Ордны дундаас “цоройх” ордон
Таван жил ярьж, гурван жилийн өмнөөс бараг мартсан Парламентын ордны барилгыг УИХ-ын удирдлагын хүрээнд сөхөж эхлээд байна. УИХ-ын гишүүн асан, Элчин сайд К.Саираан арабын ертөнцөд Монгол Улсын нүүрийг тахалдаг хүний хувьд найман жилийн өмнө Кувейтээс УИХ-д зориулан ордон барих мөнгө тусламж болгон оруулж ирсэн юм. Төрийн гурван өндөрлөг нэг дор, нэг ордонд суух нь аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй гэж УИХ-ыг тусад нь гаргах гэсэн хэрэг л дээ. Тухайн үеийн ханшаар 12 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэдэг. Тэр үеэр энэ асуудлыг УИХ-аар шуурхай ярьж, Кувейтийн тал барилгын ажлыг гүйцэтгэх компанийг нэрлэж, мэргэжилтнүүдээ ирүүлэн газар дээр нь судалгаа хийлгэж байв. 2004-2008 оны УИХ-ын үед Сангийн яамтай Кувейтийн тал бичиг солилцож байсан удаатай.
Гэвч ордноо барих дээрээ тулахаар газар олдохгүйн хяслан нүүрлэсэн. Өргөн уудам газар нутагтай Монголд ганц ордон барих талбай олдохгүй гэхэд кувейтчүүд их гайхсан юм гэнэ лээ. Төрийн ордны арын цэцэрлэгийг буулгаж барих гэсэн нь УИХ дахь Ногоон бүлэг, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Г.Баярсайхан, С.Оюун нарын гишүүд мод тарьж, сэтгүүлчид ч тэдэнтэй нэгдэж байв. ИЗН-ынхан мод, бут бүрийг тоолж, үнэлгээ тогтоолгосон. Тэгэхээр нь нэг ч мод гэмтээлгүй дөрвөн баганан дээр “дүүжин” маягийн ордон барина гэж нэг хэсэг шуугив. Орос ардын үлгэрийн “Баба Яга”-гийн байшин маягийн юм төсөөлөгддөг байлаа. Ордны арын Тамганы хөшөөг “унуулж” дээр нь барина гэж бас үзсэн.
Тэгээд болохгүй болохоор нь Яармагийн дэнж, Их тэнгэрийн ам гээд баахан газар нэрлэсэн ч бүтээгүй. Бүр байчихаад Дархан-Уул аймагт барина. Гишүүд өглөө Дархан руу гараад орой ирж байх юм. Зарим нь Дарханд амьдарна гэж үлгэр зохиосон. Хархоринд байгуулна ч гэж үзсэн байх. Нийслэлийн хойд хэсэгт, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард барих гэсэн ч мөнх цэвдэгтэй гээд больсон юм гэсэн.
Төрийн ордны зүүн талын хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг нурааж оронд нь барих санал гарч байсан ч “нууц” ноёнтноос нь эмээгээд тэгэх зүрхтэн олдоогүй.
Ингэсээр шинэ ордны сураг бараг тасарч мартагдаад байтал дахин сэргэж байна. Анхны мөнгө нь ханшийн уналтаас болоод одоо ордон барихад хүрэхээ больсон дуулдсан. Гэхдээ мөнгө нэмэрлэж байгаад босгоод авах гэж байгаа бололтой.
УИХ-ын дарга З.Энхболд ордны арын цэцэрлэгт гар хүрэхгүй гэдгээ хэлж байсан. Яван явсаар асуудал шийдэгдэж байх шиг байна. Яаж шийдэх вэ гэхээр Төрийн ордны цогцолбор дунд хоёр талбай байдаг юм. Нэг нь усан оргилууртай, нөгөө нь Н.Батбаяр гишүүний “нэрэмжит” эмэгтэй хүн оруулдаггүй гэх төрийн галын тахилгын өргөө. Тэр өргөөнд өдгөө ч бараг эмэгтэй хүн шагайдаггүй, зөвхөн эрэгтэй хүн цэвэрлэдэг юм гэсэн. Тэр гэрийг буулгаж буурин дээр нь шинэ ордныг барихаар ярилцаж буй сураг гарлаа.
Өөрөөр хэлбэл, ордон дундаас нэг шинэ ордон “цоройгоод” гараад ирнэ гэсэн үг. Ийм нэг байж болох хувилбарыг одоогоор ярьж эхэлжээ. Дахиад сураг нь тасрахгүй бол энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шинэ ордон сүндэрлэх бололтой. Газар нь давчуу тул өндөр нарийхан “харандаа” маягийн ордон босох юм болов уу даа.
Ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газрын 1000 шахам ажилтан ажилладгаас ачааллаа дийлэхээ больжээ. Төрийн ордныг урагш сунгаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын тал нь тэнд орсон ч ордон давчуу болсон тул аюулгүй байдал гэхээсээ илүү арай чөлөөтэй суух гэж УИХ-ын зүгээс шинэ ордын асуудлыг дахин сөхөж эхлээд байна.
ТОЙМЧ: Д.ОЮУНЦЭЦЭГ
URL: