Ц.Нямдорж: Хүн ч тогтохгүй, харанга ч тогтохгүй улс болох гээд байна
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой 2013 оны төсвийн асуудлаар ярилцлаа.
-2013 оны төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барилаа. Өмнөх төсвийн хууль хэрэгжээгүй гэсэн хариуцлагын асуудал гарч ирж байна. Тал талаас шүүмжилж байгаа ч хариуцлага тооцож байгаа зүйл харагдахгүй байгаад юу хэлэх вэ?
-2012 оны төсөв АН, МАН-ын хамтарсан Засгийн газар байх үед буюу тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтын боловсруулж оруулж ирснээр батлуулсан төсөв. Юу болсон бэ гэхээр, Засгийн газар арай болхидуу санал боловсруулж УИХ-д оруулсан. Гэтэл УИХ дээр учир битүүлэг яриа явагдаж байгаад гэнэт тохиролцлоо гэдгээр асуудал нэг өдөр бужигнасан. Өөрөөр хэлбэл, доторх нарийн ширийн асуудлыг ярьж чадалгүйгээр төсөв батлагдсанаас үүдэн ийм нөхцөл байдал үүссэн. 2012 оны төсөв 30 хувийн хийдэлтэй батлагдсан.
Арванхоёрдугаар сарын 1-нд төсөл батлагдах ёстой ч гэнэт арваннэгдүгээр сарын 30-31-ны өдөр бие биедээ ямар нэг байдлаар шаардлага тулгаж байгаад 31-нд санал хураалт явагдаад баталсан төсөл. Түүнд Ардын их хурлын депутат нарт орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай шийдвэр гарсаныг төсөв батлагдсаны дараа сайд, УИХ-ын гишүүн байсан би гудамжинд явж байсан хүнээс сонссон.
Өөрөөр хэлбэл, төсвийг УИХ дээр хэлэлцэж баталдаг ажил нь ил тод биш цөөхөн дарга, УИХ-д суудалтай намуудын хоорондын тохиролцоо, ханцуйн доторхи наймааны ажил болсон учраас ийм асуудал үүсээд байгаа юм. Би Засгийн газрын гишүүн байхдаа холбогдох сайдуудтай муудалцаж олон удаа хэлсэн. Засгийн газраас орсон төслийг УИХ хамаа, намаагүй өөрчилж байхад юуг нь өөрчлөөд байгааг Засгийн газарт хэлэхгүй ганц хүний мэдлээр төсөв батлуулж байна гэдгийг яриад байсан. 2009-2012 оны төсвүүд бүгд дээрх байдлаар батлагдсан. Одоо үүнийг болих хэрэгтэй. Хариуцлагын тухайд хэтрүүлсэн бол төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох ёстой.
-УИХ-ын бүтцийн байгууллагад Төсвийн зарлагын хяналтын дэд хороо гэж байдаг. Энэ хороо ажлаа хийж байна уу?
-Монгол Улсад 850 орчим хууль байна. Шинэ цагийн монгол төрийн хуулийн байшин боссон. Одоо УИХ ямар хэлбэрт шилжих ёстой вэ гэхээр гаргасан хуулиудтай ноцолдохын оронд энэ төсвийн зарлага, эдийн засгийн асуудал орлогоо өдөр бүр ярьж, хянаж байх ёстой. Тэгэхгүйгээр хоёр сарын дотор хий дэмий төсөв баталчихаад зарлагаа зөв тооцож чадахгүйгээс ийм асуудал болоод байгаа юм.
-2011 оны төсвийн хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцдог юм бэ. Гэтэл одоо 2013 оны төсөв батлах гэж байна. Энэ удаад ч хэрэгжихгүй гэх баталгаа алга байна шүү дээ?
-Ямар ч байсан 2011 оны төсвийн зарлага сая орж ирсэн Засгийн газрын саналаар батлагдана. Одоо 2013 онд Монгол Улс ямар байх вэ гэдэг асуудлыг ярилцах гэж байна. УИХ дээр төсвийг нөгөө ханцуйн доорх ажлын хэсгүүдийн уулзалт энд тэнд болж байгаад ирэх сарын сүүл болоод ирэхээр гэнэт сэрээд баталчихдаг. Ингэж төсөв батлах юм бол шинэчлэл огт гарахгүй.
Тэрнийгээ одоо больж аль болох тайван хэлэлцэх тал руу нь явах нь зөв. Төсвийн төслийг өргөн мэдүүлэх ажлыг оны эхэнд хийгээд, зургадугаар сард 2013 оны төсвийн санал УИХ-д орж ирсэн байх. УИХ-ээс ажлын хэсэг гарч 2013 оны төсвийг хэрхэн хэлэлцэх, дэлхийн эдийн засгийн байдал ямар байх вэ гэдгийг харж байгаад арванхоёрдугаар сард төсвөө баталдаг.
Шаардлагатай бол төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн зургийг үздэг байх чиглэл рүү явдаг байх хэрэгтэй. Гэтэл төсөвт 3000 хүний багтаамжтай хорих анги Налайх дүүрэгт барих санал явж байна гэж дуулдсан. Би түүнийг үзнэ. Хэрвээ энэ үнэн бол Налайх дүүрэгт хорих анги барих барилгын зураг гараагүй байгаа. Одоогийн мөрдөж байгаа төсвийн хуулиар зураг төсөвгүй барилга байшин барих төсвийг тухайн онд тусгахгүй гэсэн байдаг.
-Таны хувьд 2013 оны төсвийн төсөлтэй танилцсан уу. Болж бүтэхгүй зүйл юу байна?
-Сайн танилцаж дуусаагүй байна. Мэдрэгдэж байгаа зүйл хөрөнгө оруулалтын хэмжээ багассан. Ер нь эдийн засгийн байдал таагүй байна. Хоёр намын хооронд гарч байгаа санал зөрөлдөөний асуудлаар аль алинтай нь юм ярьж байна. Энэ маргаанаа одоо зогсоох цаг нь болсон. Нүүрсийг авахаа байж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 30 орчим хувиар буурсан.
Испани, Грект хямрал явагдаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий эдийн засгийн хямрал эхэлсэн энэ үед яаж амьдрах асуудлаа ярих байтал хөгийн, хоёрын хооронд маргаанаа зогсоох хэрэгтэй. Шинэ засгийн газар агаарт савссан, сэтгэлийн хөдлөлөөр асуудалд хандсан хүмүүс байна. Хаалга тогшоод ирж буй хямралыг урьдчилж харахгүй байна. Энэ хямралыг өдөөн хатгахгүй байхад МАН ч гэсэн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй.
Үүнийхээ оронд нэг бүлэг, даргатай болох тухай ярьсаар байгаад хайран гурван сарыг алдаж байна. Миний хувьд өнгөрсөн жил 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авч байсан. Гэтэл энэ жил 25 болж хоёр дахин багассан байна. Энэ нэг дохио өгөөд байгаа биз. Энэ сайны дохио биш. Муугийн дохио учраас асуудалд бодитой хандах хэрэгтэй. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барина гэж савлаад, хөөрцөглөөд байна. Гэтэл түүнийг барих мөнгө хаана байна. Худлаа амлах, амлалтандаа боймлогдох зүйл улс төрөөс салахгүй байна.
-Бонд гаргана гээд байгаа шүү дээ?
-Таван тэрбум төгрөгийн бонд гаргаснаар монголын эдийн засгийн чадавхи бүхэлдээ энэ бондод баригдсан өрийн сүлжээ үүснэ. Та нар харсан. 3.6 их наядын зарлагатай, 3.3 их наядын орлоготой 2011 оны гүйцэтгэл баталсан. 2012 оных ч гэсэн иймэрхүү байна. Гэтэл таван тэрбумд багтааж бонд гаргана гэж бодохоор монголын нийт чадавхи бондын өрөнд орно гэсэн үг. Хар үгээр ярих юм бол бонд гэдэг нь хүү төлж хэдэн төгрөг олж ирээд зарж байдаг систем.
-Үүнээс гадна стратегийн орд газрын гэрээнд өөрчлөлт оруулах замаар 650 тэрбум төгрөгийн олно гээд байгаа. Энэ талаар?
-Эдийн засагтайгаа улс төрийн зорилгоор оролдоод байх нь сайны шинж биш. Оюутолгой руу хэдэн жил дайрч байна. Хүн ч тогтохгүй, хөрөнгө ч тогтохгүй улс болох гээд байна. Нарийн яривал одоо мөрдөж байгаа хуулиар Засгийн газар төсвийн санал оруулж ирэхдээ байхгүй хуулийг дагуулж оруулж болохгүй гэсэн хуулийн хоригийг 2007 онд хийсэн. Гэтэл одоо асуудлаа оруулж ирээд араас нь хууль оруулж батлуудаад байгаа болохоор дахин асуудал үүсээд байгаа юм. Ер нь УИХ улс төрийн хэрүүл хийж байхаас төсөв, эдийн засаг дээрээ тогтож, бодитоор ажиллах хэрэгтэй.
Э.Пагма
Эх сурвалж:”Монголын Мэдээ”
URL: