АЛИМНЫ ХЭЛТЭРХИЙ БУЮУ ХЭН “APPLE”-ИЙГ ШҮТЭН МӨНГӨ ОЛДОГ ВЭ
Америкийн технологийн “Apple” компанийн олон тэрбум орлого олон ч бизнесменыг амар тайван унтуулахгүй байна. Харин овжин самбаатай зарим нэг нь түүнээс хувь хүртэх аргаа аль хэдийн олчихжээ. “Apple”-ийг шүтэн мөнгө олохын тулд заавал “Apple” шиг байх албагүй юм. Өнөөдөр “Apple” компанийн амжилтад атаархдаггүй бизнесмен бараг байхгүй биз. 2011 онд компанийн орлого 100 тэрбум ам.доллараас давж байсан бол 2012 онд хөрөнгийн хэмжээ 600 тэрбум ам.долларын дээд амжилтад хүрчээ. Одоогоос арваадхан жилийн өмнө олон хүн “Apple”-ийн техникт шунасан тачаалыг ямар нэг гажигтай адайр зан мэт үзэж байсан бол одоо хазсан алимны дүрстэй лого бүхий бүтээгдэхүүнийг улайран шүтэгчид ертөнцөд сая саяараа цугларч шинэ бүтээгдэхүүнийг хэдэн зуун ам.доллараар авахын тулд цаг заваа үрэн дараалалд зогсож байна. Үүнд компанийн хувьцаа эзэмшигчид сэтгэл хангалуун байдаг байх даа. Харин бусад нь яадаг бол? Хазсан алимны дүрстэй бүтээгдэхүүнүүд авхаалж самбаатай хүмүүст муугүй боломж олгодог.
“Apple”-ийн хамгийн их амжилт олж яваа хамтрагчдын нэг нь яах аргагүй түүний өрсөлдөгч “Google” компани юм. Хайлтын хүчирхэг системтэй, ухаалаг гар утасны андройд үйлдлийн систем өөрийн гэсэн байр суурьтай компани. “Google”-ийн санхүүгийн тайлангаас харахад өнгөрсөн дөрвөн жилд Адройдын ашиглалтаас 550 орчим сая ам.доллар олжээ. Үүний зэрэгцээ “Google”-ийн үйлчилгээг ашигладаг “iPhone”, “iPod”, “iPad”-ийн эзэд 2.2 тэрбум ам.долларын орлого өгсөн байна. Учир нь “Apple” болон “Google” хоёр хамтын ажиллагааныхаа эхэн үед “Google Map”-ын үйлчилгээг ашиглаж, олсон орлогоосоо хувь төлж байх гэрээ хийсэн юм. “Apple” үйлдлийн системийн шинэ хувилбартаа өөрийн компанийн програмистуудын зохиосон картыг ашиглах болсноор “Google”-ийн орлого эргэлзээтэй болоод байгаа. Гэвч саяхан худалдаанд гарсан “iPhone 5”-ийн хэрэглэгчдээс газрын зураг алдаатай байна гэсэн гомдол маш ихээр ирсэн байна.
Калифорни мужийн жижигхэн хот Хауторнд хоёр авъяаслаг залуу, аав ээжийнхээ мөнгөөр автомашины гаражид компани байгуулсан нь өнөөдөр дэлхий дахины жижиг сажиг чимэглэлийн (аксессуар) хамгийн амжилттай үйлдвэрлэгчдийн нэг болоод байна. Төрөл бүрийн кабель шилжүүлэг, хуурай зай, хүчдэл шулуутгагчийн үйлдвэрлэлээрээ Чет Пайпкин ба Марк Рейносо хоёр, жилийн 100 мянга ам.долларын эргэлттэй ажиллаж байна. Тэдний компанийн оддын цаг 2001 онд болсон “iPod”-ын үзүүлэх сургалтын үед боллоо. “Belkin”-ийг үндэслэгчид маань зүг чигээ амархан олж, плеерын гэр хийж дараа нь гайгүй өндөр үнэтэй бусад жижиг чимэглэлийн зүйлсийг хийж эхлэв. Удалгүй компани өөрийн салбартаа тэргүүлэх хэмжээнд хүрч АНУ-ын хамгийн түргэн хөгжиж байгаа 500 компанийн жагсаалтад хоёр ч удаа шалгарч амжив. Шинээр үүсэн бий болсон “iPhone”, “iPad”-ын гаджетууд “Belkin”-ыг жилийн бараа эргэлтийн орлогоо тэрбум ам.долларт хүргэх нөхцөл бүрдүүлэв.
Англи залуу Том Даддериж хуруу хумсаа хугалах шахам арай чарай олсон 23 мянган паундаараа Лондон хотын захад “Podgear” нэртэй жижиг эдлэлийн компаниа “Apple”-ийн бүтээгдэхүүнд зориулж зохион байгуулан гайгүй сайн амжилт олж байтал тархин дундуураа татуулав. “Apple” компани түүнд “Pod” гэдэг үгийг компанийнхаа нэрэнд ашигласан гэх гомдол тулгасан 26 хуудас материал ирүүлжээ. Түүнд дөрвөн сарын хугацаа өгсөн байна. Тийм болохоор компанидаа яаруу сандруу 4 долоо хоногийн дотор “Giear-4” гэдэг нэр өгч шинэ логотой болов. Энэ явдал Томыг мохоосонгүй. Өнөөдөр Том Даддерижийн компани, дуу бичлэгийн тоноглол үйлдвэрлэдэг эцгийнхээ тэр л байшинд үйл ажиллагаа явуулж байна. Түүгээр ч үл барам “Giear-4” компани “iPone”, “iPad”-ын жижиг чимэглэлийг хийхийн хажуугаар “Apple”-ийн i-төхөөрөмжийн өндөр мэдрэмжтэй акустикийн системийн үйлдвэрлэлд мэргэшээд явж байгаа аж. “Giear-4”-ийн жилийн бараа эргэлтийн хөрөнгө 30 сая фунт стерлингт хүрч, дэлхийн 64 оронд бүтээгдэхүүнээ гаргаж байна.
Шүүхэд дуудагдахгүйгээр “Apple”-ийн тухай инсайдерын мэдээллээр мөнгө олж болох уу?
Жон Груберийн хувьд боломжгүй юм гэж байхгүй. Тэр “Mac” компьютер ашиглагчдын дунд өөрийн “Daring Fireball” блогын анхаарал татсан илэн далангүй нийтлэлүүдээрээ алдартай. Тэр “Apple”-ийн зүгээс блогеруудыг 2004 онд нөмөрсөн заргын шуурганд өртөөгүйгээр үл барам, харин ч компанийн дээд удирдлагуудтай нөхөрлөж амжжээ. Груберийн өгүүллэгүүдэд “Apple”-ийн техникийн шинэ бүтээлийн тойм, нөөц баялагийн бусад эх сурвалжаас авсан тайлбарууд гардаг байлаа. Компанийн удирдлага ч сардаа 5 сая хэрэглэгч ордог блогын эзэн эртэй түнжин хагарч зүрхэлдэггүй байлаа. Одоо бол “Apple” түүнтэй худалдаанд гаргаж амжаагүй байгаа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг хуваалцаж, түүнд зориулан мэргэжлийн үзүүлэх сургалт зохион байгуулж, ер нь найрсаг харьцаатай байхыг тал бүрээр эрмэлзэж байна. Албан бус мэдээгээр Жон Грубер өөрийн блогоор болон “Daring Fireball”-ын логотой футболкийн худалдаанаас жилдээ 500 мянган ам.долларын орлого олдог аж.
Гай Кавасаки бол “Apple”-ийн ууган ажилчдын нэг юм. Анх тэр 1983 онд “Apple”-д орсон бөгөөд 1987 онд өөр компаниас илүү сонирхолтой санал авч шилжсэн ч 1995 онд “Apple”-д маркетлогоор эргэж ирэв. Түүний “Apple”-д ажиллаагүй байх үе буюу 1990 онд бичсэн инновацийн бизнес ба маркетингийн ном нь “The Macintosh Way” гэдэг нэртэй байлаа. Тэр цагаас хойш энэ систем найдвартай ажиллаж байна. Өдгөө Кавасаки “Apple”-д аль хэдийнээс ажиллахаа больж хамааралгүй болсон ч домогт компанийн нэртэй холбоотой, хамгийн эрэлт ихтэй зөвлөх-бизнесмен, ажил хэргийн бестселлерүүдийн зохиогчийн нэг хэвээр үлджээ. Түүний ажил хэрэг үнэхээр сайн байсан бөгөөд Стив Жобсыг нас барсны дараа “The Macintosh Way” номоо “e-book” болгон үнэ төлбөргүй тараан бүр олон хүний хүртээл болгожээ.
“Apple”-ийн ээлжит шүүн байцаах ажиллагааны үеэр компанийг өмгөөлсөн “Morrison Foerster” өмгөөлөгчдийн пүүс шиг идэвх зүтгэлтэй хандсан хүн нэг ч байгаагүй байх. Одоо “Apple” компани “Morrison Foerster” хууль зүйн пүүстэй хамтран ажиллаж байна. Уг пүүс нь 1883 онд Сан-Франциско хотод анх байгуулагджээ. Компани бүр эхнээсээ л өндөр технологийн салбарт ажил үйлчилгээ явуулдаг түншүүдийг сонирхож байсан ба тэдний хуульчид голдуу 1995 онд Цахиуртын хөндийд анхлан цуглагсдаас бүрдэж байлаа. Хууль зүйн “Morrison Foerster” пүүс янз бүрийн зарга заальхаанаас 1.4 сая ам.доллар жилдээ олдог.
Жобс 2004 онд хорт хавдраар өвдсөнөө мэдсэнээс хойш өөрийн намтрын хувь заяаг Уолтер Айзексонд даатгажээ. “Стив Жобс” ном “Apple”-ийг үүсгэн байгуулагчийн нас барсны дараа хэдхэн долоо хоногийн дараа хэвлэгджээ. Энэхүү намтрын эзэн өөрийн түүхийг уншиж амжсангүй. Гэвч найз нөхөд, хамтран зүтгэгчид нь энэ ном одоохондоо Стив Жобсын амьдралын тухай хамгийн магадтай эх булаг гэж нотолж байна. Худалдаанд гарсан эхний 7 хоногт 380 мянган хувь борлогджээ. Amazon.com онлайн дэлгүүр энэ номонд “2011 оны худалдааны хит” гэдэг хүндэт цол олгов. Номын дундаж үнэ хэвлэмэл ном 25 ам.доллар, цахим ном 20 ам.долларын үнэтэй. Гэвч номын худалдаанаас олсон орлого Айзексоны цорын ганц баялаг биш байлаа. “Facebook”-ийн тухай “Нийгмийн сүлжээ” киног хийсэн амжилтаараа жигүүрлэсэн “Sony Pictures” киностуди “Стив Жобс” -ийг хэвлэлтээс гарангуут номыг дэлгэцэнд гаргах зөвшөөрлийг зохиогчоос авчээ. Хэлэлцээрээр киностуди зохиогчид ойролцоогоор 1-3 сая ам.доллар төлжээ. “Жобс” товчхон нэртэй киноны гол дүрийг Холливудын жүжигчин Эштон Катчер бүтээхээр болжээ. Киног 2013 онд хийхээр төлөвлөсөн.
Орчуулсан: Ж.БАДАРЧ
URL: