Kush in Jazz Jam

 Монголын жазз хөгжмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “Kush&Oyuka” хамтлагийн дуучин Kush -г урьж оролцууллаа. Ингээд түүнтэй өрнүүлсэн жазз хөгжмийн тухай сонирхолтой ярилцлагыг хүргэе. Дуу хөгжимд, тэр дундаа жазз хөгжимд дуртай хүн бүхэнд зориулав.
Хөгжим бүжгийн коллежийг морин хуурч мэргэжлээр төгссөн юм билээ. Дуулаачийн мэргэжлээр суралцъя гэж бодож байв уу?
Би хөгжмийн гэр бүлд төрж өссөн. Ээж аав намайг нэгдүгээр ангиас морин хуурын ангид оруулсан юм. Тэгээд Хөгжим бүжгийн коллежийг морин хуурчаар төгсөөд үргэлжлүүлэн хөгжмийн онолын чиглэлээр сурч байгаад дараа нь бакалавртаа бас морин хуураар сурсан. Би ер нь дуулаачийн мэргэжлээр суръя гэж бодож байгаагүй л дээ.
Манай хөгжмийн сургуулиудад миний сурч болохоор нь дуурийн дуулаач, эстрад дуулаач гэсэн хоёр төрлийн л анги байдаг юм. Дуурийн дуу, эстрад дуу хоёр бол угаас надад тохирохгүй гэдгийг би мэдэж байсан учраас энэ чиглэлээр суралцаагүй л байна.
Дуулахын хажуугаар өөр ямар ажил хийдэг вэ. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?
Үндсэн ажил маань агаарын хөлгийн ахлах үйлчлэгч (steward), 2009 оноос хойш ажиллаж байна. ТББ-д ахлах тоглолтын менежерээр ажиллаж байгаад өнгөрсөн жилээс удирдах зөвлөлийн гишүүн болсон юм. Энэ нь цэвэр сайн дурынх юм шүү дээ. Морин хуурынхаа чиглэлээр багшилж байсан ч одоогоор хараахан амжихгүй байгаа учир түр завсарласан.
Гэхдээ морин хуурын сургалтын гарын авлага бэлтгэж байгаа. Эмхтгэлийнхээ 2 дахь цувралыг гаргахаар зэхэж байгаа. Үүнийхээ хажуугаар Төрийн удирдлагын чиглэлээр магистрын ангид сурч байна. Цаашид соёл, урлагийн бодлого, тэр дундаа мэргэжлийн хөгжмийн менежментийн чиглэлээр ажиллах бодол бий.
Ажлынхаа зав зайгаар ихэвчлэн юу хийдэг вэ?
Олон улсын түүх, соёл урлаг, хувь хүмүүсийн түүхүүд миний сонирхлыг ихээхэн татдаг. Тиймээс ч магадгүй уран зураг, биографи, баримтат кинонуудтай их нөхөрлөдөг юм болов уу. Амжилтад хүрсэн шилдэг хүмүүсийн амьдралын түүхээр сэдэвлэсэн ном, кино үзэх дуртай. Энэ нь намайг зорилгынхоо төлөө улам их хөдөлмөрлөх урам зориг өгдөг юм.
Боломж гарвал аялах дуртай. Мөн тэмдэглэлүүд минь бас миний салшгүй нэг хэсэг. Номуудаас: уран зохиол, санхүү, автобиографиуд түлхүү унших дуртай. Харин кинонуудын(баримтат) цуглуулгад байгаль ан амьтнаас аваад онгоцны сүйрэл, урлаг уран зураг, хүний эрх гээд олон талын бичлэгүүд бий.
Манайд  жазз хөгжмийн хөгжил аль хэр явагдаж байна вэ?
Энэ асуултыг маш олон хүн асуудаг л даа. Яг үнэн хэрэгтээ манайд жазз хөгжим хөгжихөд бэрхшээлтэй байгаа. Учир нь энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх боломж байдаггүй. Жишээлэхэд: Манайд одоо жазз хөгжим тоглодог “Pause”, “Black and white” зэрэг хамтлагууд бол хөгжмийн онолоо сайн мэддэг ч дуулаачаараа сайн мэргэшээгүй байдаг.
Сонгодог хөгжмийн суурьтай хүмүүс жаззыг сурахад илүү дөхөм байдаг юм. Манай хөгжмийн сургуулиуд хуучин Оросын болон зөвлөлтийн орнуудын хөгжмийн сургалтын тогтолцоогоор явж байгаа. Уг нь бол энэ нь их сайн тогтолцоо. Оросын сургалт бол сонгодог чиглэлд дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Харин манай сургалтын систем бүтцийн хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж боддог. Манайд бол жазз сурахыг хүсэж байгаа хүн өөрөө чихээрээ сонсож сурах, аль эсвэл гадагшаа явж сурах гэсэн хоёр л сонголт байгаа байхгүй юу.
“Их талын жазз” фестиваль монголын жазз хөгжмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Тус наадмын тухай дэлгэрэнгүй яриач?
10-аад жилийн өмнө Америкийн жазз дуучин Bob Bellows, ТББ удирдах зөвлөлийн гишүүн Энхбат, “Их талын жазз” ТББ-ийн захирал Ганбат болон урлагийг зөвлөлийн зарим ажилтнууд нийлж жазз хөгжмийн үдэшлэг зохион байгуулж байсан юм. Тэгээд энэ нь фестиваль болж, хоёр жилд нэг удаа зохион байгуулах болсон. 2010 оноос жил бүр зохион байгуулж байна.
Энэ жилийн наадамд оролцох улсын тоо улам олон болж Австрали, Канад, Шотланд, Турк, Швейцар, Франц, Герман, Солонгос зэрэг олон орны уран бүтээлчид оролцлоо. Би энэ ТББ-д ажиллаад 4 жил болж байна. Энэхүү наадам маань жазз сонсогчид болон уран бүтээлчдэд аль аль талдаа маш их хувь нэмэр оруулж байгаа юм.
Жазз хөгжим сонсогчид ихэвчлэн ямар хүмүүс байдаг бол?
Би бас яг таг хэлж мэдэхгүй л юм. Гэхдээ ер нь ихэвчлэн их нарийн мэдрэмжтэй, Classy маягийн, эсвэл хөгжмийн боловсролтой хүмүүс байдаг. Ямар ч хөгжмийн урсгал сонсдог хүн, тэр тухай мэдлэгтэй байж л хөгжмөө ойлгож мэдэрч чадна. Жишээлбэл, Рок хөгжмийн талаар мэдлэггүй хүн рок хөгжмийг ойлгохгүй,  rhyme –ийн талаар ойлголтгүй бол хип хопыг сайн ойлгохгүй.
Жазз маань өөрөө сонсоход багагүй ярвигтай хөгжим болохоор тухайн аялгууны нарийн бүтцийг мэдэж байж л хөгжмөөсөө таашаал авч чадах юм шиг. Жазз бол үнэхээр гайхалтай хөгжим. Гэхдээ би өөрийгөө яг таг жазз хөгжим сонсогч гэж хэлж чадахгүй л дээ. Учир нь миний дотор оршиж байдаг хөгжим бол жазз биш, классик хөгжим байхгүй юу. Би жазз хөгжимд зүгээр л дуртай.
Тэгвэл яагаад классик хөгжмийг биш жазз хөгжмийг сонгосон юм бэ?
Манайд жазз хөгжмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг хүчин зүйлсийн нэг бол “Их талын жазз” фестиваль юм лл даа. Гэхдээ энэ маань жилд ганцхан удаа зохиогддог учраас бусад үед өөр сонсох зүйл байхгүй болчихдог. Ямар нэгэн урсгалыг хөгжүүлэхийн тулд түүнийгээ үргэлж давтаж, хүмүүст сонсгож байх хэрэгтэй.
Тийм учраас Оюука бид хоёр хамтлаг болж, монголын жазз хөгжимд чадах чинээгээрээ нэмэр болохыг хүссэн юм. Оюука төгөлдөр хуур тоглодог, би нэг худлаа үнэн дуулдаг юм чинь байгаа боломжоо ашиглаад хийж чадах юмаа хийе л гэж бодсон. Тэрнээс бид нэг их мундаг жазз хөгжим мэддэгтээ ингээд хамтлаг байгуулсан юм биш. Хамгийн гол нь жазз хөгжмийг бага ч атугай хүмүүст хүргэж, мөн өөрсдөө маш их зүйлийг сурч байгаадаа баяртай байдаг. Жазз хөгжмийг судлах тусам цааш сурах маш олон зүйлс шинээр гарч ирдэг учраас хүнийг хөгжүүлж чаддаг юм.
Жазз хөгжимд хувь нэмэр оруулах зорилгоор “Bossanova” урсгалаар тоглоё гэж бодож байв уу?
Brazil Bossanova бол яалт ч үгүй жазз хөгжмийн үндсэн урсгалуудын нэг. Би энэ урсгалд асар их дуртай. Мэдээж энэ чиглэлээр тоглох хүсэл байдаг. Би хамгийн анх Brazil Bossanova сонсоод шууд дурлаад, нэг дор 500 гаруй дуу татаад авчихсан. Тэгээд татаж авсан дуунуудаараа тэр зунжингаа амьдарсан шд. Bossanova бол үндсэн стандарт жазз хөгжмөөс урган гарч ирсэн урсгал.
Энэ нь орчин үеийн жазз –аас арай хялбар сонсогддог юм. Энэ тухай “A Sound” –ийн төгөлдөр хуурч Пүрвээ ах нэг ярилцлагадаа ярьсан байсан: “Ямар ч хөгжмийн урсгалыг арай хялбаршуулж, сонсоход дөхөм болговол олон хүнд хүрч чаддаг”.  Жишээлбэл, Бетховены “Сарны санаат” гэдэг 3 ангитай зохиолыг хүнд ойлгомжтой болгох зорилгоор поп-ритмд оруулсан нь хүмүүст хүрч чадсан. Яг үүнтэй адил жазз –ыг илүү ойлгомжтой, латин хэмнэлд оруулсан нь Bossanova урсгал юм. Нийтэд зориулагдсан, цөөнхөд зориулагдсан гэж тусдаа асуудал байгаа. Нуулгүй хэлэхэд Оюука бид хоёр өнгөрсөн зун Brazil Bossanova –р тоглолт хийх гэж байгаад больсон. Тэгэхдээ дараа заавал тоглоно гэж бодож байгаа. Миний хамгийн дуртай Bossanova дуучид бол Bebel Gilberto, Mariza гэх мэт. Харин Antonio Carlos Jobin бол яг Bossanova –г гаргаж ирэхэд чухал нөлөө үзүүлсэн үнэхээр авьяастай, мундаг хүн байсан.
Залуу хөгжимчдөд юу гэж зөвлөмөөр байна?
Хамгийн гол нь зөв хөгжмөө л олж сонсох хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан гадаад өнгөнд нь их хууртдаг. Орчин үед Менежмент гэдэг шинжлэх ухаан бий болсон учраас сайн менежментээр хүмүүсийг амархан татдаг болоод байна. Одоо жишээлбэл, Lady Gaga, Justin Bieber зэрэг амжилтад хүрсэн одод бол цэвэр менежментээр гарч ирсэн.
Үнэхээр сайн менежменттэй шоу, дуу хийж байна. Гэхдээ эдгээр нь цаг хугацааны туршид хадгалагдан үлдэх үү, үгүй юу гэдэг нь хамгийн чухал шүү дээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих