Хүүгээ таньдаггүй эх орон

Ажил амьдралын эрхээр хүний нутгийг зорьсон хэн бүхний сэтгэлийн чанадад төрсөн нутаг, эх орон гэдэг юугаар ч сольшгүй эрхэм нандин эрдэнэ билээ.

Эх орныхоо тунгалаг ус, цэнгэг агаарыг санагалзан байгаа 120 гаруй мянган иргэн хүний нутагт сайн сайхан, гундуу дорой явааг сонсох бүртээ хүнээ хайрлаж чадаагүй эх орондоо гоморхдогсон. Нэг л амьдрах насанд сайн сайхан амьдрах гэж хөгжил рүү тэмүүлж яваа иргэнээ бид буруутгах эрхгүй. Харин нутагтаа амьдрахыг хүссэн ч хүүгээ танихгүй хэрнээ харийн хүнийг өмөөрдөг төр засаг юу боддог бол доо…

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Цоодолын Хулан:

Ирээд одсоны чинь араас гуниглах амархан
Ирээдүйн чинь тухай бодох шиг зовлон алга аа эх орон минь…

хэмээн санаа алдсан байдаг.
Харамсалтай нь тэр санаа алдах үе ирээдүйд биш энэ цагт нүүрлэчихжээ. Энэ удаагийн нэвтрүүлгээ ингэж нэрлэж, ийн харамслаар эхэлсэн нь учиртай. Амны билгээс ашдын билэг хэмээн ерөөж, муу бүхнийг хэлэлцэхээс цээрлэдэг ард түмэн хэдий ч өнөөдрийн нийгэмд бугшсан бүхнийг нууж, үгийн сайхнаар өнгөлөөд өнгөрч болохгүй болохоор л ингэсэн хэрэг.

Одоогоос 4 жилийн өмнө Малайзад зэрлэгээр хөнөөгдсөн Алтантуяа бүсгүй, БНХАУ-д цаазаар авах ял сонссон Дамдин, насаараа хоригдох ялаа эдэлж эхэлсэн Байгалмаа бүсгүйн тухай нэвтрүүлгийг үзэн суухдаа өөрийн эрхгүй хүнээ хайрладаггүй эх орон, иргэнээ дээдэлдэггүй төр засгийн хүмүүст л дээрх үгийг дуулгамаар санагдаж билээ. Хүн гэдэг ямарваа нэг зүйлд дасахдаа их хурдан байдаг юм билээ гэх үгийг төрийн зүтгэлтнээс сонссоноо одоо л ойлгох шиг…

Тэдэнд итгэж сонгосон итгэмтгий гэнэн ард түмэн, эгэл боргилхон монгол амьдралаа мартаж, өөрсдийн унадаг унаа, иддэг хоолоороо ард түмнийг тийм л амьдарч байгаа хэмээн эндүүрч, гэр хүртлээ тавьсан дардан замаараа их хотыг төсөөлдөг. Энэ байдалдаа дасчихаад өөрөөр байгаагүй мэтээр амьдралыг хардаг. Байгалмаа бүсгүйн нөхөр, дөрвөн хүүхэд, наян настай ижий нь амьдын хагацлаар шаналж байхад яаж байна гэх төрийн хүн ганц ч байсангүй дээ та минь. Хэрвээ төрийн томоохон зүтгэлтэн, аль нэг албан тушаалтны ойрын хүн ийм байдалд орсон бол энгийн ард түмний хэнд нь ч мэдэгдэхгүйгээр шийдэж чадах л байсан. Эрх мэдэл, албан тушаалгүй бүхэнд төр зөвхөн төмөр нүүрээ харуулж чаддаг гэдгээ ийн бидний нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдохгүй тохиолдол бүхэн дээр дэлгэн харуулсаар…

Харийн нутагт ял сонсоод сууж байгаа, эсвэл хэн нэгэн зэрлэг этгээдийн гарт амь үрэгдсэн бүхэн яагаад заавал тэр л зүг тэмүүлсэн юм бол.. Эх орондоо ижий аавынхаа дэргэд эрүүл энх амьдрах гэрэлт ирээдүй тэдний өмнө байсан шүү дээ. Нэг талаас тэднийг ингэж зэмлэн бодох болох ч эх орондоо иргэн шиг амьдрах нөхцөл байдаггүй болохоор тэд ийн хүний нутгийг царайчлан явахаас өөр арга байгаагүй. Эзэн Чингисийн удам хэмээн цээжээ дэлдэх атлаа харийн газар боолын хөдөлмөр эрхэлдэг хэмээн монгол түмнийг тохуурхан ярьдаг гадныхныг ч сонссон. Гадаад л явбал мөрөөдөлдөө хүрсэн мэт санагдаж, хэдэн мөнгөний араас урт дараалал үүсгэн нойргүй хонож байгаа элэг нэгтнээ харах бүрийд сэтгэл шимшрэхээс өөрийг хийж чадахгүй байгаа нь даанч эмгэнэлтэй.

Үнэндээ гэр бүлийн хэн нэг нь гадаадад байгаа айл арай дөнгүүр амьдралтайг ч хэлэхэд илүүц. Монгол хүн эх орондоо иргэн шиг нь амьдрах эрх ийм л чадуу байна. Хаа газрын монголчууд хичнээн сайхан баян цатгалан явлаа ч хамт суухдаа гагцхүү эх орноо л санаглзан ярьдаг гэдэг. Эх орондоо иргэн хүн шиг амьдрах нөхцөл байхгүйд уул ус, төрсөн нутгийн буруу гэж юу байх вэ. Нуулгүй хэлэхэд боломж нь байдаг бол гадаадад гарч ядаж л хоёр жил болчихоод ирэхсэн гэсэн бодол монгол залуу хүн бүрийн толгойд бий. Оюун ухааны хүчин чадлаараа дэлхий нийтийн анхаарлыг татдаг монгол хүн ийн эх орондоо биш, харийн газарт хэдэн зоосны төлөө амьдрах нь даанч өрөвдөлтэй.

Дэлхий биднийг судлах гэж улайрч байхад бид өөрсдөө энэ бүхнийг үл тоон, хүнээ гадуурхаж, улам цөөрсөөр л…. Гэмт хэрэг хийж буруу замаар яваа хэн ч монгол хүний тооноос хасагддаг, харин олимпийн аварга, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа бол тэр жинхэнэ манай хүн гэдэг бодлыг төрийн өндөрлөгүүд тэр дундаа гадаадад байгаа монгочуудынхаа төлөө санаа зовних ёстой газрууд нь толгойноосоо авч хаяасай. Амь үрэгдсэн охиныхоо араас шаналж яваа эцэг, эхийнхээ сургийг гаргах гэж нулимстай яваа 4 хүүхдээс эх орон нь хүүгээ тоохгүй алдаа гаргавал танихаа больдогийн шаналалыг асуугаарай.

Гадаадын эрх мэдэлтэн, хэрэг хийсэн ч хүнээ өмөөрөх шүүхийнх нь өмнө зогсохдоо төр засгаараа л дутаж, ганцаардан зогсохын зовлонг Алтантуяа охины аав л мэднэ. Энэ бүхнийг бодохоор монгол хүн болж төрсөндөө бардамнах биш гоморхох хүсэл төрөх. Гуравхан сая хүнийхээ төлөө чангахан дугарах чадалгүй хүмүүс хууль баталж, харьд яваа түмнийхээ мууг үзэх гэж элчин сайдууд ажилладаггүй л баймаар… Иргэнээ асууж албан бичиг явуулчихаад хариуг нь нэхэх өрхгүй төр засгаар бид яах юм бэ. Түүний оронд монгол хүний өмнөөс дугарч чадаж байгаа гадны төрийн бус байгууллагууд бидэнд илүү хэрэгтэй. Эх оронтойгоо хүйн холбоотой монгол хүнд иргэнээ өмөрөөч саддаг төр засаг л хэрэгтэй.
Харьд амьдрахаар ямар ч асуудалгүй сайхан амьдарч байгаа хэрнээ эх орноо санаад байдаг юм. Эх орондоо ирэхээр санасан сэтгэл дэвтдэг ч дэндүү олон асуудалтай амьдрах юм хэмээн ярих хүнтэй бишгүйдээ таарч байлаа. Гэвч энэ бүхнээс хамгийн эмгэнэлтэй нь хүний нутагт олон жил амьдарсан монгол хүн эх орноо зориод ирэхэд нь хүнийрхэж угтаж авсанд нь даанч их гомдсон хэмээн ярихыг сонссох л дэндүү өрөвдөлтэй байсан.

Эх нутагтаа иргэн хүн шиг нь амьдрах гэсэн сэтгэлийг ийнхүү эх орных нь хүйтэн салхи юу ч үлдээлгүй үдлэн хөөсөн юм. Алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн ганц хүүгээ Солонгос явуулчихаад үлдэж хоцорсон хөгшин эцэг нь өдөр бүр уулан дээр суугаад “Баригдаад ч болохнээ хүрээд ирээсэй миний хүү” хэмээн залбирдаг асан тэр буурай хүүтэйгээ уулзаж чадаагүй хорвоог орхисонсон. Эх орондоо хүн шиг амьдрах боломж байсан бол хүний хүү хөгшин эцгээ орхиж хүний газрыг зорих байсан гэж үү. Өсөж төрсөн газар шороо, өндөлзөн угтдаг нутаг ус нь хүртэл хүүгээ таньж уярдаг хорвоод ард түмнээсээ бүтсэн төр засаг нь хүүгээ танихаа больжээ. Эх орон минь хүүгээ хүлээсэн буурал эцгээс илүүтэй өвгөрлөө гэж үү дээ та минь…

бичсэн Аялгуу


URL:

Сэтгэгдэл бичих