Монголын төрд дахин МАНАН татах уу
Ах нам АН-ын гаргасан саналыг хүлээн зөвшөөрөөд эхэллээ. Сонгуулийн дараах үр дүнгээс үүдэж, хонь, чоно шиг байсан хоёр намын харьцаа гэнэт сайн болж эхэлсэн нь эл хүрээнийхнийг гайхшруулах болов. Удахгүй Орон нутгийн сонгууль болно. Тэрхүү сонгуулиар АН ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа бол МАН эргэлзэж бас зүрхшээж буй. Тиймдээ ч угшил нэгт МАХН-тай нэгдэж орох санал тавьж, Н.Энхбаярыг эргэж очсон нь саяхан. Хэрэв тэд нэг хэсэг газарт бус нийтэд нь хамтран оролцох талаар зөвшилцөж чадсан бол АН ингэж их итгэлтэй байхгүй байв.
Ямартай ч зарим газарт МАН, МАХН нэгдэн оролцоно. Ах намын даваа гаригийн бүлгийн хуралдаанаар Дэгийн тухай хуулийг хэлэлцэж, өнөөх завсарлагыг хугацаатай байлгах нь зөв гэж шийдвэрлэв. Гэхдээ ямар хугацаатай байх нь тодорхойгүй. Магадгүй АН-ын зарим гишүүний ярьсанчлан таван өдөр, бүр таван цаг ч байж мэдэх юм. Өмнөх парламентад АН-ын ажил хаялт хэрээс хэтрэх болсныг ах намын гишүүд амаа чилтэл ярьсан ч арга хэмжээ авч чадаагүй. Тэр ч бүү хэл, АН завсарлагын буянаар олон асуудлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэж билээ.
Харин өнөөдөр тэд олонх болж “алдаагаа” ухамсарласан нь энэ. Гэхдээ өөрсдийнхөө алдааг гэхээсээ илүүтэй бусад улс төрийн намууд ч гэсэн өөрсөдтэй нь адилхан авир гаргаж, асуудлыг шийдвэрлэх вий гэсэн болгоомжлол давамгайлах нь тэр. Завсарлагыг хугацаатай болгож чадвал АН-д ашигтай. Гэхдээ эрх барьж байгаа энэ дөрвөн жилд нь. МАН-ын хувьд тийм ашигтай зүйл биш ч байнга цөөнх байхгүй гэдэгтээ итгэлтэй байгаа тул хийчихэд буруудахгүй. Иймд хэрэгтэй үед нь АН-д буулт хийх байдлаар асуудлаа шийдвэрлүүлэх алтан боломж.
Харин ч олонх болох үед нь олз болж хувирна. Мэдээж, тэр үед АН амаа барьж, “алдаагаа” засах гэж дахин чармайх биз. Гагцхүү завсарлага хугацаатай болох нь эвслийнхэнд ямар ч ашиггүй. Ойрын арван жилдээ эвсэл олонх болж, дангаараа эрх барих боломжгүй хэмээн ажиглагчид дүгнэдэг. Эгзэгтэй үед нь Засагт эвсэж, энхийн гэрээ байгуулах боломжоор хангахаас хэтрэхгүй. Иймээс тэд өөрсдийнхөө хүч чадлыг мэдрүүлэх ганц боломж нь завсарлага. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл дээрх санаачилгыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Тэр ч бүү хэл, тус заалт дээр “наймаа” хийгдсэн гэх яриа ч бий.
Мөн дараагийн асуудал нь УИХ-ын даргыг томилох тухай. УИХ-ын чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн даргалж явуулах заалттай. Үүнээс болж, МАН-ын бүлгийн асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй, хэл ам хэрүүл шуугиантай байгаа билээ. Ийн атал ах намынхан УИХ дахь олонх болсон намын насаар хамгийн ахмад гишүүн даргалж явна гэж өөрчлөх санал гаргав.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын томилгоо хуулийн дагуу явагдсан гэх гаргалгааг тэд өөрсдөө бий болгохоор ажиллаж байна. З.Энхболд 24 цагтай холбоотой заалтыг хасах санаачилгыг МАН-ынхны өөрсдийнх нь гараар хийлгэх гэж байсантай агаар нэг. Товчхондоо, АН ах намынхны гараар алдаагаа засуулж буй нь энэ. Хэрэв МАН-ын гаргасан санал хуульчлагдвал УИХ-ын даргын томилгоонд буруу өгөх ямар ч боломжгүй. Тэр үед УИХ-ын тухай хуулийн 24 цагтай холбоотой заалт хусагдаж, МАН УИХ дахь бүлгийг албан ёсоор зарлана. Тэдний тохироо энгийн бөгөөд тодорхой. Гол нь энэ бүхнийг МАН гардаж хийнэ. АН зөвхөн зааварлагчаар оролцож, ёслолын үеэр ил гарч ирнэ. Эцэст нь бүх зүйл хуулийн дагуу явагдаж дууссан байх болно.
Гол нь энэ бүхнийг гуравдагч хүчин дуугүй хараад суух болов уу. АН-тай эвсэж, эрх мэдлийг нь хуваалцсан тул амаа хамхих уу. Эсвэл УИХ-д албан ёсны бүлэгтэй эвсэл байр сууриа илэрхийлж, хариу арга хэмжээ авах уу гэдэг нь хачирхалтай. Хэдийгээр эвслийн хувь заяа ээдрээтэй байгаа ч МАНАН-гийн хорыг сайтар мэднэ. Үүнтэй тэмцэнэ гэдгээ ч сонгогчиддоо амлаж, парламентын танхимд орж ирсэн. Гэхдээ албан тушаал амлалтаас илүү үнэтэйг эл хүрээнийхэн сайтар мэдэх тул ямар алхам хийх нь сонирхол татаж буй юм. Мэдээж, эвсэл бутарч, Засгийн тулгуур ганхсан ч Монголын төрд дахин МАНАН татуулахгүй л болов уу.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: