“Амин дэмийн эх булаг”, “Жүржийн зөөлөн амт” гэсэн сайхан үгсийн цаана эрүүл мэндэд чинь аюул заналхийлж байна
ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр үндэсний хэмжээнд шүүс үйлдвэрлэдэг “гэх” аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй уулзсан. Байгалийн 100 хувийн жүүс гэсэн шошготой, олон түмэнд тэгж ойлгогдохуйцаар рекламддаг эдгээр бүтээгдэхүүний тухай О.Магнай асуулга тавьжээ. “Үнэхээр гаднаас жимс оруулж ирээд шүүс шахдаг юм уу, эсвэл сироп оруулж ирээд, устай найруулж зардаг юм уу” гэхэд үйлдвэрлэгчид “Монголд угаасаа гаднаас жимс оруулж ирээд жүүс хийдэг нэг ч компани байхгүй” гэж хариулж байна. Гэтэл үндэсний томоохон үйлдвэрлэгчид өдийг хүртэл хэрэглэгчдийг юу гэж хуурч ирснийг сонирхоё.
Мон Фрэш ХХК-ийн “Амин дэмийн эх булаг”
МонФрэш шүүс компани нь төрөл бүрийн жимс ногооны шүүс, сүү, ус, ундаа болон бусад шингэн төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан савлах үйлдвэр байгуулахаар 1999 онд үүсгэн байгуулагдаж, үе шаттай төсөл хэрэгжүүлэн Шведийн ТЕТРА ПАК компанийн технологи,тоног төхөөрөмж бүхий 509.0 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр 250 мл-ийн савлагааны шугамтайгаар байгуулагдан 100%-ийн Алимны цэвэр шүүсийг үйлдвэрлэн анх зах зээлд нийлүүлсэн билээ. \Энд алимны цэвэр 100%-ийн гэсэн байна. сур\
Эдүгээ манай үйлдвэр нь дэлхийд нэртэй ТЕТРА ПАК компанийн бүрэн автомат ажиллагаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд одоогоор 10,320,348,000 төгрөгийн дүрмийн сантай 90 гаруй ажилчинтай, хоногт 140 тонн ус, ундаа, шүүс үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, 30 гаруй төрлийн нэрийн бүтээгдэхүүнээ ТетраПак болон хуванцар /PET/ савлагаатайгаар үйлдвэрлэн хэрэглэгчидэд хүргэж байна. Бидний үйл ажиллагааг төр засгаас өндрөөр үнэлж ХХААЯ-аас “Улсын Тэргүүний Хүнс Үйлдвэрлэгч Аж Ахуйн Нэгж”, “Нийслэлийн шилдэг аж ахуй нэгж” “Шилдэг үйлдвэр” гэх мэт эрхэм хүндтэй цолоор шагнасан билээ.
Бид ойрын үед лууван, чацаргана, улаан лооль зэрэг түүхий эдээ Монголдоо боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр Монгол орныхоо хөдөө аж ахуй хүнсний салбарт төдийгүй хүнсний ногооны тариалалт, өсөлт хөгжилд тодорхой хувь нэмэр шинэчлэл оруулж байгаа хэрэг болно гэж зорилт тавин үе шаттайгаар эхлүүлээд байна.
МонФрэш компанийн вэб сайтад бүтээгдэхүүнээ ингэж рекламдсан байна.
Харин Витафит ХХК-ийнхан бүтээгдэхүүнээ ийн танилцуулжээ.
“Бид Анар болон Гоё брэндүүдийн шошго болон савны шинэчлэл, Анар брэнд дээр Алое, Хад, Анар зэрэг шинэ төрлүүд, Гоё брэнд дээр ногоон чавга, цагаан усан үзэм, алимны шүүс, зөгийн бал лийртэй цай, ойн жимстэй цай зэрэг шинэ төрлүүдийг нэмж үйлдвэрлэж байна. Мөн шинэ усны үйлдвэр байгуулж хуучин хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ усны сав баглаа боодол, шошгийн шинэчлэл хийн, мөн шинэ технологи нэвтрүүллээ.”
Тэд зөвхөн сав, баглаа шошгондоо ач холбогдол өгч, өөрөөр хэлбэл хүний биеийн эрүүл мэндэд тийм ч сайн биш бүтээгдэхүүнээ сурталчлан, борлуулах тал дээр их анхаардаг бололтой юм. Гаалийн мэдээллээр бол шүүс үйлдвэрлэгчид хилээр их хэмжээний нектар оруулж ирдэг байна. Нектар нь бидний нэрлэж заншсанаар сироп аж. Иймд монголын жүүс үйлдвэрлэгчид “сэргээсэн”, “өтгөрүүлсэн” гэх мэтээр үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг энэ удаагийн хуралдаанаар онцгойлж санууллаа. Гэхдээ үйлдвэрлэгчдээс чамгүй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үйлдвэрлэгчид “Бид их хэмжээний шошго үйлдвэрлэсэн. Түүнийгээ дуусгаж байж шошго наана”. “Бид үүнийг 14 хоногт яаж хэрэгжүүлэх юм” гэх мэт тайлбар хэлсэн. “Жүржийн зөөлөн амт” хэмээн рекламддаг “Витафит” компани гэхэд “Манай компанид яг одооны байдлаар 51 нэр төрлийн 46 сая шошго байна. Энэ нь 940 мянган ам.доллар буюу нэг тэрбум 320 сая төгрөгийн шошгоны үлдэгдэл байна гэсэн үг” хэмээн хуучин шошгоо дуустал худалдаа явуулахыг хүссэн юм. Уншигч та бүхэнд нектарын тухай дэлгэрүүлж мэдээлэх болно. “Жүржийн зөөлөн амт”, “Амин дэмийн эх булаг” гэсэн сайхан үгс ямартаа ч цэвэр 100%-ийн шүүсний илэрхийлэл биш бололтой.
Д.Саранчулуун
URL: