Э.Бат-Үүл дарга аа, нийслэл өвөлд бэлэн үү
Улсын нийслэл Улаанбаатар хот Улсын Баатар даргатай болсон. Тэрбээр хотын дарга болмогцоо зөвшөөрөлгүй баригдсан барилга, шатахуун түгээх станцуудыг нураах шийдвэр гаргасан.
Түүнчлэн заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй барилга, ШТС-ын үйл ажиллагааг зогсоох, ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх үүргийг холбогдох албаны хүмүүст үүрэгдсэн. Түүгээр ч зогсохгүй Улаанбаатар хотод зай эзлэж буй хэрэггүй болсон муу хүрэл хөшөөнүүдийг буулгаж эхэллээ. Тухайлбал, Лениний хөшөөг өчигдөр олон жил заларсан буурин дээрээс нь ховхлон буулгав. Энэ мэтчилэн олон ажлыг Э.Бат-Үүл дарга хийж хэрэгжүүлсэн нь нүдээ олсон алхам. Хүмүүс ч үүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэвч Э.Бат-Үүл даргын энэ шийдвэрүүд тухайн цаг үедээ гал унтраах маягтай захиргаадалтын шинж чанарыг агуулаад байна.
Сүүлийн өдрүүдэд тэнгэр хуйсганаад л уур савсаж эхэллээ. Гэтэл нийслэл хот маань өвөлдөө бүрэн дүүрэн бэлтгэлтэй байж чадаж байна уу. Энэ тухай л лав дорвитой мэдээ сонсогдохгүй байна. Өвлийн хүйтэн болоод ирэхээр манай хот яадаг билээ дээ. Гэр хорооллын утаа Улаанбаатарыг нэлэнхүйд нь бүрхэж, сааралтсан манан дунд чичирч өвлийн хүйтнийг арайхийн давдаг. Одоо энэ утааг яах вэ. Утаа, утаа бас дахин утаа гэж ярьсаар өмнөх жилүүдийнх шиг утаа залгилаж өвөлжих үү. Нөгөө сайхан сонсогддог агаарыг цэвэршүүлэх үүднээс нүүрсний шаталт гүйцэд явагддаг дулаанаа хадгалах чадвартай, давхар шүүлтүүр бүхий зуухнууд айл бүрт очиж чадсан уу. Дээр нь утаа гаргадаггүй шахмал түлш нь хэр хүрэлцээтэй байгаа вэ. Яагаад энэ талаар ярихгүй байна хотын дарга аа. Та гэр хорооллыг хувийн орон сууцтай болгоно гэсэн ганцхан амлалттай гарч ирсэн. Энэ амлалтын дэргэд энэ өвлийн утаа ч яамай гэж бодоод сууж байгаа хэрэг үү. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрөө та одоо хэр нь батлуулаагүй. Мөрийн хөтөлбөр гэдэг зүг чиг заадаг луужин шүү дээ. Луужингүйгээр яаж агаарын бохирдлыг ярих юм бэ.
Дээр нь дулааны цахилгаан станцууд нүүрсний нөөцтэй юу, дулаан цахилгааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд хийгдэж дууссан уу зэрэг олон асуултыг таньд тавимаар байна. Нийслэлд өвлийн хүйтэнд тулгардаг энэхүү бэрхшээлүүдийг гал унтраах маягаар захиргаадалтын аргаар бууруулж чадахгүй нь ойлгомжтой. Одоо л жинхэнэ Улсын баатар даргын ур чадварыг шалгах сорилтууд тулгарч эхэллээ дээ.
URL: