Иргэний цахим үнэмлэхээр төлбөр хийдэг болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн уралдаанаар  төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээллийг сонсч, гишүүд санал солилцлоо. Монгол Улсын эдийн засаг  уул уурхайгаас хэт хараат байгаа талаар гишүүд санал бодол солилцохын зэрэгцээ цаашид манай улсын эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцлээ. Сүүлийн хоёр жилд 1,2 их наяд төгрөгийг  халамжид зарцуулсан ч дундаж давхаргыг дэмжих ядуурлыг бууруулах  үр дүнтэй ажил болж чадаагүй хэмээн үзэж байгаа юм. Хэдийгээр Монголд уул уурхайн салбар хөгжиж буй ч энэ салбарын ажиллагсдын хувь таван хувиас хэтрээгүй байна. Ойрын үед их сайндаа 10 хувь хүрэх төлөвтэй байгаа аж. Монголд ихэнхи ажлын байрыг бий болгогч ХАА-н салбар. Ажиллах хүчний 34 хувь нь хөдөө аж ахуйд ногдож буй ч өмнөхөөсөө зургаан хувиар буурсан судалгаа гарчээ. Иймээс иргэдийн тавхан хувийг ажлын байраар хангаж буй уул уурхайн салбар руу зүтгэх үү, мал аж ахуй, ХАА руу илүү хөрөнгө оруулах уу гэдэгт анхаарах цаг болсныг гишүүд ярилцлаа. Мөн өнгөрсөн жилүүдэд  30 хувьтай байсан ядуурлын төвшин буураагүй байна.  Нийт иргэдийн 80 хувь, дундаж орлоготой иргэдийн 35 хувь нь инфляцид өртсөн судалгаа гарсан байна. Үүнтэй холбоотойгоор 2013 оны мөнгөний бодлогыг юунд чиглүүлэх вэ гэдгийг бүлгийн хурлаар хэлэлцжээ. Нэн түрүүнд хүчтэй дундаж давхарга  бий болгоход Төрийн мөнгөний  бодлогыг чиглүүлэх юм байна. Барьцаа хөрөнгийн үнэлгээг сайжруулах, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, арилжааны банкны мөнгөний эргэлтийг түргэсгэх зэрэг арга хэмжээ авахаар болов. Хэлэлцсэн асуудалтай  холбогдуулан Орон сууцны нийлүүлэлт  эрэлтийн өсөлтийг гүйцэхгүй байгаа  нь   орон сууцны үнийн хөөсийг нэмэгдүүлж байгаа учраас дунд давхаргын иргэдийг моргейжийн  зээлд хамруулж, бэлэн бус гүйлгээг дэмжих эрхзүйн орчныг сайжруулах нь зүйтэй  гэж бүлгийн гишүүд үзлээ. Түүнчлэн бэлэн бус гүйлгээг  нэмэгдүүлэх зорилгоор  иргэний цахим үнэмлэхээр төлбөр, тооцоо хийдэг болох, ирэх жилийн эхний хагаст багтааж ийм тогтолцоонд шилжих зорилт тавихаар болов. Нийт 13 банкны үйл ажиллагааг хүүхдийн мөнгө олгоход чиглүүлж цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр боллоо.

Ч. Батцэцэг

www.unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих