Дураараа үнэ зохиодог микро автобусныханд хэн хяналт тавих вэ?

Нийслэлийнхний толгойны өвчний нэг нь унааны асуудал байдаг. Ялангуяа өвлийн цагт том оврын автобус хүлээж зогссоноос микро автобусаар үйлчлүүлэх нь дээр хэмээн иргэд үздэг. Үнэндээ урин дулаан цагт ч яахав том оврын автобусаа хүлээгээд гэрийн бараа харчихна. Харин хөхүүрийн ам цаашилж, хүйтний эрч наашилж буй энэ үед хүмүүс хүссэн ч хүсээгүй микро автобусанд сууна.
Нийслэлд өдөртөө 1000 гаруй том оврын автобус явах шаардпагатай гэсэн тооцоо бий. Гэвч шугамд гардаг нь 889 автобус юм. Сая гаруй иргэний хөл дүүжлэх том оврын автобус оройн цагаар цөөрч энэ хооронд микро автобусны мөнгө хийх үе нь эхэлдэг гэж хэлж болно. Микроныхон үнээ оройн цагаар нэмдэг байсан бол өдөр ч өсгөдөг боллоо гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр микро авто бусаар хэрхэн үйлчлүүлснээ хүргэе.
Өнгөрсөн амралтын өдрөөр нэгдүгээр хорооллын 32-ын буудлаас “Нарантуул” зах явна гэсэн микро автобусанд суулаа. Уг микро автобус чихсээр байгаад 18 хүн суулгах нь тэр. Нугасандаа хүртэл дөрвөн хүн суулгав. Уг нь микроавтобусанд 12-13 хүн суух ёстой. Гэтэл хүн л суулгаж байвал тэдэнд үйлчлүүлэгчийн ая тух огт хамаагүй бололтой. Хуучин эндээс 700 төгрөгөөр явдаг байсан аж.

 

Гэтэл кондуктор хүмүүсээс 1000 төгрөг нэхэж бөөн хэрүүл үүсгэв. Ахимаг насны эмэгтэй “Та нар ингэж үнээ нэмэхээ болиоч ээ. Яахаараа 1000 болчихдог юм. 700 төгрөгөөр л явдаг байсан ш дээ” хэмээн бухимдаж хүн болгон та нар болиоч ээ хэмээн эгдүүцэв. Гэтэл кондуктор “1000 төгрөгөө төлж чадахгүй бол буучихгүй юу. Ямар албатай биш” хэмээх нь та нар буугаад өөр ямар унаанд суухав дээ гэсэн шиг аяглах нь тэр.

 

Хүмүүс ч ам, амандаа үглэсэн ч өнөөх нэхсэн 1000 төгрөгийг нь өгцгөөв. Зам сүлжин давхиж, бусдын дуунаас давахын тулд нүүрээ мэнчийлгэн чиглэлээ зарлах гээд микро автобусныхан хотын соёлд үнэхээр гологдож байна. Бүгчим агаар, микро автобусны тоос, шороон дээр хир даг болсон хувцас, гартай кондукторын ойр суухаас ч жийрхмээр харагдана. Ийм үйлчилгээг үзүүлчихээд яаж 1000 төгрөг нэхдэг байна гэсэн бодол хэнд ч төрөхөөр байв.

 
“Нарантуул” зах дээр буугаад хүмүүсээс микро автобусны үнийг асуувал, ‘‘3-4 буудал явахад л 700 төгрөг цаашаа явбал 1000 төгрөг болсон байна. Микро автобусны үнэд хяналт тавьдаг газар байна уу. Амнаас гарсан мөнгөө нэхдэг боллоо” хэмээв. Харин микроавтобусны жолооч нар, “Хүлээж, хүлээж нэг гардаг болохоор үнээ нэмэхээс өөр аргагүй” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

 
Бүтэн сайн өдөр оройн 21.30 цагийн үед Монгол III сургуулиас нэгдүгээр хорооллын 32- ын буудал хүртэл суувал 700 төгрөгөөр үйлчилж байна. 22.00 цаг хүртэл үйлчлэх том оврын автобус явахгүй байсан тул микро автобус руу зорчигчид уралдан гүйх аж. Хаашаа ч явсан 700 төгрөг хэмээх кондукторын үгийг хэн ч сөрсөнгүй. Нэгэнт унаа олдохгүй юм чинь гэсэн царайтай хүмүүс 700 төгрөгөө кондукторт сарвайна.

 

Гэтэл арын суудалд суусан эмэгтэйн хүүхдээс 700 төгрөг нэхэж буух, суух дээрээ тулав. Уг нь хүүхдээс 200 төгрөг авах ёстой ч оройн цагаар битгий хэл өдрийн цагаар ч мөрддөг микро автобус ховор хэмээн зорчигчид ам өрсөн ярьж байсан. Миний бие энэ удаад дуугүй байсангүй “Нийтийн тээврийн газраас микро автобусныхны үнийг тогтоож өгсөн.

 

Та нар 500 төгрөгөөр л явах ёстой шүү дээ” гэхэд “Ганцхан манайх 700 төгрөгөөр яваад байгаа юм биш ээ. Бүх микро автобуснууд энэ үнээр явж байгаа. Та 700 төгрөгөө өгөхгүй бол буучихгүй юу” хэмээн ам таглав. “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, Алт хийсэн ч сэгсэрнэ” гэгчээр микро автобусныханд үг хэлээд нэмэргүй гэдэг нь илт байв. Мөнгө нэмж авснаар тэдний үйлчилгээ нь сайжирна гэдэг үлгэр аж.

 

Хаалганы хажууд зогсоогоороо явах кондуктор хүмүүсийн дээгүүр эгээтэй л тэгнээд хэвтчихсэнгүй. Гэтэл 32-ын буудал хүртэл явна хэмээн суулгасан микро автобус Хархорин дээр очингуутаа “Цааш явахгүй” хэмээн иргэдийг буулгачихав. Энэ мэтчилэн микро автобусныхан иргэдээр тохуурхаж байна. Өдрийн цагаар цагдаа харагдвал “Нугасаа цэвэрлэ” хэмээн жолооч нар нь дүрэмдэж, кондукторууд нь “Доошоо тонгой, одоо болоогүй шүү” хэмээн зорчигчдоо элдэвлэх дүр зураг нийтлэг болчихсон.

 

Зорчигчид ч үүнд нь бүр дасал болчихсон, яг л кондукторын хэлснээр хийнэ. Үнэндээ микро автобусныхан иргэдийн эрэлт хэрэгцээг далимдуулан дураараа үнээ нэмж замын дүрэм зөрчих явдал хэрээс хэтэрлээ. Соёлын тухай тэдэнтэй яриад ч хэрэггүй. 1999 оноос хойш явсан микро автобусныхан 13 жилийн дотор төлөвшиж, соёлжиж чадсангүй.

 

Хөгжил буурай Африкт л хүмүүсээ орилж суулгадаг жишиг бий, Энэ байдлыг хумих талаар улиг болтол ярьсан ч өнөөг хүртэл цэгцлэгдсэнгүй. Уг нь журам гаргаад микро автобусыг цэвэр тохилог болгож үйлчилгээнд явуулахад болохгүй гэх газаргүй. Хойд хөршид микро автобус нийтийн тээвэрт явдаг ч манайхан шиг даацыг нь хэтрүүлнэ гэж байдаггүй.

 
Оройн цагаар хулгайгаар шугамд явах микронууд буудал алгасан дэвэн дэлхийг тойрон байж очих газраа хүрдэг гээд нийслэлийнхний унаагүйн зовлонг ашиглан дураараа тариф хүртэл зохиож буй энэ нөхдөд ямар хариуцлага тооцох вэ. Энэхүү зохиомол хөөрөгдлийн цаана иргэд идэж уухаа хугаслан илүүчилж суугаа нь тодорхой.

 
Бодит байдал ийм байхад Нийслэлийн нийтийн тээврийнхэн “Хангалттай унаа явж байгаа” хэмээн ярьсаар суух юм. Гэтэл ачир дээрээ иргэд оройн цагаар унаагүйдэж сууна. Өнөөх 889 автобус хаана байна. Өдрийн цагаар хөндөлсөж даналздаг хэрнээ яг амин чухал үед нийслэлчүүдэд хэрэг болохгүй унаагаар яах ч билээ дээ. Иргэд цагийн ямар ч баримжаагүй автобус хүлээсээр байх уу. 30-40 минут буудал дээр зогсох бол энүүхэнд гээд яриад байвал нийтийн тээврийхнийг тойрсон асуудал дуусахгүй биз ээ. Энэ мэт нийслэлчүүд унааны гачаал, хөөрөгдөлтэй үнээр зөөлгөсөөр өвөлтэй золгох нь.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: “Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих