Сироп найруулагчид үнэнээ өчив
Хатуу ширүүн уур амьсгалтай, эргэх дөрвөн улиралтай атлаа манайхан өвөл зунгүй “100 хувь” жимсний жүүсээр амны цангаагаа тайлдаг азтай хүмүүс гэлтэй. Өөрсдийн хэрэгцээг хангаж чадахуйц алим тарьж чаддаггүй атлаа үндэсний үйлдвэрлэгчид маань энд тэндхийн төрөл бүрийн жимсээ “шахаж” ундаа, шүүсээ найруулсаар байдаг. Хэрвээ хүмүүс анзаарсан бол “Bio juice” гэхэд жимсээ бараг л таван тивээс л импортолдог мэтээр сурталчилдаг. Харин хэрэглэгчид маань арай ухаантай юм болохоор ШӨХТГ-т энэ талаар удаа дараа санал гомдлоо ирүүлжээ. Үүний дагуу жүүс үйлдвэрлэгч компани, аж ахуй нэгжийн удирдлагуудтай ШӨХТГ-ын дарга О.Магнай уулзаж ярилцлаа. “Хэрэглэгчдээс удаа дараа гомдол ирсэн байна аа.
Зурагтаар гарч байгаа рекламаар бол жимс шахсан ямар ч хольцгүй цэвэр шүүс гэх юм. Гадаадаас жимс оруулж ирээд шахаад байдаг юм уу, эсвэл сироп оруулж ирээд устай найруулж зардаг юм уу гэдэг нь яах аргагүй асуудал. Үүний дагуу би гаалиас мэдээлэл авахад дандаа нектар орж ирдэг гэх юм. Жүүсийг стандартын дагуу бол цэвэр, өтгөрүүлсэн, сэргээсэн гэх зэргээр ангилдаг. Манай жүүснүүд бол хуурай жүүсийг усаар найруулдаг тул сэргээсэн жүүс гэсэн шошго тохирох юм байна гэсэн бодол надад байна. Цэвэр жүүс бол шинэхэн байдлаа хадгалж ирсэн жимс, жимсгэнэ, ногооноос механик аргаар боловсруулж гаргаж авдаг. “UFC” гэх мэт тодорхой хэдэн компани бол чацарганыг байгалийн цэвэр бүтээгдэхүүн шахаж байгаа.
Энэ бол тусдаа гэдгийг хүмүүс ойлгох байх. Сэргээсэн жүүс хэмээн шошгоо өөрчлөх нь зөв биз дээ. Та нар надад санал гомдлоо хэлээч” гэв. “Витафит” компанийн үйлдвэр эрхэлсэн дэд захирал Т.Сайнбилэг “Та бүхэн хаяг, шошгоо өөрчилж, ойролцоогоор арав хоногийн дараа мөрдөнө гэлээ. Хөгжилтэй оронд ийм төрлийн стандарт журмыг найман сарын дараанаас хэрэгжүүлдэг. Өнөөдөр хяналтын байгууллагууд биднээс шаардах нь зөв. Гаргаад баталчихсан хуулийг биелүүлнэ. Гэхдээ 14 хоног дэндүү бага хугацаа. Зөвхөн манай компанид байгаа үлдэгдлээ би хэлье л дээ. Манай компанид өнөөдрийн байдлаар гэхэд 51 нэр төрлийн 46 сая шошго байна. Энэ нь үнийнхээ дүнгээр ойролцоогоор 940 мянган ам.доллар буюу нэг тэрбум 320 сая төгрөг болно. Хуулиа биелүүлбэл бид үүнийг устгах хэрэгтэй болно. Энэ хөрөнгө мөнгийг яах вэ” гэсэн юм. О.Магнай дарга үүнд шуудхан л бухимдав. “Би таниас нэг юм асууя. Танай компани гадаадаас жимс оруулж ирдэг юм уу” гэхэд тэрээр “Ямар ч компани монголд жимс оруулж ирдэггүй” гэлээ. О.Магнай “Энэ яах аргагүй хэрэглэгчдийг төөрүүлж байгаа хэлбэр. Тэгэхээр одоо Монгол Улсад мөрдөгдөж байгаагаар бол цэвэр жүүс гэж болохгүй. Сэргээсэн жүүс гэж нэрлэе ээ гэж байна. Сүүлийн үед үйлдвэрлэгч нартай ярихаар өөдөөс хугацаа яриад байгаа байхгүй юу. Би хугацаа батлаагүй. Тэр хугацааг чинь хуулинд заасан байдаг. Хуулийг мөрдөх гэж л гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг л асуудал байгаа юм. Европ, Хойд Америкт асуудал ямар байдаг билээ. Монгол ч гэсэн адилхан болох болсон. Хууль батлагдвал тэрийг бүгдээрээ дагаж мөрддөг. Урьд нь ямар байсан нь хамаагүй. Одоо батлагдсан дүрэм журмаа л мөрддөг болъё. Нэг сарын хугацаа өгөөд, батлагдсан стандартаас зөрсөн жүүснүүдийнхээ алдааг зас. Бид нарт ямар эрх байна вэ гэхээр хэрэв алдаа засаагүй бол бүх дэлгүүр, хүнсний зах руу бичиг явуулаад энэ бүтээгдэхүүнүүдийг заруулахгүй. Мэдээж, сироп найруулж зарахыг монголд зөвшөөрч байгаа. Тэрийгээ бич л гэж байна шүү дээ” гэсэн юм. “Тоёота” зах зээлээс 7.5 сая автомашин татаж болоод байхад та нар яагаад супермаркетуудаас жүүсээ буцаагаад авчихаж болдоггүй юм гэлээ. Компаниудын төлөөлөл хэвлэлийнхнийг гаргаад асуудлыг хэлэлцье хэмээн хэлэлцээрийн ард дахин суухаар үлдэцгээсэн юм. Мэдээж хэрэг шийдвэр хэрэглэгчийн талд гарах байх. Сүү үйлдвэрлэгч компаниуд ч алдаагаа засч реклам сурталчилгаагаа хүртэл шинэчилчихэж. “Golden milk” хуурай сүүгээ худалдан аваарай гээд шторк явж байх жишээтэй. Юутай ч үндэсний үйлдвэрлэгчид маань сироп найруулж тэрбум, тэрбумаар нь олдгоо зөвшөөрөв.
У.Бадам assaa
URL: