Хүүхдийн төлөө газар албан тушаалын ээлжит шахаанд өртөнө

Төрийн яам, агентлагуудаар хоорондоо наймаалцаж, дарга, удирдлагуудын гар хөл болж хор найруулсан нэгнийг албан тушаалаар шагнадаг муу зуршлаасаа МАН салаагүй харин ч улам газар авч байгаа. Өнгөрсөн баасан гаригт эрчүүд цэргийн баяр тэмдэглэн мансуурч байх зуур Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрыг МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Алтайд өгөх үүрэг холбогдох газруудад өгөгджээ.
Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан М.Тогтохням гавъяаныхаа амралтад гарч байгаа учраас орны хүнийг томилох гэж байгаа нь энэ.
Гэхдээ түүнийг ажиллаж байхад ажлыг нь хийлгэхгүй хавчиж хяхах, өөрөөр нь өргөдөл бичүүлж ажлыг нь өгүүлэх гэсэн элдэв оролдлогууд нам дотроос нь нэг бус удаа гарч байсныг хэвлэлүүд бичиж байсан юм. Тус агентлагийн даргын албан тушаалд Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж, болзол хангасан хүнийг томилох учиртай. Эрх барьж буй нам үүрэг өгчихөөд байхад том толгой гаргах эрх Төрийн албаны зөвлөл битгий хэл хэнбугайд ч одоогийн нөхцөл байдлаар бол байхгүй.
Тиймээс нэгд сонгон шалгаруулалтын зарчмаа дагасан болж, нөгөө талаар Д.Алтайд зориулж сонгон шалгаруулалтын журам гаргахаас аргагүй болсон бололтой юм. Одоо зарлагдаад байгаа сонгон шалгаруулалтын үзүүлэлтэд Хүүхдийн төлөө газрын дарга нь эрх зүйч, түүхч, философич, философийн багш мэргэжилтэй, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах туршлагатайгаас гадна заавал Ph.D цолтой байх ёстой гэж заажээ. Энэ үзүүлэлт зөвхөн Д.Алтайд зориулагдсан бөгөөд бусад хүмүүсийн хувьд боломжгүй хувилбарыг Төрийн албаны зөвлөл бодож олсон шиг байгаа юм.
Тус байгууллага хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилготой, төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэгч агентлаг. Энэ чиглэлээр улсын төсвөөс болон олон улсын байгууллага, гадаадын улс орнуудаас зээл хандив тусламж гээд ихээхэн хөрөнгө, мөнгө орж ирдэг. Түүнийг захиран зарцуулах эрхийг тус газрын дарга эдэлж таарна. Тэгвэл өнөөгийн эрх баригчид хүүхдэд хайртайдаа Д.Алтайг томилох гээд байна уу, “Мөнгө улаан нүд цагаан” гэгчээр өөрсдийн гар хөл болох “түрийвч”-нүүдээ илгээх гэж байна уу. Д.Алтай гэж хэн бэ гээд олон асуулт гарч байна.
УИХ-ын гишүүн асан Д.Алтай өнөөдөр ажилгүй хүн биш, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлдэг. У.Хүрсэлсүхийг МАН-ьш Ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш түүнд зүтгэж, эмэгтэйчүүдийнхээ байгууллага дотор хор найруулан саяхан болсон их хурлаа шоу болгож өндөрлүүлсэн. Үүнийг үнэлж У.Хүрэлсүх дарга нь ирэх сонгуульд нэр дэвших эрхээр шагнах гэнэ гэсэн мэдээлэл тухайн үед цацагдсан. Гэхдээ өнөөдөр Хүүхдийн төлөө газрыг Д.Алтайд өгөх гэж байгаа бол ирэх сонгуульд нэр дэвшүүлэх амлалтаасаа Ерөнхий нарийн бичгийн дарга нь буцсан ч байж мэдэх юм.
Өнөөдөр Хүүхдийн төлөө газрыг заавал түүхч, философич, доктор хүн удирдахгүй бол болохоо байчихсан уу гэвэл үгүй. Эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн томилгоо хийхийг чухалчлалгүй гагцхүү хүүхдийн төлөө хүч чадал, оюун ухаан, зүрх сэтгэлээ зориулж чадах хүнийг л олж тавиасай гэж найдъя. Ч.Үл-Олдох


URL:

Сэтгэгдэл бичих