Мааньтын хорих ангиас оргосон хоригдлуудыг баривчиллаа

Мааньтын хорих ангид ял эдэлж байсан дөрвөн ялтан уржигдар 14.00 цагийн орчим оргосон. Тус хорих ангийн хорих байрны багтаамж хүрэлцэхгүйгээс ялтны шинэ хорих байр барьж байгаа. н.Хулансамбуу, н.Одмөнх, н.Баясгалан, н.Баатархүү гэсэн дөрвөн хүмүүжигч тус барилгын ажил дээр ажиллаж байхдаа оргосон байна. Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж гурван ялтныг оргосноос хойш 10 цагийн дотор Улаанбаатар хотоос олж баривчилсан. Эдгээр гурван ялтныг олж баривчлахдаа олон нийтэд аюулгүйгээр дахин гэмт хэрэг үйлдэх боломж, нөхцөл олголгүйгээр баривчилсан тухай холбогдох байгууллагаас мэдээлсэн юм. Харин н.Хулансамбууг өчигдөр 14.00 цагийн орчимд нийслэлээс баривчилсан байна. Тэрээр урьд нь хорих ангиас оргож байсан удаатай гэнэ. Дээрх ялтнууд 20-25 настай бөгөөд гурван жил, зургаан жил есөн сар, зургаан жил нэг сар, хоёр жилийн ял шийтгэл эдлэх ёстой байжээ.

Х.ЦЭНД-АЮУШ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих