Даатгал төлөгч жилд нэг сая 112 мянган төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй
Хэдхэн өдрийн өмнө эмчид үзүүлэх зайлшгүй шаардлага гарсан юм. Эмнэлэг рүү өглөө эрт очих боломжгүй учраас ажлынхаа заваар ухасхийв. Гэтэл эмчийн ширээний өмнө суухдаа л Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд нэг сая 112 мянган төгрөг гаргуулж, эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй гэдгээ мэдлээ.
Ямар ач холбогдолтойг нь мэдэхгүй эрүүл мэндийн даатгал гээчийг цалин бүрээсээ суутгуулдаг ч үр дүнг нь үзэлгүй явснаа ойлгов. Үүнээс санаа авч, эмчийн өрөөний үүдэнд дугаарлах иргэдээс эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг асуухад тун цөөн нь хагас дутуу мэдэж байв. Харин ихэнх нь осолтгүй даатгалын дэвтрээ авч ирснээр хямдралтай, эсвэл үнэгүй үйлчилгээ авна гэдгээ “ухамсарлажээ”.
Тиймээс эрүүл мэндийн даатгал гэж чухам яг юу болох, үүнийг төлөхийн ач холбогдлыг НДЕГ-аас тодрууллаа. Засгийн газраас энэ ухагдахууныг “Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм” гэж тодорхойлсон байна.
Нэг үгээр, хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин, зовлонгийн үед иргэдэд эмнэлгийн үйлчилгээ авахад нь зориулж байнгын сан байгуулсан хэрэг аж. Гэхдээ даатгал төллөө гээд бүх зардлыг сангаас гаргуулна гэсэн үг биш гэнэ. Өөрөөр хэлбэл, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтсэн бол тусламж, үйлчилгээний зардлын 10, улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлэгт хэвтсэн бол тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг иргэн өөрөө хариуцах ёстой юм байна.
Даатгалтай холбоотой түгээмэл асуулт, хариулт
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой иргэдийн “мэддэг” ч мэддэггүй асуултуудад НДЕГ-ын мэргэжилтэн хариулж байна.
-Хувийн эмнэлгүүдэд даатгалаас санхүүжилт олгодог уу. Хэрэв олгодог бол ямар журмаар олгож байгаа бэ?
-Урьд нь хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаас олгож байсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, одоогийн байдлаар нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээнд дунджаар 48500- 125110 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас олгож байна. Эдгээр нь улсын эмнэлгийн адил оношийн хамааралтай бүлгээр санхүүжиж байгаа тул энэхүү хэмжээ өөрчлөгдөж болно.
-Эрүүл мэндийн даатгал төлсөн хэрнээ ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй хүмүүст урамшуулал олгох зохицуулалт байна уу?
-Гурван жил дараалан эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүй орох эрхээр урамшуулж байна. Хэрэв та энэ болзлыг хангасан бол өөрийн харьяаллын Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, хүсэлтээ гаргаж болно.
-Энэ хүмүүс ямар тусламж, үйлчилгээ авах вэ?
-Энэ талаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан журмыг мөрдөж байна. Журамд зааснаар даатгуулагч дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, сүрьеэ, нүд, чих, хамар, хоолойн эмчийн үзлэгт орж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, цуллаг эрхтэн болон түрүү булчирхайн чанд авиан оношилгоо, зүрхний бичлэг, тархины цахилгаан бичлэг, нүдний уг дурандах, цээжний зураг авахуулах шинжилгээ хийлгэх үйлчилгээ авч болно.
-Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ хаяж үрэгдүүлбэл ямар журмаар дахин авах вэ?
-Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 10 хоногийн дотор орон нутгийн хэвлэлээр зарлуулан хүчингүй болгосны дараа харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж, 3000 төгрөгөөр шинээр гэрчилгээ авна.
-Даатгуулагч оршин суугаа газраасаа өөр газарт шилжвэл эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ заавал шилжүүлэх шаардлагатай юу?
-Хэрэв даатгуулагч оршин суугаа газраасаа өөр газарт шилжвэл шилжсэн болон шилжиж ирсэн газрын харьяа нийгмийн даатгалын байгууллагаар шилжих хөдөлгөөний тэмдэглэлийг эрүүл мэндийн даатгалын гэрчилгээндээ хийлгэх үүрэгтэй.
-Эмийн үнийн хөнгөлөлтийг даатгуулагч хэрхэн эдлэх вэ?
-Даатгуулагч өөрийн өрх /сум, баг/-ийн эмчийн жороор эмийн сангаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан үнийн хөнгөлөлт олгох эм авсан бол уг эмийн үнийн тодорхой хувийг даатгалын сангаас олгож үлдэх хувийг иргэн өөрөө төлнө.
-Даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үед эмнэлгийн байгууллагууд эм тариа, боолтын материалыг тухайн даатгуулагчаар гаргуулах тохиолдол маш их байна. Энэ зөв үү?
-Буруу. Эмнэлгийн байгууллагын нөөцөд байхгүйгээс даатгуулагчийг хэвтэж эмчлүүлэх хугацаанд эмчилгээнд шаардлагатай, өвчний түүхэнд бичигдсэн эм тариа, ороох, боох материалыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллага даатгуулагчид эм тариа, боолтын материалын үнийг бүрэн нөхөн олгох үүрэгтэй.
-Эмнэлэгт хэвтсэний дараа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох уу?
-Болохгүй. Эмнэлэгт очиж эмчилгээ, үйлчилгээ авахаас өмнө эрүүл мэндийн эрсдэлээс үүдэн гарах зардлаа нөхөн төлүүлэх зорилгоор шимтгэлээ зохих журмын дагуу төлж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ баталгаажуулсан байх шаардлагатай.
-Даатгуулагч хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлж болох уу?
-Болно. Гэхдээ тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн, ор бүхий хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд тогтоосон тарифын дагуу нийгмийн даатгалын байгууллагаас эмчилгээний зардлын төлбөр хийнэ. Харин аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл олгосон эмийн сангаар үйлчлүүлсэн даатгуулагч эмийн үнийн хөнгөлөлт эдэлнэ.
-Хэрэв даатгуулагч гадаад оронд эмчилгээ хийлгэх бол тухайн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх үү?
-Даатгуулагч нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан тохиолдолд эмчилгээний зардлыг даатгалын сангаас төлөхөөр хуулиар зохицуулсан.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: