Эвсэл АН-д “барьцаалагджээ”
Ц.Цолмон гишүүний хэлсэнчлэн Засгийн газрын хувь заяанд нөлөөлж чадах цөөхөн хүн бий. Өөрөөр хэлбэл, тэрхүү цөөн хүний үг, үйлдлээс шинэчлэлийн Засгийн газрын амь амьдрал шийдвэрлэгдэнэ. Тоглолт ч энэ хүрээнд үргэлжилж байна. Эрээвэр хураавар Засгийн газрын баганын тодорхой хэсэг нь эвслийнхний нуруун дээр бий. Хэрэв тэд тарж бутарвал багана нурж, Н.Алтанхуягийн босгосон “барилга” хуулийн хүрээнд зөвшөөрөлгүй болж Э.Бат-Үүлийн их цэвэрлэгээнд нэрвэгдэх нигууртай.
Иймээс л АН-ынхан “Эвслийг задарна гэж бодохгүй байна …” хэмээх үгээрээ “Битгий задраарай” гэх утга дайж, гуйгаад эхэллээ. Тэрч бүүхэл, эвсэл бутарвал парламентад суугаа гишүүдийнх нь байх эсэх асуудал хөндөгдөнө гэж сүрдүүлсэн гэх мессеж ч тархав. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл буюу Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын нөхөрлөлийн баг 2012 оны сонгуулиар нэр дэвшигчдээ намын жагсаалтад эрэмбэлэхдээ бараг л сөөлжүүлэх байдлаар жагсаасан. Улмаар листний эхэнд байсан хүмүүс “гэнэтийн шалгалт”-ад бүдэрч, хойгуур жагссан нөхдүүд шат ахих боломж олдсон юм.
Тухайлбал, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар болон тангараг өргөх эсэх нь эргэлзээтэй байгаа Ц.Оюунбаатар нарыг нэрлэж болно. Тиймээс эвсэл задрах дээр тулбал жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөх талаар АН-ын бүлгийн дарга хатуухан мэдэгдсэн юм байх. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг эвслийг холоос удирдаж буй Н.Энхбаяртай уулзах хүсэлт гаргаж байгаа талаар чих дэлсэв. Мэдээж, МАН-ын дарга Ө.Энхтүвшин хүний ёсоор эргэж байхад АН-ын дарга Н.Алтанхуяг ч гэсэн энэ зэргийн жудаг байх нь зүй биз.
Гол нь уулзалтын үр дүнд Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр нар Орон нутгийн сонгуулиар зарим газарт хамтран оролцохоор тохиролцож чадсан явдал. Бүр хоёр нам нэгдэн нийлэх асуудлыг ч хөндөөд орхисон гэх мэдээлэл бий. Дээрх уулзалтын дараагаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Манай нам сонгуульд олонхи болж чадаагүй нэг шалтгаан нь МАХН гэдэг нэртэй холбоотой.
Өнөөдөр МАХН Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажиллаж байна. Тэд эрх баригчид болсон. Гэхдээ УИХ-д суудалтай нам, хүчний хувьд бид байнга хамтран ажиллах болно. Харин MAH, МАХН- ын цөөнгүй гишүүд хоёр намын хамтын ажиллагааг шинэ шатанд эрчимтэй түвшинд гаргах, нэгтгэх, эвсэж ажиллахыг дэмжсэн санал санаачилга гарч байгаа” гэх үгнээс нь ч дүгнэж болохуйц. Гэхдээ МАН-аас МАХН руу нүүдэллэх их нүүдэл нь хоёр намын нэгдэлд сөргөөр нөлөөлж мэдэхийг ч намын нарийн бичгийн дарга онцолсон юм.
Тухайлбал, “Ишиг, хурга суйлах маягтайгаар “Тэдэн гишүүн манайд элслээ” гэх мэт яриа гаргаж байгаа. Инээдтэй ч юм шиг. Ийм зүйлүүдийг гаргаад аль болохоор МАН-ын нийгмийн дэмжлэг, бааз суурийг өөрсдийн талд татахын тулд нэлээд хүчтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад байх юм бол энэ нь хоёр намын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, явуургүй алхам болно” гэв.
Ямартай ч тэдний дунд энхийн гэрээ яригдаж мэдэх үндэс суурь нь тавигдчихаж. АН-тай ураг барилдсан ч аврагдаж чадахгүйгээ мэдсэн экст угшил нэгт нөхрийнх нь халуун дотно яриа сэтгэлийг нь ихэд уяраасан бололтой. Харин одоо Н.Алтанхуягийн Н.Энхбаярт дэлгэх хөзөр эл хүрээнийхнийг гайхшруулах үлдлээ. Засгийн газрынхаа тогтвортой байдал цаашлаад ирэх сонгуулийн өнгө төрхийг цэнхэрээр будахын тулд тэр экстэй нүүр тулахаас өөр аргагүй байдалд орсон ч байж мэднэ. Гэхдээ л ,АН эхлээд гэрээнийхээ заалтыг зөрчиж эхэлсэн нь экст таалагдах болов уу.
Наранд биш ч нарсанд байгаа экс мэдээллийн гадуур хоцрохгүй. Тэр дундаа өөрийнх нь намтай байгуулсан гэрээгээ АН эхлээд зөрчсөнд тийм ч тааламжтай хандах нь юу л бол. АН “хамтран ажиллах” гэрээ байгуулахдаа Орон нутгийн сонгуульд хамтран оролцох тухай тусгасан гэдгийг ИЗНН-ынхан хамгийн ихэнд нийтэд ил болгосон. Тиймдээ ч энэ заалтын талаар АН-ынхны амыг асуусаар байсан ч тэд эцэст нь зарим газарт л хамтрах боломжтой гэж үг алдсан.
Араас нь МАХН ч ийм мэдэгдэл хийж, МҮАН-ыг хүртэл жийсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “АН эвсэлтэй гэрээлэхдээ орон нутгийн сонгуульд хамтарч орно гэсэн боловч гэрээ гэдэг нь хуулийн дээгүүр гарах ёсгүй. Хуульд Орон нутгийн сонгуульд намууд өөрсдөө улс төрийн аль хүчинтэй эвсэж орох сонгох эрх нь нээлттэй…” гэснээр бүр ч тодорхой болов. Үүнээс улбаатай АН-ын хувьд эвсэл зөвхөн амны цаас л байж, эвслийг хүсэхээрээ даллаж, хясахаараа далайна хэмээн жиргээчид жиргэх боллоо.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийн хэлснээр “Эвсэлтэй зарим газарт л хамтарна” гэх үг эвслийнхнийг шаардлагатай газартаа л ашиглана гэснээс өөрцгүй гэж үзэхэд хүргэж буй юм. Мэдээж, АН эвсэлгүйгээр ялчих боломжтой газарт тэдний оролцоог огтхон ч авахгүй. Гагцхүү эргэлзээтэй нөхцөлд л ашиглах төдий.
Харин АН-ыг царайчилж, ирэх сонгуулиар хамтарна гэж найдаж байсан ИЗНН- ынхан тэдний үгэнд урам нь хугарч, МАХН-тай нэгдэж “Иргэний шударга ёс эвсэл” байгуулж оролцохоор болсон гэнэ. Ийнхүү Орон нутгийн сонгуулиар нам эвслүүд байрлалаа сольж оролцохоор боллоо. Мөн Шударга ёс эвсэл ч Орон нутгийн сонгуулийг өнгөртөл бутрахгүй байхаар дотроо тохиролцоо хийсэн гэх мэдээлэл бий.
Магадгүй энэ нь Д.Эрдэнэбат даргын гараа зангидан хэлсэн үгтэй ч холбоотой байж мэднэ. Баабар хүртэл “Сонгуульд хамтарч орсон эвсэл тарвал бүлэггүй болох төдийгүй жагсаалтаар орж ирсэн хүмүүс автоматаар хасагдаж Л.Цог, Д.Тэрбишдагва, Г.Уянга, Ш.Батцогт гэсэн хэдхэн хүн л үлдэнэ” хэмээн бичсэн нь тэдний хувьд олныг бодоход хүргэсэн биз.
Учир нь жагсаалтаар оруулж ирсэн субъект нь байхгүй болохоор жагсаалт хар аяндаа хүчингүй болж, суудлыг нь үлдэх гурван нам хувааж авна. Энэ бол хуулийн ойлгомжтой, энгийн логик хэмээжээ. Яг л АН-ын бүлгийн дарга “Шаардлагатай гэвэл бид УИХ- ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Гэхдээ үүн рүү явах хүсэл хэнд ч байхгүй” хэмээж байсантай утга нэг. Энэ байдлаас харахад эвсэл АН-д барьцаалагдаж, Н.Алтанхуяг Н.Энхбаяртай нүүр тулахаар шийдвэрлэсэн бололтой.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж:”Нийгмийн Толь”
URL: