Жүүс үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг хохироож байна гэв
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар жүүс болон сүү үйлдвэрлэгч, импортлогч компаниудын төлөөлөлтэй өчигдөр уулзаж шаардлага тавьжээ. Тус газраас сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн сав баглаа, боодолд хяналт шалгалт хийдэг аж. Шалгалтад импортоор орж ирж буй сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглаан дээр тухайн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг гадаад хэлээр бичих, дотоодын үйлдвэрлэгчид орц найрлагаа дутуу бичиж иргэдэд бүтээгдэхүүний талаар буруу ташаа мэдээлэл өгдөг зэрэг зөрчлүуд гарсан байна. Иймд импортлогч болон үйлдвэрлэгчдэд сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ шошгыг стандартын дагуу болгохыг тус газрын дарга О.Магнай анхааруулав. Түүнчлэн жүүс үйлдвэрлэгч компаниудын удирдлагуудад жүүснийхээ нэрийг сольж иргэдийг төөрөгдүүлж хохироолгүй хуулиа хэрэгжүүлж ажиллахыг үүрэгдсэн юм. Тэрээр “Манай үйлдвэрүүд жимс боловсруулж бус сироп найруулж жүүс гаргадаг атлаа цэвэр жимсний жүүс гэж рекламдан худалдаж иргэдийг хохироож байна. Гэтэл нэрээ сольж шошгон дээрээ орц найрлагаа үнэн зөвөөр бичих тухай холбогдох хууль гараад зургаан сар өнгөрч байхад өнөөг хүртэл үйлдвэрлэгчид ямар нэг алхам хийхгүй иргэдийг хохироож байна” гэв. Харин жүүс үйлдвэрлэгч компанийн зүгээс “Бид 2003, 2012 оны хоёр хуулийн заалтын чухам алийг нь барьж ажиллахаа мэдэхгүй байна. 2003 оны заалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж болно гэж НМХГ-аас үзэж байгаа. Гэтэл энэ оны заалтад хууль зөрчөөд байна гэх юм. Үнэндээ бидэнд өчнөөн тэрбум төгрөгийн шошгоны бэлдэц байгаа. Түүнийгээ зүгээр л хаях болно” хэмээн байр сууриа илэрхийлэв. Ямартай ч дээрх компаниудад асуудлаа ирэх сарын 11 сар гэхэд арилгахгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдэв.
Д.ДАВААСҮРЭН
URL: