Хүүхдүүдээс ирээдүйг нь бүү булаагаач
Монголчууд олуулаа болохыг хүсдэг хэрнээ ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудаа хайхардаггүй сонин төртэй, хачирхалтай удирдлагуудтай азгүй ард түмэн. Улс орноор нь дүүрэн хараа, хяналтгүй, орон гэргүй, сургууль, цэцэрлэггүй, өвчтэй хүүхдүүд байсаар байтал тэдэнд юу ч зориулдаггүй “харамч” хүмүүс. Учир нь хүүхдүүдэд зориулаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбай, асрах газар байгуулчихвал тэдэнд бизнесийн хувьд ямар ч ашиггүй учраас тэр.
Тиймээс сургууль, цэцэрлэгийн оронд зочид буудал, ресторан, эмнэлгийн оронд оффисын барилга, тоглоомын оронд орон сууц барьчихвал тэд жилдээ хэдэн саяын ашиг, орлоготой ажиллах учраас л хүүхдүүдээс бүхнээ харамладаг “увайгүй” эрх мэдэлтнүүд. Эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд нь гадаадад сурч, эмчлүүлж, чөлөөт дагаа Диснейд өнгөрүүлчихдэг болохоор борчуудын хүүхдүүдэд зориулж мөнгөө гарздах шаардлагагүй. Хамгийн хачирхалтай нь тэд өөрсдийнхөө мөнгийг хүүхдүүдээс харамладаг юм байж. Харин гадны төсөл, хөтөлбөрийн шугамаар санхүүжилтийг нь олгоод хүүхдүүдэд чинь сургууль, цэцэрлэг бариад өгье гэж байхад газрыг нь олгочихож болдоггүй л юм байх даа.
Тухайлбал, Итали улсын хэрэгжүүлж байгаа нэгэн төслийн шугамаар 1000 еврогийн санхүүжилтээр саажилттай хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг нь бариад өгье гэхээр газар олдохгүй байгаа тухай төслийн хариуцагч нь толгой сэгсэрч суусан. Манай улсад саажилттай хүүхдүүдэд зориулсан нэг ч цэцэрлэг байхгүй. Эцэг, эх нь хаяж, төр нь хөсөр хаясан хөөрхий хүүхдүүдэд зориулаад цэцэрлэг бариад өгчих гэтэл газар нь олдохгүй байгаа нь харамсалтай.
Бяцхан үрс цэцэрлэг байхгүй учраас СЭМҮТ, Нялхсын клиник сувиллаар дамжиж, хэн наашаа гэснийх нь гарыг харж яваа нь өрөвдмөөр. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн тоо хүрэлцдэггүйгээс болж хэдэн мянган хүүхэд завсардаж, нэг ширээнд гурвуулаа тохой залган суухад хүрсэн. Тэр ч бүү хэл гэрийнхээ гадаа тоглох талбайгүй, чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй болсон. Хүүхдүүдэд зориулсан үзвэрийн газар ч байхгүй. Ер нь тэдэнд юу ч байхгүй гэвэл нэг их хилсдэхгүй. Учир нь улсдаа ганцхан байдаг Хүүхэлдэйн театрт нь боловсон хучин дутагдалтай, улиралд ганц удаа очдог паркийнх нь алга дарам газраас томчууд “хумсалсан” учраас тэдэнд тоглож, наадах, сурч, боловсрох ямар ч орчин алга. Уг нь дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьдаг төдийгүй эцэг, эх нь алганы амт үзүүлэхэд ч цагдаад ханддаг гэсэн. Гэтэл ядуу Монголын хөөрхий үрс нэг ангид 30-40-үүлээ шуугьж, томчуудад булаагдсан тоглоомын талбайгаа санагалзан суухаас хэтрэхгүй. Ядаж тэдэнд паркийг нь үлдээж болохгүй гэж үү. Газраас нь хумслах шаардлага байгаа юм уу. Улсдаа ганцхан байдаг парк нь Дисней биш ч гэсэн тэдэндээ л “үлгэрийн орон” нь юм шүү дээ. Шунал ихэдвэл шулам болдог гэдэг дээ. Та нарт хангалттай бизнес, хөрөнгө байгаа юм чинь хүүхдүүдээсээ битгий харамлаач, өмчийг нь бүү хулгайлаач.
Хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр НҮБ зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, жил бүр үй түмэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг боловч төдийлөн үр дүнд хүрдэггүй нь харамсалтай. Эх орныхоо эзэд болсон бяцхан үрсээсээ ирээдүйг нь бүү хулгайлаач томчууд аа.
Х.Өнөржаргал
mongoliin medee
URL: