Н.Энхбаярын хэрэгт дүү Н.Энхтуяаг нь Интерполоор эрэн сурвалжилж байна

    029kjМАХН-ын дарга Н.Энхбаярт авилгалын хэргээр Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Гэвч тэрээр биеийн байдал муу гэх шалтгаанаар Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч оноосон ялыг хэвээр баталсан. Тиймээс тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа юм.
Харин уг хэрэгт хамсаатан гэх УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, БСШУЯ-ны сайд асан Н.Болормаа нарыг хэргийг АТГ-т шалгаж байгаа. Энэ талаар АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат “Н.Энхбаярт холбоотой хэргээс зарим хүмүүст холбогдох хэргийг тусгаарласан. Шалгагдаж байгаа хүмүүсийн зарим нь байхгүй байна. Тиймээс хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байна. Гэхдээ бид үргэлжлүүлэн шалгаж байгаа” хэмээн тайлбарлаж байсан. Учир нь хэрэгт холбогдоод буй НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ руу оргон зайлж, түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.
Харин уг хэрэгт Т.Билэгтээс гадна Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Байгаль, орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгын ах Б.Хуяг нарыг мөн интерполоор эрэн сурвалжилж байгаа юм байна.
Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг шалгах болсон учир нь. Н.Энхбаяр “Эскон” гэх хувийн компанитай байжээ. Тэрээр уг компаниа 2010 онд Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлж, өөрийн өмч хөрөнгөө нуун далдлахыг завдсан хэмээн шүүх үзсэн байна. Харин Б.Хуягийг “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлсэнтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Учир нь Б.Хуяг 2007 онд “Хар дун” компанийн захирлаар ажиллаж байсан юм байна.

Б.Золбоо

URL:

Сэтгэгдэл бичих