Та эрүүл мэндийн даатгал төлөөд ямар үйлчилгээ авахаа мэддэг үү?
Магадгүй, бидний олонхи нь энэ асуултад яг таг тодорхой хариулт хэлж чаддаггүй. Тийм болохоор бид энэ удаа таны мэдлэгт нэмэр болох зорилгоор дараах асуултад Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэнгээс дараах мэдээллийг авсан юм.
Хэрвээ та өвдвөл даатгалын сангаас хэдэн төгрөгийн үйлчилгээ авах вэ?
Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар нэг иргэн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлэхэд ногдох зардлын хэмжээг тогтоодог байна. Энэ ногдох зардлын дагуу даатгуулагч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг аж.
Жишээ нь, улсын эмнэлэгт хэвтэж эмчлүүлбэл оношийн хамааралтай бүлэг бүр өртгийн жинтэй бөгөөд дээрх тушаалаар баталсан суурь төлбөр нь 200.000 төгрөг юм. Өвчтөний тусламж, үйлчилгээний зардлыг 115 оношийн хамааралтай бүлгээр тогтоодог. Хамгийн хүнд болох зүрхний мэс засал хийлгэсэн тохиолдолд 536,0 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас жилд нэг удаад төлдөг. Хамгийн бага зардалтай нь эрүү нүүрний эмгэг байдаг.
Хэрвээ даатгуулагч эрүү нүүрний ямар нэгэн эмгэгийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай бол 108 мянган төгрөгийг эрүүл мэндийн сангаас төлдөг. Ингэхээр 115 оношоос хамааран 108-536 мянган төгрөг хүртэлх хэмжээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас нэг удаагийн тохиолдолд төлнө гэсэн үг.
Харин нийт тусламж, үйлчилгээний төлбөрийн 10-15 хувийг даатгуулагч өөрөө хариуцан төлөх үүрэгтэй.
Хэрвээ хоёрдугаар шатлалын аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хэвтэж байгаа бол нийт зардлын 10 хувийг, гуравдугаар шатлалын эмнэлэг болох жишээ нь П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Клиникийн нэгдүгээр эмнэлэг зэрэг нарийн мэргэжлийн төрөлжсөн улсын эмнэлгүүдийн хувьд 15 хувийг даатгуулагч өөрөө хариуцаж төлөх юм байна. Үлдсэн 90-85 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг аж.
Б.Туул
URL: