Дампуурсан Эрүүл мэндийн салбараа даруйхан шинэчлээч Н.Удвал сайд аа!!!
Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах тангараг өргөдөг эмч нарын армиас бүрддэг эрүүл мэндийн салбар дампуурсан гэхэд ч багадахаар дэндүү хэцүүдсэн салбарын нэг болоод байна. Энэ салбарын шинэхэн сайдаар “Шинэчлэл”- ийн хэмээх сүржин тодотголтой Засгийн газрын албан тушаалын бялуу хуваалтын нэгээхэн хэсгээс хүртэж чадсан Н.Удвал ахайтан тодорсон.
Та өөрийн удирдаж буй салбараа хээл хахууль авлигад идэгдсэн, хэдэн жил дараалан хэд дахин нэмэгдсэн санхүүжилт нь үргүй цацагдаж үнсэнд хийсч буйг хэлсээр хүлээж авсан. Харин ажлаа хүлээж авснаасаа хойш ард түмнийхээ дунд хэр орж үзсэнийг тань танаас нэг асуумаар санагдах юм. Цаас бичиг шагайж, сандал ширээ сахисан хэдэн даргын үгийг сонсож суух хооронд, ард түмэн чинь нялх хүүхдээ тэврээд шөнө дөл эмнэлгийн үүд сахин хэдэн цагаар сууж байна.
Эрүүл мэндийн даатгалын мөнгө гэж иргэн бүрээс авдаг хэрнээ үйлчилгээ үзүүлэх болохоороо “Унаа машин хүрэлцэхгүй байна. Үхээгүй л бол очиж чадахгүй. Ганцхан түргэн тусламжийн нэгдсэн төвтэй юм чинь чи яах юм бэ” гэсэн хатуухан үг шидсээр гэдийн суух утаснаас дүүжлэгдсэн мануухай нараар Монгол Улсын иргэдийн эрүүл явах эрхийг шийдүүлмээргүй байх юм.
Хүүхэд нь өвдсөн иргэн 103 руу залгахаар “Дүүргийнхээ хүүхдийн түргэн рүү ярь” гэдэг. Хүүхдийн түргэн рүү нь ярихаар тэнэг хүн ч хийж хэлж чадах энгийн зөвлөгөөг утсаар хэлж загнах. Тэгэхдээ бүр “Өвдөөд уйлж байгаа хүүхэд бүр рүү бид очиж чадахгүй. Унаа машин хүрэлцэхгүй, ачаалал их байна. Ганц танай хүүхэд өвдөж байгаа биш. Юун муу амтай юм.
Яаж ийж байгаад өөрөө эмчилчих” гэдэг гэвэл сайд та итгэх үү. Эцэг, эхчүүд ямар бүгд эмч биш, эмчилж чадахгүй, хүүхэд нь өвчиндөө шаналж уйлаад байгаа болохоор л учирлаж ярьж байгаа нь тодорхой шүү дээ. Харин утасны мануухай нар нь холын зайнаас айлын хүүхэд үздэг ид шидтэн болж хувирчихаад тэр гэх тэмдэггүй юм ярина. Дарга нарын хувьд утсаар залгаад л эмнэлэгт хэвтэж, энд тэнд дугааргүй үзүүлж, төлбөртэй том эмнэлэгт тухалдаг хүмүүс яаж ч мэдэхэв дээ.
Төсвөөс танадаг хэдэн зуун тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын тэр их мөнгөөрөө улиг домог болтлоо яриад ч дийлдэггүй нүсэр их ажил хийх гэж сэрүүн зүүдэлж байхаар дүүрэг болгонд бүсчилсэн түргэн тусламжийн төв бариад өгчихөж болдоггүй л юм байх даа. Үгүй юм аа гэхэд эмч, машиных нь тоог нэмж болохгүй юу. Ядаж тэгвэл эцэг, эхчүүд такси ч очихгүй, замаас хол гэр хорооллын гудамжаар харанхуй шөнө нялх үрсээ уйлуулан тэврээд алхахгүй л байх даа.
Иргэдээсээ татвар, даатгал гэж авч болсон юм томчуудыг нь эмчлээд гийгүүлдэггүй юм гэхэд Монголын ирээдүй болсон өвчтэй бяцхан үрсийг нь гэрт нь очиж үзэн эм бичээд, хүндэрснийг нь эмнэлэгт хэвтүүлээд өгч болохгүй юу? сайдаа. Та дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн үүдээр оройн 21 цагаас хойш ороод нэг үзээрэй.
Уйлж дуулсан, өвдөж зовсон хүүхдээ тэвэрсэн иргэд хэдэн зуун хүний ханиад нь холилдсон агаараар амьсгалаад жижигхэн өрөөнд шахдалдаад дугаарлан сууж байгааг та харна. Эрүүл мэндийн сайд, эмч хүн гэж сэтгэл чинь сэмэрдэггүй юм гэхэд эх хүн байна даа… “Энд л нэг арга хэмжээ авъя” гэж эрхбиш бодогдох байлгүй. Хэрэв тэгж бодоод ажилласан шиг ажиллаж чадах юм бол Монголын үе үеийн бэлгэ тэмдэг төдий байсан сайд нараас таны ялгарах ганц гол онцлог, хийж чадсан гайхалтай том гавьяа тань болох байх.
Эрүүл мэндийн сайдын хувьд биш юмаа гэхэд эх хүний хувьд танаас энэ гажиг тогтолцоог өөрчлөөч гэж саналаа хэлэх төдийд биш, бухимдсан сэтгэлээ гаргаж үгээ хэлж чадахгүй байгаа иргэдийнхээ өмнөөс гуйж байна. Цаана чинь төрөх эмнэлгийн барилгын мөнгийг тендер нэрээр идсэн нөхдүүд стандартад нийцэхгүй хэдэн блокоо өрж чадахгүй гацаж суухад эх орных нь ирээдүйг төрүүлэх эхчүүд эмнэлгийн шалан дээр эгнэж хэвтэн зовсоор л байна.
Нялх үрс нь өвдөөд эрүүл мэндийн төвдөө хэвтэх гэхэд “Оргүй” гэсэн шалтгаан сонсдог. Эцэг эхчүүд нь халаасны хэдэн цаасаа шавхдаг, мөнгө байхгүй нэг нь хүнээс мөнгө зээлээд ч болов хүүхдэдээ дусал хийлгэсэн болоод гэр рүүгээ буцаж байна. Монголын төрийн томчууд, сайд дарга нар л машин хөлөглөдөг болохоос дөнгөж гэр бүл болж буй залууст ямар юмных нь унаа байх вэ.
Шөнө болгон хүүхдээ тэврэн ирээд гурав дөрөв дахин хүүхдийнхээ нулимсыг баран эмнэлгийн үүднээс буцан байж арай гэж хэвтэнэ. Хэвтэх юм бол эмнэлгийн коридорт эвхдэг орон дээр шүү. Үүнийг харсан хэн ч Монголын төр ард түмнээ аврах биш алаг үрсийг нь алах бодлого зориуд биш юмаа гэхэд “зоосгүй” гэсэн үгээр эцэг эхийнх нь амыг таглан явуулаад байх шиг.
Энэ юу ч биш. Том хүн өвдөөд түргэн тусламж дуудах юм бол бүр ч инээдтэй юм болно. Түргэн дуудахаар “Яаж ийж байгаад өрхийн эмнэлэгтээ үзүүл. Шөнө дунд бол өөрөө юм уу хүнээр дамжлуулаад ч эмнэлэг бараад” гэдэг. Өвдөж байгаа хүн өөрөө явж байсан бол юу гэж түргэн дуудах вэ дээ. Монголын ард түмэн эрүүл мэндийн салбарын энэ дампуурлаас болоод барагтай бол түргэн дуудахгүй, дуудсан ч арга барсан үедээ л утас цохидог. Утас цохисных нь үр ашиг ховорхон гарна. Ихэнхдээ утаснаас дүүжлэгдсэн нөхдүүд ёстой амандаа орсон болгоныг чалчиж байгаа юм даа.
Иргэд “Өрхийн эмнэлэгт нь хэд үзүүлээд ч нэмэргүй. Хүндрээд байна” гэж хэлээд байхад жижүүрүүд нь “Хүний үг сонсохгүй юм. Очих арга алга” гэсэн хэдэн үг хэлэх. Хэрэгтэй хэрэггүй юм чалчсаар байтал хэдэн ч хүн хорвоог орхисныг хэлэхэд хэцүү болсон. Эрүүл мэндийн сайд нар нь цаас бөглөх тушаал шийдвэр гаргах дуртай юм бол ядаж ард түмнийхээ амьдралд буусан шийдвэр гаргах хэрэгтэй санагдлаа.
Хүүхдээ тэврээд шөнө хагасалж, Эрүүл мэндийн төвийг зорьсон ээж, аавуудын өмнө Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өрхийн эмчийн бичигтэй, түргэнээр ирсэн хүүхдийг л үзнэ гэсэн тэнэг шийдвэр томоос том бичсэн байхыг нь хараад уур хүрэхэд ч багадахаар байна. Түргэн нь хүн ардаа үхэхээс нь өмнө ирэх нь битгий хэл дуудлагыг нь ч хүлээж авахгүй, өрхийн эмнэлэг нь үзээд эмчилчихдэг байсан бол юу гэж хар шөнөөр хүүхдээ тэврээд гудамж даган алхах вэ дээ.
Хөгшчүүдийн хэлдгээр өвдсөн хүүхдийг уйлуулж, дааруулан гэр хорооллын нохой, согтуучуудын дундуур айлган байж авч явах ямар юм нь сайн байх вэ дээ. Ийм ч ядарсан төртэй байх гэж… гомдмоор юм. Монголын хүн ам бүгд эрүүл мэндийн даатгал төлсөн ч энэ бүхэн хэвээр байх вий дээ. Тиймээс дахин Эрүүл мэндийн сайдын гэх тодотголтой эрүүл бус амьдралд нийцдэггүй тогтоол шийдвэр, хэрээс хэтэрсэн шалтгаа эргэж нэг удаа ч болов хараад иргэддээ хүрч үйлчлэх цаг болсныг сануулах байна.
Сайд та энэ бүх асуудлыг ганцаараа шийдэж чадахгүй ч ядаж үргүй цацагддаг сургалт энэ тэрд зарцуулдаг мөнгийг нь түргэн тусламжийн төв, эмч, машины хүрэлцээ, төрөх эмнэлгийг нь ашиглалтанд оруулахад нь зарцуулаад өгөөч… Гуйя даа, сайд аа.
А.Галбадрах
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: