Орон нутгийн сонгуулийн онцгой хөзрүүд
Орон нутгийн сонгуулийн санал хураалтын өдөр болоход ердөө 45 хоног үлдлээ.
Өөрөөр хэлбэл 45 хоногийн дараа орон нутгийг хэн удирдах нь тодорхой болно гэсэн үг. Иймд хуулийн дагуу намууд аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ өнөөдөр эцэслэн шийдэх учиртай. Энэ өдөр аравдугаар сарын 2-ноос эхэлсэн нэр дэвшигчийн бүртгэл дуусч, албан бус сонгуулийн сурталчилгаа эхлэх нь. Харин албан ёсны сурталчилгаа нь 15 хоногийн дараа эхлэх бөгөөд тэр үед Монголын улс төр жинхэнэ утгаараа эрчимжинэ гэсэн үг. Тэгвэл намууд энэ удаагийн Орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох вэ. Тэдний ялалтын төлөөх гол хөзөр нь юу байх бол. Сонгуулийн сурталчилгаа хараахан эхлэх болоогүй байгаа ч ийн асуух шаардлага өнөөдөр зүй ёсоор гарч буй.
Наад зах нь Ардын нам гэхэд “Ард түмнээсээ сонгоё” гэсэн уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцохоо өнгөрсөн долоо хоногт зарласан. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарын тайлбараас харахад нэр дэвшигчдийг жирийн иргэдээс нууц санал хураалтаар сонгож буй бололтой юм билээ. Улмаар дарга дагасан намынхаа тогтолцоог эгэл иргэдээ түшсэн олон нийтэч уур амьсгалаар солихыг энэ удаагийн сонгуулиар чухалчилж байгаа. Уг зорилгоо жинхэнэ утгаар нь биелүүлж чадвал магадгүй ялагдлын үнэтэй ялалт болж ч хувирах магадлалтай. Гэхдээ энэ нь Ардчилсан намын идэвхи зүтгэлээс ихээхэн хамаарна.
Ардчилсан намын хувьд олуулаа баяжих, хөлжих тухай УИХ-ын сонгуулийн уриагаа гол болгож оролцоно. Дээр нь УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүйнхээ гэмийг Орон нутгийн сонгуулиар цайруулахын төлөө ажиллана. Гол нь 1996 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан ч орон нутагт ялагдал хүлээсэн тэрхүү гашуун туршлагаа давтах эрх тэдэнд байхгүй. Хэрэв Орон нутгийн сонгуульд энэ удаад дахин ялагдал хүлээлээ гэхэд Ардчилсан нам дараагийн дөрвөн жилийн парламентад шууд утгаараа улс төрийн намтраа тасалдуулна гэсэн үг. Цаашлаад Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн Ерөнхий сайдын карьер ч унах аюултай. УИХ-ын гишүүн Х.Баттулгаас эхлээд “Хариуцлага тооцох ёстой” гэсэн хатуу байр суурь илэрхийлэх гишүүн нэг бус нэлээд олон гарч ирнэ. Ийм дүр зураг Ардын намд ч үүсэх магадлалтай бөгөөд Орон нутгийн сонгуулийн дараа болох тус намын их хурал мөн л ээдрээт нөхцөл байдалд үргэлжлэхгүй гэх баталгаагүй юм.
Улс төрийн тэргүүлэх хоёр хүчний Орон нутгийн сонгуулийн гол хөзөр хийгээд ялалт, ялагдлынх нь дараах дүр зургийг тодорхойлохтой зэрэгцээд “Шударга ёс” эвслийн ерөнхий өөрчлөлтийг анзаарахгүй үлдээх аргагүй болоод байна.
Одоогийн байдлаар тус эвсэл жинхэнэ утгаараа гацаанд орчихсон гэж хэлж болно. УИХ-ын сонгуульд уриалгаа болгосон “Үндэсний үзлийг дээдлэх” мөн чанар бүхий мөрийн хөтөлбөрөө тэд хаа, гуяар нь салгаж авахад бэлэн болсон байгаа. Цаашлаад Орон нутгийн сонгуульд хамтарч оролцоно гэхээс илүүтэй хажуу хавиргаа хадрах маягтай болж ч мэдэх юм. МАХН-ын удирдлагууд л гэхэд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярынхаа өсч буй нэр хүндэд зулгуйдах замаар ихэнх тойрогт бие даан өрсөлдөх хүсэлтэй байгаа. Үүнийг нь “Биеэ тоосон нь” хэмээн тодорхойлж болох бөгөөд өөрсдийгөө УИХ-ын сонгуульд МҮАН-ыг чирч гарсан түүхэн гавьяатай хүмүүс гэж зарлах нь энүүхэнд болоод буй. Харин МҮАН-ын хувьд шинэчлэлийн Засгийн газрыг нэгдэж байгуулсан энэ хамтралаараа Орон нутгийн сонгуульд оролцохыг чухалчилж буй. Нэг ёсны Ардчилсан нам, Иргэний зориг-Ногоон нам, “Шударга ёс” эвсэл гэсэн энэ холбоос Ардын намын эсрэг сонгуульд оролцоно гэсэн үг. Мэдээж М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ын удирдлагуудын санасан бүхэн сэтгэлчлэн бүтсэн тохиолдолд л … Эс бөгөөс “Шударга ёс” эвслийн хооронд байгуулсан гэрээний заалт жинхэнэ утгаараа зөрчигдөж, МАХН хийгээд МҮАН-ын эв нэгдэл сарних цаг ойртох юм.
Ийнхүү Орон нутгийн сонгуулийн онцгой хөзрүүд та бидний өмнө ойрын хугацаанд дэлгэгдэх бөгөөд тухай бүртээ ер бусын улс төрийн нүүдлүүдийг нэгээр нэмэх нь тодорхой. Товчхондоо тэр бүхэн нь ойлгомжтойгоосоо ойлгомжгүй байдал руу шилжих маягаар үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй биз ээ.
amjilt.com
URL: