Монгол цагдаа таныг хамгаалах уу?

Монгол цагдаа Монгол иргэнээ биш хятад хүнийг хамгаалдаг юм байна гэдэг дүгнэлтэнд хүрлээ гэж нэгэн эмэгтэй хэллээ. Энэ үг зүгээр ч нэг түүний амнаас уначихсан үг бус цагдаа хүний үйлдлээс хятад хүний ар талаас харагдаж байгаа юм. Ингэж хэлэхийн учир нь Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд Байрлах Богд-Ар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Шайнинг” нэртэй хэнд ч дийлдэшгүй хятад үсчний газартай холбоотой. Тус үсчний газраар үйлчлүүлээд толгойн үс нь юу ч үгүй ховхорч унасан, бухимддаа илэрхийлсэн хохирогч эмэгтэйг хятад үсчингүүд бүлэглэн зодсоны балгаар эхийнхээ хэвлийд бүрэлдээд байсан нэг сартай ураг зулбасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тус үсчний газраар үсээ будуулсан эмэгтэйн хохирлын талаар дахин нэг удаа цухас Дурдья. Бүсэлхий шүргэсэн хар үстэй толгойг “Шайнинг” үсчний захирал Хавраа гэх монгол нэртэй хятад эмэгтэй бор өнгөөр будаж өгөхийг санал болгосноор хохирогч эмэгтэй зөвшөөрч уг хэргийн эхлэл тавигдсан юм. Хохирогч эмэгтэй үсээ будуулаад угаалгах үед түүний ус туг тугаараа хуйхнаасаа салж унаж эхэлсэн бөгөөд үсний будагнаас өгсөн харшил эмэгтэйн дотор эрхтэнд хүчтэй нөлөөлснөөр шээс нь гарахаа больж, долоо хоногийн турш тэрбээр хоол ч идэж чадаагүйн зэрэгцээ орноосоо ч босч чадахгүй  байсан юм.

 

Түүнчлэн үснээсээ салсан хуйханд нь битүү идээ туурсан байдаг. Нэг жилийн өмнө ижил байдлаар үснээсээ хагацсан бас нэгэн эмэгтэй байгааг сануулъя. Хохирогч эмэгтэйн үс бүрэн унах үед хятад үсчний газар очин бухимдлаа илэрхийлсэн нь хэвлийдээ бойжиж байсан үрээ алдахад хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл түүний гаргасан ааш авир нь хятад үсчингүүдийн зэвүүг хүргэж, тэд бөөнөөрөө нийлэн хохирогчийг толгой түрүүгүй гөвшиж, эцэст нь үсчний газрын захирал Хавраа гэх эмэгтэй түүний давсаг руу хэд хэдэн удаа өшиглөснөөр давхар биетэй гэдгээ мэдээгүй байсан эмэгтэйн ураг зулбасан. Нэвширтлээ гөвшүүлсэн эмэгтэй их хэмжээний цус алдан үсчний газраас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэр цагаас хойш бие нь тэнхэртэл 14 хоног эмнэлэгт хэвтээд тав хоногийн өмнө эмнэлгээс гарсан юм.

 
Эл хэрэг дээр Баянгол дүүргийн мөрдөн байцаагч Н.Энх-Амгалан ажилласан бөгөөд хохирогч эмэгтэй хэргийн шийдвэрлэлтийн талаар түүнээс лавлах тоолонд хүлээж бай, хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа гэж хэлсэн биз дээ хэмээн загнадаг байсан аж. Эмнэлгийн орон дээр хагас cap хэвтсэн хохирогч эмэгтэй уг хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт аль эрт итгэл алдарсан байсан учраас эмнэлгээс гараад холбогдох байгууллагуудад хандана гэж мэдэгдэж байсан.

 
Хятад иргэн хаана байна таарсан газар нь хядна гэж цээжээ дэлддэг “Хөх Монгол”, “Даяар Монгол” бүлгэм ч энэ удаад таг чиг. Аргагүй биз. Цагдаагаар тэднийг намдарж болно. Эх сурвалжийн хэлснээр өнгөрөгч долоо хоногт “Хөх Монгол” бүлгэмийнхэн хятад үсчний газар очиж “хохирогч эмэгтэйн эмчилгээний мөнгө өгөхийг хүссэн байна. Тус бүлгэмийнхэн хохирогч эмэгтэйтэй ч уулзаж бараа зүсээ харалцаагүй хэрнээ ямар зорилгоор мөнгө нэхсэн гэдэг нь сонин.

 
Хүн амны хэрэгтэй холбоотой уг хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн хохирогч эмэгтэй эмнэлгээс гармагцаа хэргийг мөрдөж байгаа мөрдөн байцаагчтайгаа уулзтал, мөрдөн байцаагч Н.Энх-Амгалан түүнийг яг одоо гэсэн тодотголтойгоор дахин шинжилгээ өгөхийг хүссэн байна. Хохирогч эмэгтэй хагас сарын хугацаанд хувийн эмнэлэгт биеэ тэнхрүүлэхдээ бүх зардлаа хувиасаа гаргаж биеийн байдал нь хамаагүй дээрдсэн. Энэ хугацаанд хордлогоос үүдэн хэчнээн өдөр хоол идээгүй болоод эмнэлгийн тариа, дусал төдийхнөөр амиа тэжээж байж амь тэвчсэнийг мөрдөн байцаагч нь ул тоомсорлов бололтой.

 
Харшил дотор эрхтэн, толгойн хэсэгт хүчтэй нөлөөлж толгой хэсгээр нилэнхүйдээ гарсан ногоон идээг мөрдөн байцаагч ганц удаа ч болов ирж хараагүй, харахыг ч хүсээгүй. Харин өнөөдөр нөхөр хүүхдийнхээ төлөө эмнэлгийн эм тариаг шүтэн өвчин зовиураа даван туулж хөл дээрээ боссон түүнийг эрүүл хүний нүдээр харж, өвчтэй эсэхээ дахиад нэг шалгуул хэмээн хэлэх ёс зүйгүй цагдаа Баянгол дүүрэгт лав нэг байна. Гэтэл түүнийг эмнэлэгт биеэ тэнхрүүлж байх хооронд хятад үсчингүүд хэргийг аль хэдийнэ өөрчилж чаджээ.

 

Тодруулбал, хэргийг мөрдөж байсан прокурор хохирогчийг үр зулбатап нь өшигчсөн байтал үсчинг хөдөлмөрийн чадвараа алдтал зодуулсан хэмээн хэргийг өөрчилжээ. Тодруулбал түүнийг хөдөлмөрийн чадвараа алдтал нь зодсон хүн нь үснээсээ хагацсан эмэгтэй болж хувирсан гэсэн үг. Хохирогч эмэгтэйг хятад үсчингүүд гар далайх завдал өгөлгүй хэдэн талаас нь бүчин эмнэлэгт хүргэгдтэл нь зодсоноос үр нь зулбаж өдийг хүртэл эмнэлгийн орон дээр ёолсон. Тэрээр хэн нэгэнд гар хүрэх боломж олдоогүй гэдгээ дахин дахин хэлж байгаа.

 
Манай сурвалжлах хэсэг хохирогчийг эмнэлэгт хэвтэж байх зуур тус үсчний газраар хэд хэдэн удаа ороход захирал эмэгтэй юу ч болоогүй мэт инээгээд өөр нэгний үсийг будаад зогсож байхыг харснаа энд дурдья. Хятад үсчингүүд хохирогчийг байнга утсаар дарамтлан, таарсан газар чинь ална. Танай цагдаа нар надад үйлчлэхгүй. Чиний хаа хүрэхийг харнаа гэж эмэгтэйг заналхийлсэн нь худал үг биш гэдгийг уг хэргийн явц харууллаа. Хэрэг гарах үед ч тэд ах нараа дуудан Эрүүгийн цагдаагийн газраас хоёр эрхмийг дагуулж ирж байсан удаатай. Хятадуудын ар тал болоод байгаа “хурлийз” цагдаа нар одоог хүртэл тодорхойгүй байна.

 
Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрынхан, үс будахдаа хэрэглэсэн бодисыг авч шинжлэн хариуг нь 14 хоногийн дараа гаргана гэсэн ч
дээрх хугацаа өнгөрч шинжилгээний хариу дашийн шог болоод байгаа. Хятад үсчингүүд Монгол төрийн цагдааг удирдаж байхад Мэргэжлийн хяналт мэтийн байгууллага ч энүүхэнд биз. Аргаа барсан хохирогч эмэгтэй Цагдаагийн ерөнхий газарт өргөдөл гаргасан бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас түүнийг дуудаж уулзахдаа “Чиний хохирогч гэдгийг бүх баримт харуулж байгаа.

 

Гэвч чи эмнэлэгт хэтэрхий удаан хэвтсэн байна. Энэ хооронд хятад чамайг биш, өөрсдийгөө хохирогч болгох хүртэл хөөцөлдөж чадсан байна” гээд ямар ч байсан хэргийнхээ үнэн зөвийг шийдвэрлүүлэхийн төлөө чадах чинээгээрээ тэмцэхийг зөвлөсөн байна. Хэргийг мөрдөж байгаа цагдаа болон прокурор хятад иргэдийн талд илт үйлчилж байгаа гэдгийг дээрх баримтууд харуулж байна лээ. Тиймээс мөрдөн байцаагч, прокурорын аль алинаас нь татгалахаар шийдсэн хэмээн хохирогч хэлж байна. Гэвч шат шатанд нөлөөлөөд байгаа хятад үсчингүүд, хэргийг нь эргүүлэх тал дээр ажиллаад байгаа “хурлийз” цагдаа нарыг дийлэх үү гэдэг нь асуудал  болоод байна.

 
“Шайнинг” нэртэй хятад үсчний газар хоёр хүний толгойн үсийг унатал химийн хороор бордсон. Нэгийг нь тээж явсан үрээсээ хагацтал нь гөвшиж, эмнэлгийн орон дээр хагас cap хатаасан. Гэвч өнөөдөр тэд юу ч болоогүй мэт инээмсэглэн өөр нэгний толгойд гар хүрч сууна. Хүний аминд хүрсэн ч шүүх цагдаа нөлөөлдөггүй тус үсчний газрын үйлдэл байж болох асуудал мөн үү. Ямартай ч ШӨХТГ-ын О.Магнай дарга таныг энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсье. Мөн өргөсөн тангаргаа умартаж, харь иргэнд үйлчлэн цагдаа хүний нэр төрийг унагах цагдаа байна гэдгийг Цагдаагийн Ерөнхий газрын дарга Билэгт танд дуулгая.
Н.Энхбат
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих