Улстөрчдийн явуургүй “ПиАр”
Улс төрийг “ПиАр”-аас салгаж ойлгох боломжгүй. Үүнийг манай улстөрчид эрх биш гадарлана. Гэхдээ хуучны аргаар яваад байгаа нь харамсалтай. “Соц” үеийн иргэдийн сэтгэхүй, өнөөдрийн хүмүүсийн сэтгэхүй хоёр шал өөр болчихоод байна шүү дээ.
Хэвлэлийнхэнд хайртай “Үүл баатар”
Улаанбаатарыг хот шиг хот болгоно хэмээн амлаж гарч ирсэн Э.Бат-Үүл дарга. Ажлаа аваад л юм хийж эхэлсэн. Түүнийг ч иргэд талархалтай хүлээн авч байгаа. Гэхдээ ингэж “Соц” үеийнх шиг хэвлэлээр нүдээж байж болохгүй. Хийсэн бүхнээ ярих юм. Энэ байдал удаан үргэлжилбэл таниас залхаж, нэг өдөр “Муу цагаан толгой”-т гээд зүхээд сууж байх вий дээ. Энэ их нээлттэй байдлыг чинь эсрэг намынхан чинь яаж ашиглахаа боловсруулж суугааг туршлагатай улстөрч эрх биш эргэцүүлж байгаа биз…
Дарамтлуулдаг Хууль зүйн сайд
Өнгөрсөн долоо хоногт Х.Тэмүүжин сайд олны анхааралд байлаа. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг яамны байр болгоно гэснийг нь хуучин сайд ашиглаж хөөрхөн улс төр хийгээд авна лээ. Түүнтэй холбоотой дуулиан үүгээр зогссонгүй. Түүнийг Баянзүрх дүүргийн иргэн Жамц дарамтлаад хэцүү байгаа гэнэ. Бүр “Аймаг утга”-тай захиа хүртэл явуулсан байгаа юм чинь. Даанч тэр захиагаа өөрөө олон нийтэд дэлгэсэн нь ичгэвтэр. Уг нь хэн нэгэн сайдын нууцалж байсан зүйлийг олоод дэлгэж байгаа мэтээр хийсэн бол сүртэй байхгүй юу. Тэгэлгүй “Намайг дарамтлаад байна” гэж хов зөөхөөр чинь хүн итгэхгүй шүү дээ. Тэгээд ч хууль сахиулах салбарт ажиллаж байгаа хүнийг дарамтлах нь энгийн үзэгдэл гэдгийг цаад мөрдөгчид чинь хэлээд өгнө гайгүй…
Тойргийнхоо иргэний нууцыг дэлгэдэг гишүүн
Чингэлтэй дүүргийн иргэдийг итгэлийг тээж “Асуй цагийн гэгээлэг уянга” эгшиглүүлсээр УИХ-д орж ирсэн хатагтай тойргийнхоо иргэнээс ирсэн захидлыг постолж шүүмжлэлийн бай боллоо. Орон гэргүй болсон иргэн түүнээс гэр хүссэнд шинэхэн гишүүн барьц алдсан шиг байна лээ. Уг нь “Г.Уянга гишүүнээс олон хүн юм гуйдаг түүнийг нь ёсоор болгодог” энтэр гээд бичүүлсэн бол гараад өгөхгүй юу. Гаагүй байгаа нэр хүндээ овоо өргөөд авна шүү дээ.
Улс төрийн “ПиАр” гэдэг чинь шинжлэх ухаан болчихоод байгааг эрх биш дуулсан биз дээ эрхэм улстөрчидөө. Орчин үеийн аргачиллаар явна шүү нөхөд өө !!!
Төр төмбөгөр (tur_tombogor@yahoo.com)
URL: