Чухам ямар үзэгдэл болох юм бэ?

2012 оны 12 дугаар сарын 21- нд манай гарагтай холбоотой сансар эрхсийн чухам ямар үзэгдэл болох юм бэ? Шинжлэх ухааны болон одон орон судлалын эрдэмтдийн мэдээлж буйгаар энэ өдөр дэлхийн туйл солигдох магадлалтай гэж үзэж байгаа аж. Энэ өдөр дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ гэсэн байна.

 

Мөн энэ өдөр Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна. 2012 оны 12 дугаар сарын 21 -нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм байна. Үүнийг дэлхий ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг хэмээн тайлбарлах хүн ч байгаа юм.

 

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн нарийн бичгийн дарга, доктор Н.Дэмбэрэлээс энэ талаар тодруулахад “Урд нь 2000 оны 5 дугаар сарын 5-нд нарны аймгийн гарагууд нэг шугаман дээр давхцаж дэлхий сөнөнө гэж ярьж бичиж байсан. Дэлхий сүйрэх тухай цуу яриа анх удаа гараад байгаа нь энэ биш.

 

Хүмүүсийн хамгийн ихээр итгэж буй зүйл нь “Маяачуудын цаг тооны бичиг” энэ өдөр дуусч байгаатай холбоотой. Уг хуанли нь дэлхийн сүүлчийн өдрийг тэмдэглэсэн бус, тэдний тооллоор нэг эрин дуусч, шинэ мөчлөг эхэлж буйг тэмдэглэсэн байдаг” гэв. Тэгвэл Одон орон, геофизикийн судалгааны төвийн доктор, секторын эрхлэгч Д.Батмөнх “Нарны аймгийн гарагууд нэг шугаман дээр жагсах нь их ховор үзэгдэл биш шүү дээ.

 

Дэлхий, Сугар, Бархасбадь, Ангараг, Санчир, Тэнгэрийн ван гараг 20 жилд нэг удаа нэг шугаман дээр жагсах жишээтэй. Гэсэн хэдий ч дэлхий сөнөх буюу түүнд онцгой аюул учруулах хэмжээнд хэзээ ч хүрч байгаагүй. Дэлхий 4,5 тэрбум жил наслахдаа энэ үзэгдлийг олон удаа үзсэн. Өөрөөр хэлбэл гарагууд маш олон удаа давхцаж, түүний давтамж нь ч олон жилийн турш давтагдсаар байсан.

 

Дэлхий болон нарны аймгийн том гарагууд өнгөрсөн олон сая жилийн хугацаанд өөрийн тойрог замаа сайн цэвэрлэсэн байдаг учир сансрын том биетүүдтэй мөргөлдөх магадлал маш бага.

 

3өвхөн солир болон сансрын жижиг биетүүд л дэлхийд унаж, ихэнх нь агаар мандалд шатаж дуусдаг. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнууд болон олон улсын хамтын үйл ажиллагааны хүрээнд дэлхийд аюул учруулж болохуйц сансрын биетүүдийг ажиглах, тойрог замыг тооцоолох ажлыг тогтмол хийж байдаг. Ойрын үед дэлхийг сөнөөх тийм биет ажиглагдаагүй байгаа учир тайван байж болно.

 

Дэлхийн олон эрдэмтэн, судлаачид ойрын жилүүдэд дэлхий сөнөх хэмжээний аюул гарахгүй гэж баттай хэлж байгаа” хэмээх тайлбар өгч байна. Дэлхий сөнөх юм гэсэн цуу яриа бүр Галлейн үед гарч үй олон хүнийг хямруулж байсан баримт байдаг. Тэр үед бичиг үсэгтэн ховор, сүсэг бишрэлтэн дийлэнх байснаас Европ даяар айдас хүйдэс нөмөрч, бусдын эд хөрөнгийг сүйтгэх явдал хавтгайрсан гэдэг.

 

Олон нийтэд хамаарал бүхий цуу яриа нь хуурай өвсөнд ассан гал шиг түгдэг. Бусдыг айлгах нь зарим нэгэнд таалагддаг учраас аль болох олон хүнийг хамруулахын тулд дэлхийтэй холбох буюу газар хөдлөх, үер буух гэхчилэн ярьж, түүнийг нь мэрэгч төлөгч нар улам давраадаг нь түүхэн зуршилтай юм билээ. Муу эр дайнд хөөрнө гэдэг бол өнөө цагт муу эм нь ч хөөрдөг бололтой.

 

Энд тэндхийн зарагдахаа больсон барааг шинэ саванд хийснийг шинэ бүтээгдэхүүн хэмээн төөрөлдөн зарах гэж хүн хүнийг гуйж, амлаж явдаг Г.Оюунгэрэл гэх хатагтай дэлхий сөнөнө гэдгийг итгүүлэх гэж ядаад өөрийн бэлтгэл ажлаа хүртэл дэлгэжээ. Тээр жил яалаа, Икар дэлхийтэй мөргөлдөх юм гэсэн сургаар халуун зунаар хэдэн малаа нядалж идчихээд товлосон гэх өдрийн маргааш нь модоо барьсан хүмүүс цөөнгүй байв даа.

 

Үгэн итгүүлэг гэдэг нэр томъёо байдаг, үүнд монголчууд автамтгай шүү дээ. Нэг зүйлийг олон дахин ярьж, нэг чихнээс нөгөө чихэнд дуулгасаар байтал тэр нь итгэл үнэмшил төрүүлэхийг үгэн итгүүлэг гээд байгаа юм. Нийгмийн сэтгэл зүй дээр дөрөөлөн нэр алдар олох гэсэн, ашиг хонжоо хайсан явуургүй хүмүүсийн цуу яриа олныг айдас түгшүүрт автуулж байгаа нь нэн харамсалтай.

 
Дэлхий сөнөх гэж буй тухай цуу яриаг гаргах шалтгаан болсон гээд байгаа Маяа омгийнхон өнөөгийн бидэнд юу гэсэн гэрээслэл үлдээж орхив оо. Өнөө хэр төв америкт үр удам нь оршин амьдарсаар байгаа Маяа омгийнхон манай эриний 250-900 оны үед бичиг үсэг зохиож, урлаг, соёлыг хөгжүүлтлээ өндөр түвшинд хөгжиж иргэншсэн, бас дээр нь одон орны гайхамшигтай өндөр мэдлэгтэй байсан гэлцдэг.

 

Тэдний зохиосон он тооллын нэгэн эрин буюу бактун 5125 жил үргэлжлэх аж. Энэ эрин буюу Маяачуудын зохиосон он тооллын хуанли 2012 оны 12 дугаар срын 21-нд төгсөнө гэж эртний баримт бичигт тэмдэглэгдэн үлдсэн ажээ. Чухам эндээс л 2012 онд дэлхий сөнөнө гэсэн цуу яриа гарсан байж болзошгүй юм. Маяагийн он тооллыг судалдаг зарим эрдэмтдийн үзэж буйгаар энэ оны нэрлэгдээд байгаа өдөр тэнгэрийн заадас нарны замтай огтлолцох үзэгдэл тохиох аж.

 

26000 жилд ганц тохиох энэ үзэгдлийн нөлөөгөөр газар дэлхий дээр гоц ухаантнууд, авьяастнууд олноор төрөх магадлалтай гэсэн байх юм. Домог хууч яриа, шинжлэх ухааны аль нь үнэн, аль нь худал гэдгийг хэлж мэдэхгүй ч хүн төрөлхтөн шинжлэх ухаанд итгэж, байгал цаг уурын өөрчлөлт, од эрхсийг судлаад чамлахааргүй хугацааг үдсэн билээ. 12 дугаар сарын 21-ний өдрийг л хүлээх үлдлээ. Хэрвээ энэ өдөр дэлхий сөнөхгүй бол хийрхэн дүвчигнэгчдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

Дэд хурандаа П.Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо”


URL:

Сэтгэгдэл бичих