Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Намбарын Энхтуяа гэгч хэн бэ?

Сүхбаатар дүүргийн шүүхээс авилгалын хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт түүний төрсөн дүү Н.Энхтуяаг сэжиглэн, Интерполоор сурвалжилж байгаа. Н.Энхтуяа нь 2004 оноос хойш АНУ болон Сингапурт ажиллаж амьдарч байгаа юм.  Түүнээс хойш хэд хэдэн удаа Монголд богино хугацаагаар ирээд явсан байна.

Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа гэгч хэн бэ?

Н.Энхтуяа гэгч нь 1960 оны хоёрдугаар сарын 29-нд төрсөн. Тэрээр Улаанбаатар хотод төрсөн. Монгол, Орос, Англи хэлтэй. Засгийн газрыг төлөөлөн далайн асуудал хариуцсан төлөөлөгчөөр Сингапурт ажиллаж амьдарч байв. Түүнийг Монголын хөлөг онгоцонд хориотой бараа тээвэрлэдэг, Төрийн далбаа зардаг хэмээх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Харин тэрээр усан онгоц бүртгэдэг компанийн бүртгэгчээр ажилладаг байжээ.

1
1

Мөн түүнийг “Blue sky tower” буюу олны ярьдгаар сэлмэн барилгын нууц эзэнтэн гэдэг. Тэрээр тус барилгад 27 сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг ажээ. Тиймээс түүнийг уг хэргээр АТГ, ТЕГ хамтран шалгаж байв.

Ингээд Н.Энхтуяа нь ахынхаа хэрэгт ямар сэжмээр холбогдсоныг цухас дурьдвал,

Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөсөө буумагцаа бизнесийн зөвлөгөө өгдөг “Эскон” нэртэй компани байгуулсан байдаг. Компанийн 25 хувийг түүний шадар туслахаар ажиллаж байсан, одоогийн БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, 75 хувийг Н.Энхбаяр өөрөө эзэмшдэг байжээ. Харин 2010 онд энэхүү компаниа дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээр шилжүүлсэн байна. Гэвч компани шилжүүлэх гэрээг хуулийн дагуу болоогүй хэмээн хуулийнхан үздэг.

Мөн гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаа дүүгийнхээ нэр дээр компаниа шилжүүлсэн нь Н.Энхбаяр өөрийн өмч хөрөнгөө нуун дарагдуулахыг оролдсон хэмээн шүүхээс үзсэн билээ. Энэ үед Н.Энхтуяа Сингапурт байрладаг усан онгоц бүртгэдэг компанийн бүртгэгчээр ажиллаж байжээ. Хэдийгээр Н.Энхтуяа нь Монголд суурин байгаагүй ч компанийхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан нь баримтаар нотлогдоод байгаа юм байна. Тэгэхээр Монголд байдаггүй хүний өмнөөс хэн нэг нь хуурамч гарын үсэг зурж, үйл ажиллагааг нь зохицуулдаг хэмээн сэжиглэж, түүнийг зайлшгүй шалгахаар болжээ. Тиймээс Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм байна.

“Media холдинг” компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ хувьцааг авсан Н.Энхтуяа удалгүй “Эскон” компаниа “Media холдинг”-д нэгтгэж захирал болсон ажээ. Ингээд ахынхаа оруулж ирсэн ТВ9 телевизэд хөрөнгө оруулалт хийж ирсэн гэдгийг албаныхан зарласан билээ. Цаашлаад хамаатан садны гэмт хэрэг “Улаанбаатар таймс” НӨҮГ-т халджээ. “Улаанбаатар таймс” сониныг их хэмжээний өр төлбөртэй байхад До.Чулуунбаатар ахлагчтай баг худалдаж авсан. Ингэхдээ 1.7 тэрбум төгрөгөөр объектүүдийг үнэгүйдүүлсэн байдаг ажээ. Ингэж авахдаа До.Чулуунбаатар нар нь Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан юм байна. Ингэхдээ өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон гэдэг нь хавтаст хэрэгт бий. Хожмоо “Улаанбаатар таймс” НӨҮГ-ын хувьчлалд оролцсон “NT” холдинг компани нь буцаад Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжжээ.

Ийнхүү Н.Энхтуяа ахынхаа бэлэглэсэн компанийг авснаар Н.Энхбаярын гэх тодотголтой долоон тэрбумын дуулиант хэрэгт холбогдсон байна.
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих