Гишүүд нэг тэрбумаасаа хагацав

УИХ-ын чуулганаар 2013 оны төсвийн төслийг ид хэлэлцэж байна. Энэ нь хууль тогтоогчид, гүйцэтгэх засаглалын төдийгүй олон нийтийн хувьд ч анхаарал хандуулах, нухацтай хэлэлцэх асуудлын нэг билээ.

Засгийн газар ирэх оны төсвийн орлого долоон их наяд төгрөг байхаар заасан нь энэ жилийн төсвөөс 1,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Ирэх оны төсвийн орлогын төлөвлөлтөнд татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар татварын хувь, хэмжээг өөрчлөхгүй, улмаар эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх гэсэн бодлогыг баримтлалаа.

Тэгвэл төсвийн урсгал зардал дөрвөн их наяд найман зуун тэрбум төгрөг байх юм. Үүнээс Улсын төсвийн урсгал зарлага 3,910.6 тэрбум төгрөг, Орон нутгийн төсвийн урсгал зарлага 1,982.7 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн урсгал зарлага 1,061.4 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангийн зарлага 284.2 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.

Ирэх онд хөрөнгө оруулалт  1,4 их наяд төгрөг байхаар төсөвлөжээ. Энэ хөрөнгө оруулалтын 1,1 их наяд нь өнгөрсөн жилийн бүтээн байгуулалтыг гүйцээхэд зориулах юм байна. Шинэ хөрөнгө оруулалтын зардалд 300 тэрбум төгрөгийг тусгасан байна. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй, эдийн засгийн бодит өсөлт 13,5 хувьтай байна хэмээн төсвийн төсөлд боловсруулжээ. Түүнчлэн уг төсөлд газрын тосны бүтээгдэхүүн, 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн татварын хөнгөлөлт цуцлагдсан.

Ирэх оны төсөвт нэгэн онцгой зүйл байгаа нь өмнө нь УИХ-ын гишүүдэд тойрогтоо хөрөнгө оруулалт хийхэд зориулан нэг тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Тэгвэл энэ удаад гишүүдийн хөрөнгө оруулалтын тэрбум төгрөгийг зогсоосон байна. Ирэх онд Хүний хөгжил сангийн зардалд 283 тэрбум төгрөг төлөвлөгджээ. Тэгвэл 621 орчим тэрбум төгрөгийн орлого орно гэж тооцсон аж. Харин Хүний хөгжил сан 924 тэрбум төгрөгийн өртэй байгаа бөгөөд хувь хиш-гээ аваагүй иргэд мөнгөө авахыг хүсэн хүлээж байгаа. Тэгвэл төсөвт орж ирэх мөнгөнөөс хүүхдийн мөнгө өгөөд, өмнөх өрнөөсөө хугаслахаар төлөвлөжээ.

Ирэх оны төсөв ерөнхийдөө нэг иймэрхүү. Харин төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төсөв нэлээн өөдрөг маягаар хийгдэж байна. Гэхдээ хүн төвтэй, үнэт зүйл рүү чиглэсэн төсөв гэж хэлж чадахгүй байна. Далд эдийн засагтай хэрхэн тэмцэх нь харагдахгүй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Энэ төсөв анхааруулштай сайн талууд байна. Гэхдээ ард иргэд, хүндээ хандсан төсөв болж чадаагүй гэдгийг хэлмээр байна. Зарим арга хэмжээнээс ухрах хандлагатай болжээ.

Эмч, багш нарын цалин, хөнгөлөлт арга хэмжээг хасах байдалтай байна” хэмээн шүүмжиллээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Энэ удаагийн төсвийг шинэчлэлийн гэж хэлэх зүйл бага байна. Бодлогоо зангидаж чадаагүй төсөв болжээ” гэж өөрийн дүгнэлтээ хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “2013 оны дэлхийн эдийн засгийн хямралыг тооцсон байгаа. 2013 онд сул мөнгө байж болохгүй, хавтгайрсан мөнгө тараах зүйл бүр ч байж таарахгүй. Бүсээ чангалан бүгд хөдөлмөрлөх ёстой” гэлээ.

С.СОЛОНГО

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих