МАН-ыг ирээдүйд хэн удирдах бэ
МАН дотоодоо бүрэлдэхүүний өөрчлөлтийг хийж, Орон нутгийн сонгуульд бэлтгэлээ базааж байна. Харин УИХ дахь Бүлгээ байгуулж чадалгүй, намын удирдлагууд нь жаахан бүтэл муутайхан шиг л явна. Шинэ удирдлагуудыг нь харсан ч МАН-аас нэг л хүчтэй, ууган намын зангараг харагдахгүй байна уу гэмээр. Сөрөг хүчнийхээ бярлахсан занд нь даруулж, бүлэг байгуулах асуудлаа хэрхэн шийдэхээ ч мэдэхгүй хүчинд автсаар л… Сонгуульд ялагдсанаас хойшихоос өнөөг хүртэл МАН-ын үйл хөдлөлүүдийг анзаарвал, намын удирдлагуудаас хүчтэй дуу хоолой сонсогдсонгүй.
Намын шинэ дарга, удирдлагууд нь ч эвээ олж амжаагүй байгаа юм уу гэмээр харагдах. Шинэ дарга нар нь ч онцгойрч, лидер болж харагдахгүй нь шинэчлэлт өөрчлөлтийн салхи удирдлагын хүрээнд лав хийгдээгүй юм уу ч гэж бодогдохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нараас шинэчлэлийн салхи үнэртэхгүй байна уу даа. Үүнийг намынхан нь гишүүд ч шүүмжилж байгаа билээ. Нам даруу дуутай Ө.Энхтүвшин, мөн тийм нэг имижний Г.Занданшатар гээд С.Батболдорхуу тийм л хүмүүс намын халааг авсан нь удирдлагын хувьд шинэчлэгдээгүй ч юм шиг. Тэр тусмаа намын даргаас “шинэчлэл” үнэртэхгүй байна. Гэхдээ дотооддоо ямар өөрчлөлт хийж буйг хэн мэдлээ. С.Батболдын “шингэн” дуу, даруу занг, У.Хүрэлсүхийн “эрээ цээргүй тэсрэлт” чимдэг байсан юм шиг. Гэтэл Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарын хувьд хэзээний танил нэг тийм, даруухан имиж.
Энэ намын хуучин лидерүүд Н.Багабанди, Н.Энхбаяр /МАХН-ын дарга/, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан /МАХН-д элссэн/, С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, М.Энхболд нарын нэгэн үеийн лидерүүдийн цаг үе шувтарч байгаа ч юм шиг. Тэднээр энэ намыг одоо удирдуулбал, иргэд олон нийт хуучнаар нь хүлээн авна.
Хуучинсаг, нөгөө өөрсдөө голоод хаясан “хувьсгалт” гэсэн имиж нь ч энэ намаас салж өгөхгүй байх тал ажиглагдаад байна. С.Батболдыг нөгөө л нэг хуучин цагийн нөхөр Ө.Энхтүвшингээр сольсон нь шинэчлэгдсэн гэж харагдахгүй байна. Хэдий дотооддоо шинэчлэгдэж байгаа гэх болов ч лидерүүд нь хэвээрээ. Нийслэлийн МАН-ын даргаар хэний ч танихгүй Ц.Сандуйг тавьсан шиг залуу лидерүүдээсээ яагаад намын дарга болгож болохгүй гэж вэ.
Ер нь МАН-ыг ирээдүйд хэн удирдах юм болоо. Дээр дурьдсан эрхмүүд бол үеэ өнгөрөөчихлөө. Тиймээс намаа одоо байгаа залуус л удирдана. МАН боловсон хүчний нөөцтэй гэж яригддаг. Ямар ямар залуус байна бэ. Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Я.Содбаатар, Н.Хүрэлбаатар гээд залуучууд байна. Цаана нь ч сайн залуучууд олон бий.
Г.Занданшатарын хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдохоосоо өмнө УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд хийж байсан залуу. Ирээдүйд гэхээсээ илүүтэй өнөөдөр ч намаа удирдаж явна. Намынхаа гал тогоог сайн удирдаж чадвал, ирээдүйд өгсчих боломж бий.
Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар гээд ирээдүйд намын даргын сэнтийд суучих залуус ч байгаа юм. Ялагдал хүлээсэн ч гэсэн Ж.Сүхбаатар шиг залуу, одоо намын эд эс болж явна. Намаа шүүмжилж, бас өмөөрч, МАН амьд сэрүүн байгааг тэр л сануулж явна, даргаасаа илүүтэйгээр. Ж.Энхбаярын хувьд ч бас намын нүүр царай болоод явчихгүй гэхийн газаргүй шүү. Залуучууд дотроо л нөлөөтэй, сайн боловсон хүчний нэг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намын жагсаалтаар есдүгээрт эрэмбэлэгдэж орж ирсэн, нэр хүндтэй залуу боловсон хүчинд тооцогддог.
Хоёр жилийн дараа намын даргаараа Ж.Энхбаярыг ч юм уу, аль эсвэл Ж.Сүхбаатарыг тавьж яагаад болохгүй гэж. Магадгүй 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө залуу лидертэй МАН сонгуульд орвол ямар дүн авах бол. Төсөөлөөд үзье, МАН-ын дарга нь Ж.Энхбаяр, ЕНБ-ийн дарга Г.Занданшатар ч юм уу. Нөгөө Ардчилсан намаасаа ч илүү ардчилалтай байж, хүчтэй залуучуудаараа намаа удирдуулчихвал “тэсрэлт” биш гэж үү. Энэ бол төсөөлөл. Гэхдээ хоёр жилийн дараа бэлтгэж байгаад залуучуудаасаа дарга тавивал МАН шинэ харагдах биш гэж үү. Тэгээд мэдээж дотооддоо бол сайн шинэчлэлийг хийх хэрэгтэй байж таарна.
Цааш нь дурьдвал С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Я.Содбаатар, Н.Хүрэлбаатар, Ч.Ганхуяг гээд залуучууд байна. Эдгээр залуучууд л ирээдүйн МАН-ыг авч явах залуу улс төрчид. МАН-ын хууччуул шинэчлэлийг бүрэн утгаар нь хийж, залуусаар намаа удирдуулж чадвал ард түмэн ч өөрөөр хүлээж авах байх шүү. Түүнээс хуучин “ХУ” намын ах нарыг биш, шинэ залуу удирдагчийг хүлээж авах хөрс суурь бэлтгэгдээд байна. Ирээдүйд МАН-ыг ямар залуу боловсон хүчин удирдахаас ялалт ялагдал, орших эс оршхуйн асуудал шийдэгдэх болов уу.
Т.АМУР
URL: