Сар гаруйхны хугацаанд МАН-ын 4000 гаруй гишүүн намаасаа гарч, МАХН-д элсээд байна

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын гишүүн  700 гаруй хүн намаасаа гарч, МАХН-д элсэж буй аж.
Эдгээр 700 хүний дотор тус дүүргийн МАН-ын хороо болон дүүргийн тамгын газарт хэлтсийн дарга, хорооны даргаар ажиллаж байсан цөөнгүй хүн байгаа юм байна.
Өмнө нь мөн л хорооны дарга, НИТХ, ИТХ-ын гишүүн байсан хүмүүс Сүхбаатар дүүргийн МАН, Чингэлтэй дүүргийн МАН-аас гарч МАХН-д элсэж байсан билээ.
Тэр бүү хэл Баянгол дүүргийн МАН-ын хороо дарга асан Д.Цогтбаатартайгаа хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ МАХН-д “дагаар орсон”.
Хэдийгээр МАН-ын удирдлагууд  үгүйсгэж буй ч өнгөрсөн нэг сарын байдлаар нийт 4000 гаруй хүн МАХН-д элсээд буй ажээ.
Гэтэл МАН, МАХН нэгдэх нь ердөө л цаг хугацааны асуудал болсон гэдгийг аль аль намынх нь нөлөө бүхий лидерүүд мэдэгдэх болсон.
Иймээс ч нэгдэхдээ адил тэнцүү байр суурьтай байхын тулд МАХН маш богино хугацаанд “томрохыг” эрмэлзэж буй бололтой.
Харин  чухам хэзээ нэгдэх, чингэхдээ МАН, МАХН-ын аль нэрийг ашиглах, намын удирдлага дахь нэгдсэн намуудын квот ямар байх гэх мэтчилэн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа, түүний тулд тун урт хугацааны хэлэлцээр хийх төлөвтэй гэдгийг эх сурвалж өгүүлж буй юм.

Э.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих