Б.Жаргалсайхан: Царай муутай болохоор хүүхнүүд намайг сонирхдоггүй байс тоодоггүй

БНН-ын дарга Б.Жаргалсайхан улс төр, эдийн засгийн сэдвээр байнга шахам ярьдаг. Тэгвэл, морь бөх, хөөрөг даалин, хувцас хунар, тэр дотроо хүүхнүүдийн тухай ямар бодолтой явдаг бол. Энэ тухай хэгжүүн хариултуудыг хүргэж байна. Учир нь ийм сэдвээр тэр хэзээ ч ярилцлага өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс ярилцлага гэчихвэл угийн хэдэр зантай эрхэм зад загнах биз. Ямар ч гэсэн асуусан,тэр хариулсан нь энэ.

-Таныг хурал цуглаан дээр л харж байснаас хүнсний зах орж явахыг хараагүй юм байна. Та ер нь хоол хийж үзсэн үү?

-Ажил их болохоор гэрийн ажилд оролцож чаддаггүй ч барааны үнэ ханшийг хэнээс ч илүү мэднэ. Харин хоол хийхдээ маруухан. Өглөө эрт гарч, үдэш орой харьдаг болохоор эхнэрийнхээ хийсэн бэлэн хоолыг идчихдэг юм. Тэгээд ч манай хүн намайг гэр орны ажилд оролцуулдаггүй, арын албыг бүрэн хариуцдаг.

-Хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ хэр хатуурхдаг вэ. Алганы амт үзүүлнэ биз?

-Би хүүхдүүддээ гар хүрэх байтугай загнаж үзээгүй. Тэд маань зэмлүүлэхээр хэрэг хийдэггүй. Хүүхдийг хатуу гараар хүмүүжүүлэх буруу, харин багаас нь бие даалгаж сургах нь чухал. Хүүхдүүдийнхээ төлөө зүтгэх нь миний үүрэг. Тэднийхээ хүсэл сонирхол, сурлага хөдөлмөрийг ямагт дээгүүр тавьдаг. Би өөрийгөө сайн аав гэж хэлнэ.

-Тэгвэл та өөрөө ямар хүүхэд байв. Алганы амт хүртэж байв уу?

-Миний аав офицер хүн байлаа. Зоотехникч мэргэжлтэй ч насаараа нягтлан бодогчоор ажилласан. Миний аав хүүхдүүддээ үлгэр дууриал болсон сайхан аав байсан. Биднийг нэг ч удаа алгадаж, аашилж загнаж , байсангүй. Бид ч тийм хүмүүжилгүй байгаагүй. Ааваасаа олон сайхан чанарыг нь өвлөж авсан.

 -С.Баярын бичсэнчлэн та “40 мянгатын хулиганууд”-ын нэг биз?

-Хулигаанууд байсан байлгүй дээ. Би хулигаантаж, дүрсгүйтэж явсангүй. Харин нисэх загварын дугуйланд явдаг шинийг санаачлагч хүүхэд байлаа.

-Өвөө чинь лам байсан гэсэн. Та шүтлэгтэй юу?

-Өвөө минь Булган аймгийн Хөгнө хааны хүрээний том лам байж хэлмэгдэж явсан гэдэг. Харин би шүтлэггүй. Гэхдээ өвөөгийнхөө насаараа шүтэж байсан бурхны шашныг хүндэтгэж, Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээхэд 14 сая төгрөг хандивласан.

-Гандан хийдийг машинтай болгож байсан нь үнэн үү?

-’’Кадиллак” машин бэлэглэж байсан.

-Та 10 жилийн ангийн найзуудтайгаа одоо ч уулздаг, сайн найзууд хэвээрээ гэл үү?

-Багын найзууд шиг үнэнч, сайхан нөхөд үгүй. Миний 10 жилийн ангийн найзууд одоо ч манай компанид ажиллаж, зарим нь улстөрд цуг явж байна.

-Эрчүүд дээл бүс, хөөргөөр гангардаг. Харин та дээл өмсч харагдаггүй?

-Дээл өмсөхгүй монгол хүн хаа байх вэ дээ. Надад дээл зохидог. Харин хөөргийг нас ахисан хойноо хэрэглэнэ гэж боддог.

-Таны үеийн улстөрч, бизнесмэнүүд мяраалж, та харин жин нэмэхгүй юм аа?

-Хүний таргалж, турах нь сэтгэхүйтэй нь холбоотой. Таргалалт бол өвчин шүү дээ. тэгээд ч таргалаад яах юм бэ. Манайхан удмаараа туранхай хүмүүс.

-Та цэмцгэр, дэгжин хувцасладаг. Хувцасны сонголт хийхэд эхнэр тань тусладаг уу?

-Арван жилд байхын л орос багш нар сурагчдынхаа хувийн соёлд өндөр шаардлага тавина. Бас ээж минь хар багаас ариун цэвэр, ахуйн соёлыг дээд зэргээр сахиулдаг, өлөн хиртэй хувцастай явуулж үзээгүй. Би хувцсаа өөрөө сонгодог, надад ямар ч хувцас зохидог юм.

-Олны танил, таны үеийн эрчүүд охид хүүхнүүдтэй ихээхэн нэр холбогддог. Харин таны тухай тиймэрхүү мэдээлэл дуулдаж байгаагүй юм байна шүү?

-Загвар өмсөгч нэг бус хүүхнүүдтэй холбож бичсэн гэсэн. Тэр болгоныг тоодоггүй. Жагааг бичсэн сонин гүйлгээтэй байдаг юм бол бичээд хэдэн төгрөг олно л биз. Тэгээд ч би сонин уншдаггүй. Сонин уншихаар яс хавталзаад хэцүү байдаг юм.

 
-Таныг хүүхнүүд эргүүлэх юм уу?

-Царай муутай болохоор хүүхнүүд намайг сонирхдоггүй бас тоодоггүй. Эр хүний хувьд надтай танилцъя гэсэн бүсгүй таарсангүй. Харин миний үгийг эрчүүдээс илүү хүүхнүүд сонсдог юм билээ. Сонгуулийн үеэр бүсгүйчүүд намайг ихээхэн дэмжиж байсан. Өнөөгийн Монголд ачааны хүндийг хүүхнүүд үүрч явна. Тэднийгээ хүндлэх хэрэгтэй.

-Та бөх сонирхдог уу?

-Монгол хүн юм чинь бөх үзэлгүй яахав.

-Тэгвэл сүмо сонирхдог уу?

-Байнга үзээд байдаггүй ч нутгийн бөхчүүдээ дэмждэг.

-Таны хобби юу вэ?

-Шоу тоглолт. Мөнгө олох зорилгоор биш залуучууддаа юм үзүүлье гэж Киркоров, Дижэй Бобо, Модерн Токинг, Т.Ариунаа, “Номинталст” хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байлаа.

-Та зохиолын дуу сонсдог уу?

-Сонсдоггүй. Хүний хөдөлмөр шингэсэн болохоор сонсох хүн байдаг байлгүйдээ.

-Нэг үеэ бодвол монголчуудын амьдрал дээшилсэн. Монголд баян хүн байна уу?

-Ертөнцийн томчуултай харьцуулахад юу ч биш. Өнөөдөр монголчууд унаж яваа унаа, эдэлж, хэрэглэж байгааг зүйлээрээ гайхуулан баярхах биш, хийж бүтээснээрээ уралдах цаг.

-Хүмүүс таныг Монголын толгой баячуулын нэг гэлцдэг. Та хэр их хөрөнгөтэй хүн бэ?

-Орост оюутан байх үеэс л наймаа хийсэн. Дээд курсын сэргэлэн наймаачин ах нараас анх наймааны ухаанд суралцсан. Монголын ноос, ноолуурын чиглэлээр үйлдвэрлэл явуулж эхлэхэд зарим хүний нүд хорсч, энэ муу Жаргалсайхан гэж дийлдэхгүй луйварчин, баян хүн гарч ирлээ гэж элдвээр дарамталж, шоронд хүртэл хийж байсан.

Гэхдээ би шантраагүй, зорьсноосоо буцаагүй. Тэгж явж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Би олон хүнийг надаас илүү болоосой, сайхан амьдраасай гэж хүсдэг. Мөнгөтэй нэгэндээ атаархалгүй, яаж мөнгөтэй болох вэ гэдгээ олж харсан хүн л амжилт гаргана.

-Та өөрийгөө тэвчээртэй гэж хэлээд байна уу?

-Би тэвчээртэйгээс гадна хөдөлмөрч хүн шүү.

-Тэгвэл, бид залхуугаасаа ядуу амьдарч байна гэсэн үг үү?

-Манайхан залхуу бас атаархуугаасаа ядуу амьдарч байна. Нэгийгээ өөдтэй явбал атаархана. Элдвээр хэлнэ. Тэгээд бас юм мэддэг дүр эсгэчихнэ. Их зовлонтой.

Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих