлэл шуудан харилцаа холбооны газруудтай ярилцаж тохиролцоонд хүрсэн. Манай салбарт шударга, эрүүл өрсөлдөөн явж ирсэн. Үнэ тариф байнга буурч байсан. Эрүүл өрсөлдөөний үр дүнг бид амсаж байна. Энэ нь үүрэн телефоны нэвтрэлт Монгол Улсад  100 гаруй хувьтай байгааг харуулдаг. Шударга өрсөлдөөн ийм дэвшлийг авчирдаг юм. Бид төр захиргааны байгууллагатай хамтран дахин шударга өрсөлдөөнийг бий болгох боломжийг нээж байна. Хүссэн хүн болгон секундын алхамд шилжих ёстой. Хөрөнгө оруулалт, техник технологийн дэвшил, маркетингийн зардал, цалин хөлс бүх эрсдэлийг тооцож байна. Бид тодорхой хэмжээний эрсдэлийг үүрч энэ ажлыг эхлүүлнэ.

Барьцаатай холбоотой асуудал бол зээлийн үйлчилгээ юм. Банкнаас хүн зээл авахын тулд барьцаа өгдөг. Бид зээлийн үйлчилгээний  барьцаа чөлөөлөх ажил хийж байгаа учраас банкны хийдэг үйл ажиллагааг хийх болно. Хэрэглэгчид хүлээцтэй хандахыг хүсэж байна.

Б.Ариунаа


URL:

Сэтгэгдэл бичих