Э.Ганболор: “Камертон” шиг хамт амьдардаг болох юмсан гэж мөрөөддөг байлаа
“Sweetymotion”хамтлагийн дуучин Э.Ганболортой ярилцлаа.
-”Sweetymotion”хамтлагийн 15 жилийн ойн тоглолт болох гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Манай хамтлагийн ойн тоглолт арваннэгдүгээр сард болох гэж байна. Энэ тоглолт бид гурвын хувьд их чухал тоглолт болох юм. Анх юугаа ч мэдэхгүй гурван охин дуулж эхэлснээс хойш 15 жил өнгөрчихөж. Тиймээс баярынхаа өдрийг үзэгч олонтойгоо хуваалцмаар байна. Энэ жил ер нь олон үйл явдал давхцаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд бид ээж нартаа зориулж тоглосон. Удахгүй Чинбаагийн маань тоглолт болох гэж байна. Энэ бүхэн маань хамтлагийнхаа ойг угтсан ажлууд байлаа. Одоо харин арваннэгдүгээр сарын 17-нд Буянт-Ухаагийн спорт цогцолборт ойн баярын маань тоглолт болно. Үзэгчид биднээс их зүйл хүсэн хүлээдэг. Ялангуяа Америкаас ирснээс хойш нэлээн шоу маягийн тоглолт хүлээж байгаа байх. Бид ч гэсэн үзэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээж байна. Тоглолтын найруулга дээр “On\’n off” продакшнтай хамтран ажиллаж байгаа. Монголд урьд өмнө болж байгаагүй тоглолт байгаасай гэж хүсэж байна.
-Саяхан болсон “Номин талст” хамтлагийн тоглолтын үеэр танайхан хамтарч дуулсан. Тэр дуу бас танай хамтлагийн ойтой уялдаатай байжээ?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд рок попынхны шинэ жилийн баяраар “Номин талст”-ынхантай уулзсан юм. Тэр үед 15 жилийн ойн тоглолт хийнэ гэж ярьж байсан. Тэгэхээр нь бид бас “Бид хэд бас 15 жилийн ойн тоглолт хийх гэж байгаа” гэдгээ хэлсэн. Тухайн үедээ “Номин талст”-ынхан “Та нар чинь бид нараас хойно гарч ирсэн биз дээ” гээд манайхан болохоор “Та нарыг дуулаад явж байхад бид гэртээ нам жим өөрсдийгөө бэлдэж байсан байхгүй юу” гээд инээлдэж байлаа. Тэгсэн сүүлд Хаянаа “Хэдүүлээ нийлээд ойдоо зориулсан дуу хийе” гэсэн санааг гаргасан юм. Харин хэнээр хийлгэх вэ гэж ярилцаж байхад яг тогтсон хүнгүй болчихоод байлаа. Хамгийн гол нь үгэн дээрээ нэлээн гацсан. Тэгээд байж байтал Хаянаа маань бас нэг өдөр янзын санаа олчихлоо гээд ороод ирсэн. Тэр нь өөрсдийнхөө дууны нэрээр бадаг зохиочихсон байсан юм. Бид хэд ч өнөөхийг нь дуурайгаад дуунуудынхаа нэрийг холбосон чинь үнэхээр гоё болоод. Ингээд дахилтыг нь Ж.Мөнхбатын үгээр оруулаад ойн баярын дуутай болчихсон юм. Хүмүүс яаж хүлээж авсан юм бүү мэд. Ямар ч байсан бид сэтгэл хангалуун байгаа шүү.
-Тоглолтод Солонго, Сэрчмаа нарын хуучин бүрэлдэхүүнд байсан дуучид оролцох болов уу?
-Бид одоохондоо саналаа тавиагүй байна. Манайхны зүгээс ямар ч байсан тоглолтод оролцох урилгаа өгч, санал тавина. Угаасаа Солонгоогийн маань хувьд манай хамтлагийн 15 жилийн насны талаас илүү хугацаанд хамтдаа байсан. Тийм болохоор бидэнтэй хамт баярлах болов уу гэж бодож байгаа. Солонгоогоос гадна Сэрчмаа маань эхний хоёр жил бидэнтэй хамт байсан. Тиймээс ямар ч байсан ойн тоглолтод оролцооч ээ гэж саналаа тавина. Нөгөө хоёрын маань ажлын цаг зав таарвал оролцох болов уу. Ямартай ч бид гурав оролцоосой гэж маш их хүсэж байгаа.
-АНУ-аас уран бүтээлчид ирж оролцох болов уу?
-Энэ удаагийн тоглолтод гадныхан оролцохгүй. Монголынхоо чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллах юм. Чинбаагийн тоглолтод ч гэсэн манай өөрсдийн уран бүтээлчид оролцоно. Өмнөх хоёр ч тоглолтод гадны хөгжимчид оролцсон шүү дээ.
-15 жилийн өмнөхийг эргэн дурсая. Тэр үед нэрд гарах мөрөөдөл тээсэн охидууд байсан биз?
-15 жилийн өмнөх яг энэ үед Чинбаатай дөнгөж танилцаад байж байлаа. Яг л аравдугаар сарын дунд үед юм байна. Чинбаа, Сарнай хоёр нэгэн тоглолтын үеэр танилцаад удаагүй байсан юм. Тэгээд дараахан нь бидэнтэй танилцсан. Тэр үед Чинбаа бидэнд “Та нар гоё уран бүтээл гарга. Урлагийн ертөнц гэдэг том орон зай” гэж хэлж байлаа. Тэр үед Чинбаа “Никитон”-д байсан юм. Бид хэд чинь дөнгөж сургуулийн хэдэн охин. Анх Чинбаагийн ярьж байгааг сонсоод хэт холын мөрөөдөл мөртлөө хүрч болох ч юм шиг санагдаж байсан юм. Тэгээд анхны уран бүтээл болох “Анхны бороо шөнө ордог” дуугаа хийж байлаа.
-Тэр үед хамтлаг дуучид хамт амьдардаг байсан байх аа?
-Яг тэгж байлаа. Дөнгөж байгуулагдаад удаагүй байхдаа телевизийн ярилцлагад орсон юм. Тэгэхдээ та нарын мөрөөдөл юу вэ гэсэн хөтлөгчийн асуултад “Камертоныхон шиг хамт амьдармаар байна” гэж байлаа. Тухайн үед үнэхээр л Камертоныхон шиг хамтдаа амьдрах юмсан гэж мөрөөддөг байсан юм. Удалгүй ээж нарынхаа шийдвэрээр Сарнайгийнд хамтдаа амьдрах болсон. Сэрчмаа, Сүндэрээ, Сарнай, Чинбаа бид тав хамт амьдарч эхэлсэн дээ.Сүүлд Америкт очсон хойноо ч гэсэн Чинбаагийн эгчийнд амьдарч байлаа.
-Одоо юу мөрөөддөг вэ?
-Одоо мэдээж арай өөр зүйл бодно. Хамтдаа олон жил дуулах юмсан л гэж бодож байгаа. 50, 60 нас хүрчихээд дуулж байвал гоё биз дээ. Тина Тёрнер шиг тайзан дээрээ дуулж байвал гэж мөрөөдөж байна даа.
-Чинбаа, Сарнай хоёр бүл нэмсэн. Охин нь танай шинэ гишүүн шиг л байр суурь эзэлж байна уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Чинбаа маань манай хамтлагийн ганц эр хүн хэвээрээ л байна. Уг нь эрэгтэй хүүхэд төрүүлээд Чинбааг ханьтай болгоно гэдэг байлаа. Тэгсэн охидын дунд ганц эр хүн хэвээрээ л байна. Тэр хоёрын охин мэдээж хэрэг бидний амь. Нэгд ээж нь, хоёрт Сүндэрээ бид хоёр, тэгээд аав, эмээ нар нь орж байх шиг байна даа.
-Уран бүтээл туурвиж эхэлснээс хойш хэзээ өөрсдөөрөө бахархаж байв?
-Хамгийн анхны тийм мэдрэмж “Никитон”-ы хаалтын тоглолт дээр төрж байсан юм. Тэр үед бид нар ард нь хоолой хийдэг байлаа. Орой нь тоглолт тараад алхаж явтал залуучууд араас биднийг дуурайж дуулаад. Тэр үед их гоё санагдаж байлаа. “Хүүеэ бид нарыг хүмүүс таньдаг юм байна ш дээ” гэж баярлаж байсан юм байна. Маш сонин мэдрэмж байсан. Дараа нь бас Ариунаа эгчийн тоглолтод ороод хүмүүст танигдаж эхэлсэн байх. Бас нэг гоё дурсамж гэвэл бидний “Санахуй” гэж дуу FM-ээр явж эхэлсэн үе. Тэгэхэд ёстой нэг хагартлаа баярласан байх аа. Тэр гэрт юу болж байгаа юм бүү мэд. Бүгдээрээ орилж хашхираад гоё байсан шүү.
-Амжилт гаргасныхаа дараа өөрсдийгөө хэрхэн урамшуулж байсан бэ?
-Бид аливаа уран бүтээл эхлэхийн өмнө юмуу, тоглолтоо сайхан хийчихвэл хамтдаа суугаад баяраа тэмдэглэнэ. Гэхдээ их цомхон баярлачихдаг юм. Сарнай маань бид хэдэд гарынхаа хоолыг хийж өгөх дуртай. Тэр хоолыг нь идээд, оргилуун дарс буудуулаад сайхан ярьж суудаг юм. Шинэ ажил эхлэхдээ ч гэсэн иймэрхүү маягаар эхлүүлнэ. Ер нь их ажлын үед ч гэсэн гурвуулхнаа нэг уулзъя гэж байгаад хамаг ажлаа зогсоогоод нэг газар орж буу халж суудаг. Тэгэхгүй бол ажил, уран бүтээл гэж явсаар байгаад нэг мэдэхэд бие биедээ анхаарал тавихгүй ч байгаа юм шиг, нэг нэгээсээ холдоод байгаа ч юм шиг болчихдог юм.
-Эмэгтэйчүүд хоорондоо муудах, сайндах зүйл гарна биз дээ?
-Өө гарна ш дээ. Хамтлаг дөнгөж байгуулагдаад хамт амьдарч эхлэх үед ойлголцохгүй зүйл мэдээж хэрэг гардаг байлаа. Гэхдээ тэгтлээ муудалцаж байсан удаа байгаагүй юм байна. Нэг нэгдээ гомдох, олон хоног юм ярихгүй удах бол мэдээж хэрэг байсан. Одоо харин харцаараа ойлголцоно гэдэг л болчихож. Болохгүй юм гарлаа гэхэд сайхан ярилцчихна. Эсвэл бүүр яримааргүй байвал мессэж биччихнэ. Хэлэх гэсэн зүйлээ хэлчих амар шүү дээ.
-Та нарыг АНУ явах үед хамтлаг, дуучдын дунд янз бүрийн уралдаан зохиогддог байж. Пентатоник наадмаас шагнал авсан хамтлаг жинхэнэ од болж байлаа шүү дээ?
-Харин тийм. Гоё наадмууд зохиогдохоо больчихсон нь харамсалтай. Биднийг явахаас өмнө “Пентатоник”, “Алтан микрофон” зэрэг том том наадам болдог байлаа. Гоё шүү дээ. Тэрэнд оролцох гэж догдолно, хүлээнэ. Одоо харин тиймэрхүү уралдаан байхгүй болчихож. Явахаасаа өмнө “Пентатоник”-ийн шилдэг дебют гэсэн шагналыг бид авсан шүү дээ.
С.АЛТАНЦЭЦЭГ
URL: