Л.Эрхэмбаяр МоАХ-ын төдийгүй Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагаж явна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль бус үйлдэл бүхний эсрэг хийж буй алхам бүхэн ард түмэнд таалагдаж олон хүн “Ийм л шударга ёсыг, ямар ч өндөр албан тушаалтан хуулийн өмнө жирийн иргэнтэй ижил тэгш байх цаг ирнэ гэдгийг хүлээж байлаа” гэцгээж байна. Гэтэл түүний зөвлөх Л.Эрхэмбаяр Ерөнхийлөгчийн бодлого, шийдвэрийг тэрслэх мэт хууль зөрчиж явна. Учир нь тэрбээр УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн. Тэрбээр Сонгуулийн дүнг нэгтгэсэн албан ёсны тогтоол Сонгуулийн Ерөнхий Хороонд оччихоод байхад тэрхүү тогтоолыг үгүйсгэн, тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэгтэй үгсэн зөвхөн тэдний л мэдэх 43 дугаар тогтоол гэгчийг хуурамчаар үйлдэн Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгээд байгаа билээ.

Тус тойргийн хорооны дарга Б.Ганцэцэг хорооны гишүүдээ талцуулсан хоёрдмол утгатай дүн гаргаж ирсэн, хүчинтэй саналаас тоолж сонгогчийн хувийг гаргасан хууль бус үйлдлийг тодорхой баримтуудаар нотлогдсон. Гэтэл Сонгуулийн Ерөнхий Хороо зөвхөн нэг л тогтоол хүлээж авсан. Тэр бол УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 тоот тогтоол юм. Энэ тогтоолын дагуу одоогийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг нар сонгогдсон гэдгийг албан бичгээр Захиргааны хэргийн шүүхэд тайлбарласан байдаг. Тэгэхээр Б.Ганцэцэг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэрэг гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Уг нь Л.Эрхэмбаяр, Б.Ганцэцэг нарын хүслээр асуудлыг шийдье гэвэл тойргийн хорооны дарга нь гарын үсэг зурах нь байтугай харж ч байгаагүй, СЕХ-нд хэзээ ч хүргэгдээгүй тогтоолд үндэслэн сонгуулийн дүнг гаргах ёстой гэнэ ээ. Заавал шүүх  цагдаа гэлтгүй намынх нь жирийн гишүүн ч ийм зүйл байж болохгүй гэдгийг мэддэг. Ийм бусармаг, ардчиллын үнэт зүйл болох ард түмний санал хураалтын үр дүнд хууль бусаар нөлөөлсөн үйлдлээ хамгаалахын тулд Л.Эрхэмбаяр шүүхэд хандсан.

Хачирхалтай нь Захиргааны хэргийн шүүхээс Л.Эрхэмбаярыг тусгайлан харж үзсэн гэмээр шийдвэр гаргасан байдаг. Юу гэвэл “Санал хураалтын дүнгийн тухай 48 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн нэр дэвшигч бүрийн авсан саналын тоогоор дараалал тогтоосон жагсаалтын 3 дахь хэсгийн Л.Эрхэмбаярт холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй” гэсэн өгүүлбэр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны есдүгээр сарын 20-ны 181 тоот тогтоолд бичээстэй байна.

Яагаад? Ийм шүүхийн шийдвэр байдаг юм уу? Л.Эрхэмбаяр УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны дарга М.Баасандоржийг дарамталсан тэр аргаараа нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Цогтыг дарамталж ийм шийдвэр гаргуулав уу. Эсвэл Ерөнхийлөгчийн зөвлөх учраас шүүх түүний талд шийдвэр гаргах ёстой юу гэдэг асуулт хариулт нэхэж байна.

Түүгээр ч барахгүй энэ талаар үнэнийг өгүүлсэн тус тойргийн хорооны дарга М.Баасандорж өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгснийхөө төлөө нэр дэвшигч Л.Эрхэмбаярт дарамтлуулах болсон байна. Төрийн нэрийн өмнөөс тойргийн хороонд ажилласан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга М.Баасандоржийн гол “гэм буруу” нь түүний хариуцсан тойрог дээр яагаад хоёр өөр дүн гарсныг сэтгүүлчид тайлбарлан хэлсэн явдал аж. Үүнийхээ төлөө тэрбээр нэр дэвшигч Л.Эрхэмбаярын “Би шоронд орох уу, чи шоронд орох уу гэдгийг үзье” хэмээн дарамталжээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр ардчиллын тулгуур зарчим болсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг тэмцэх болсон нь харамсалтай.  Тиймээс түүнд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөө, Сонгуулийн тухай хуульд заасан үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгт нь хүртэл халдаж болохгүй гэдгийг тусгайлан “заах” хэрэгтэй болох нь.

М.Баасандорж өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эцсийн дүнд энэ бол зүгээр нэг нарийн бичгийн даргын төөрч будилаад хийсэн хэрэг биш гэдэгт учир байгаа юм. Хуурамч бичиг баримт бүрдүүлж захиргааны хэрэг үүсгэх ажиллагаа хийгдэж байгаа юм билээ. Ингэснээр хууль хяналтын байгууллагуудыг төөрөгдүүлж төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдож байгаа хэсэг бүлэг хүний зохион байгуулалттай ажил гэж үзэж байгаа” гэж хэлсэн байна. Үүнийг холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой. Ерөнхийлөгчийн зөвлөх хүн төрийн байгууллагын албан бичгийг дуурайлган, төрийн сүлд тэмдгийг хуурамчаар үйлдэж яваа нь гутамшигтай хэрэг биш үү.

Иймээс Ардчилсан намынхан Л.Эрхэмбаяр гэдэг гишүүнийхээ, нэр дэвшигчийнхээ үг хэл, үйл хөдлөлийг нь анзаарч хянаж байхгүй бол МоАХ фракц, Ардчилсан нам төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагаж эхлээд байна. Энэ хүн зөв хүн мөн үү. Намын чинь нэр хүндэд яаж нөлөөлөх бол. Нөгөөтэйгүүр СЕХ 26 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг хэрхэн ажилласныг хянаж шалгах ёстой. Хамгийн гол нь нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн дарга Ц.Цогт яагаад ийм шийдвэр гаргасныг холбогдох байгууллага хянаж үзээд олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх учиртай. Зөвхөн нэг хүнд илтэд өөрөөр үйлчилсэн, тусгайлан зориулсан заалт байх учиргүйг Ерөнхийлөгч удаа дараа хэлсээр байгаа. Гэтэл дэргэдэх зөвлөх нь өөртөө зориулсан хуулийн заалт зохиолгоод явж байгаа нь харамсалтай хэрэг.

Тус тойрогт дахин санал хураах үйл ажиллагаа энэ сарын 21-нд товлогдсон. Харин Л.Эрхэмбаяр Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсний дагуу өөрт нь зориулсан заалтыг хангуулж “Санал хураалтын дүнгийн тухай 48 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн нэр дэвшигч бүрийн авсан саналын тоогоор дараалал тогтоосон жагсаалтын 3 дахь хэсгийн Л.Эрхэмбаярт холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй” гэсэн заалтад хамаг найдлагаа тавиад байна. Яагаад СЕХ-ны тойргийн хорооноос хүлээж аваад хуулийн дагуу Ерөнхийлөгчид өргөн барьчихаад байхад хүлээн зөвшөөрөхгүй хууль зөрчсөөр явна вэ. Энэ хүн УИХ-ын гишүүн болбол ямар ч хууль тогтоомжийг өөртөө таалагдахуйц болгон өөрчилж төрийн сүлдийг хүртэл хуурамчаар үйлдэн аваачиж наачихаад байж чадах “аюултай” хүн бус уу. Ардчилсан намд түүнээс илүү хуулиа мөрдөж, төрийн сүлдээ хүндэлж, шударга ёсыг дээдэлж явдаг нэр дэвших хүн хүч хангалттай бий биз ээ гэж итгэж байна.

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих