Японы сайд якуза нартай холбоотой юу?
Японы Хууль зүйн сайд Кейшо Танака тус улсын Йокохама хотын зохион байгуулалттай гэмт бүлэглэл якуза нартай холбоотой гэсэн мэдээлэл өнгөрсөн пүрэв гаригт “Шукан Шинчо” гэх сэтгүүлд нийтлэгджээ. Өдгөө 74 настай Кейша Танака олон жилийн өмнө гадны нэгэн компанид хууль бус мөнгөн хандив өгсөн бөгөөд энэ үеэр якузагийн бүлэгтэй холбогдсон хэмээн тус сэтгүүлийн нийтлэлд дурджээ.
Хууль зүйн сайдын талаарх дээрх мэдээлэл олон нийтэд тархсаны дараахан Ерөнхий сайд Ёшихико Нода тэргүүтэй Засгийн газрын албаныхан энэ асуудлын талаар авч хэлэлцсэн ч Кейшо Танакаг огцруулахгүй гэдгээ өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Хууль зүйн сайд Танака дээрх хэрэгтэй холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр одоогоос 30 жилийн өмнө мафийн гишүүнтэй уулзаж байсан, гэхдээ түүнийг якуза нартай холбоотой гэдгийг огт мэдээгүй хэмээн онцолжээ.
Олон нийтэд хамгийн их шуугиан тариад байсан уг хэргийн талаар Японы Засгийн газрын тэргүүн Нода гучин жилийн өмнөх уг хэргийг нарийвчлан мөрдөн шалгасан бөгөөд сэтгүүлд гарсан нийтлэл нь нотлох баримтгүй, Хууль зүйн сайд Танкаг огцруулах үндэслэл байхгүй хэмээн мэдэгджээ.
Э.АНХТУЯА
URL: