МАН бол МАХН биш, гэвч…
МАН, МАХН хоёрын нэгдлийн талаарх “хууч” яриа түймэр мэт газар авч байна. Гэвч МАН-ын удирдлагууд одоогоор энэ талаар хэлэлцэн тохирсон зүйл байхгүй болохыг мэдэгдэж дээрх яриаг үгүйсгэж, цуу яриа болохыг онцлох боллоо. Гэсэн атал МАХН-д элсээд удаагүй байгаа Ц.Цолмон гишүүнээс эхлээд хоёр намын нэгдлийн эх үүсвэр тавигдсан тухай мэдэгдэж эхэлсэн нь хачирхалтай. Магадгүй Орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбоотой хоёр намыг нэг мэтээр харагдуулах гэсэн хэн нэгний явуургүй ажиллагаа байхыг үгүйсгэхгүй байгаагаа хоёр намын гишүүд цухалзуулах болов.
Гол нь МАН бол МАХН биш. Үүх түүхээ булаалддаг ч Х үсгээр ялгагдах энэ хоёр намд үзэл бодлын зөрчилдөөнөөс эхлээд нэгдэн нийлэхэд төвөгтэй олон зүйл бий. Гэхдээ МАХН-д хийгээд АН-д МАН, МАХН-ыг нэг нам мэтээр харагдуулах сонирхол бий. Гишүүдийнх нь хэлсэнчлэн үгүйсгэх шалтгаан ч байхгүй. УИХ-ын сонгуулиар МАН ялагдсан гол шалтгаан нь ганц Х үсэг буюу Н.Энхбаярын нам. Ууган нэрээ сэргээсэн тэд орон нутагт шинэчлэлээ таниулж чадаагүйгээс өнөөдрийн энэ ялагдалд хүрсэн гэж тодорхойлдог. Тиймдээ ч Шударга ёс эвсэл гэхээсээ илүүтэй МАХН орон нутгаас өндөр үнэлгээ авч парламентад бүлэг байгуулах хэмжээний болж, эрээвэр хураавар Засгийн газарт бялуу хүртээд буй.
Олон мянган гишүүнчлэлтэй МАН-ынхны цуснаас шимэгч шиг бага багаар сорж эхэлсэн нь ч МАХН-ынхны их сунгааны өмнөх томоохон ажлын нэг. Тэд төлөвлөснийхөө дагуу ажиллаж байна. МАН-аас МАХН руу элсэгчдийг тунхаглаж, дүүрэг дүүргээр нь, аймаг аймгаар нь “урвуулах” ажиллагааг эрчимтэй өрнүүлснээр хоёр нам нэгдэн нийлж буй мэт харагдаж, МАН нь биш МАХН нь оршин тогтнохоор болсон мэт дүр зураг бий болж байна. Иймээс л МАХН-ын гишүүд Орон нутагт ялалт байгуулна гэдэгтээ бат итгэлтэй байж, албан тушаал амлан хүрээгээ тэлж, харин хажуу хавиргандаа хачиг шиг наалдсан МҮАН-ыг хүртэл зоригтой тийжлэн хаяж чадаж буй юм.
АН-ын хувьд ч тэдний энэ үйлдэл ашигтай хувилбар. Н.Энхбаярт Х үсэг Дээд шүүхээс олгох болсон санаа нь ч Төрийн тэргүүнийх байсан гэлцдэг. УИХ-ын сонгуулиар хоёр намын саналыг хуваах гэсэндээ зориуд арын хаалгадсан гэх улс төрийн хүрээнийхний үг оргүй бололтой. Мэдээж, Ерөнхийлөгч МАХН-ыг МҮАН-тай эвсэж, УИХ-д бүлэг байгуулах хэмжээний санал авчихна гэж тооцоолоогүй. Бас АН олонхи биш олон болчихно гэдгийг таамагласан ч хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй биз. Гэсэн ч Н.Энхбаярт МАХН товчлолыг олгосноор саналыг хоёр хувааж чадсан. Үүнтэй адил нэгдэн, нийлж буй мэт дүр зураг дээр нь тоглолт хийж, дахин санал хуваах зарчмыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж АН-д бий. Тиймээс л АН ч, МАХН ч угшил нэгт хоёр намын нэгдлийн талаар зөв зүйтэй мэтээр байр сууриа илэрхийлэх болж.
Гэвч МАН бүхэл бүтэн бие даасан улс төрийн тулхтай, үзэл сурталтай нам хэвээрээ байгааг тус намын удирдлагууд тодотгож байна. Гол нь энэ үг хэр хүрээг хамарч, холын зайнд хүрэх нь чухал. Иймээс нэг цул юм шиг, эсвэл нэгдэх гэж байгаа юм шиг харагдуулах улс төрийн уран зургаас өөрийгөө ялгахгүй бол МАН-д өнгөрсөн сонгууль шиг түүх ирэх сонгуулиар ч тохиож мэдэх нь.
Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: