УИХ-ын гишүүн А.Тлейхан: Аль болох олон айлын идээ амсвал тэр жилдээ сайхан байдаг
УИХ-ын гишүүн А.Тлейхантай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Та саяхан тойрогтоо ажиллаад ирсэн. Баян-Өлгийн хувьд хаваржилт ямар шуу байна даа?
-Саяхан тойргоороо явж, 7-8 сумаар ороод ирлээ. Энэ жил цаг агаар сайхан байгаа. Мал сайн таргалсан. Тэрний хүчинд энэ жил сайхан байна. Удахгүй дахин тойргоороо явж 10-аад хоног ажиллана. Өвөлжилт, хаваржилтын байдал, УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, Хөдөө аж ахуйн биржийн, Хөдөлмөр эрхлэлтийн тухай, Эрүүл мэндийн, Сонгуулийн тухай гээд хаврын чуулганаар хэлэлцэх гол гол хуулиудад иргэдийн санал авах юм.
-Иргэд ямар санал их тавьж байна?
-Иргэд ярьдаг юм нь өөр болжээ. Өмнө нь эх орны хувь хишиг ч юмуу, эсвэл энэ болохгүй байна тэр болохгүй байна гэдэг байсан бол одоо улс орны, орон нутгийн хөгжлийн тухай, ажилтай болох тухай л ярьж байна.
Тийм учраас иргэдийг ажлын байртай болгоход онцгой анхаарах ёстой юм байна.
Засгийн газар ч энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосон. Хөдөлмөр эрхлэлтийн талаар олон төсөл ярьж байна. Сая эдийн засгийн чуулганы үеэр ч хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг хөндөж ярьсан. Харин энэ чиглэлээр төрийн бодлогод өөрчлөлт хийх ёстой. Ялангуяа хөдөлмөр эрхлэлттэй холбоотой судалгаа маш чухал.
-Манайд хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгаанууд гардаг. Таны бодлоор ямар байдлаар хийх хэрэгтэй вэ?
-Төчнөөн хүн ажилтай болгосон гээд баахан тоо тавьдаг. Гэтэл ажилгүй хүний тоо хэвээрээ л байдаг. Заримдаа өссөн ч байдаг тал бий. Бид тоо биш хүн ярих ёстой. Аль аймгийн, аль сумын, ямар багийн хэн гэдэг хүн ажилгүй байна гэдгийг нас, хүйс, боловсролоор нь ялган сайн судлах хэрэгтэй. Дараа нь тэр хүмүүсийг ажилтай болгохдоо тухайн оршин сууж байгаа газарт нь ажилтай болгох талаар эхний ээлжинд авч үзэх, тэрнээс цаашлаад заримыг нь том бүтээн байгуулалтад оруулахаар зохицуулах хэрэгтэй юм. Нөгөө талаар тухайн орон нутагт хэдий хэмжээний хөрөнгө байвал ажилгүйчүүдийг ажилтай болгох вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй.
- Манайд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар багагүй хөрөнгө зарцуулж байгаа шүү дээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө гэхэд 20 тэрбум төгрөг байдаг. Тэр нь үлдэгдэлтэй гардаг гэсэн.
-Манайд асар их хөрөнгө байна. ЭБЭХЯ, ЗТБХЯ-ны чиглэлээр том том бүтээн байгуулалт хийгдэж байна. ХХААЯ-нд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, НХХЯ-нд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө байна. Гадаадын болоод бусад эх үүсвэрээс хөрөнгө орж байна. Энэ бүгдийг зангидсан Засгийн газар, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн холбооны гэх төлөөлөл орсон Үндэсний хороо ч юм уу нэг бүтэц бий болгож, бүх төлөвлөлт, хөрөнгө оруулалт, үр дүнг төвлөрүүлэн тооцохгүй бол хэн юу хийж байгаа нь мэдэгдэхгүй, салангид байгаа учир дүн муутай байгаа юм.
Дараагийн асуудал нь хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт маш хатуу байх хэрэгтэй байна. Жил бүр жижиг дунд үйлдвэр гээд 30-аад тэрбум, Хөдөлмөр эрхлэлтийн сангийн 20-иод тэрбум төгрөг гарч байна. Энэ бүгдийн үр дүн юу байна вэ?. Гэтэл ажилгүй хүний тоо хэвээрээ байгаад байна. Энэ нь тодорхой цэгцтэй бодлого байхгүйн жишээ.
Ажилгүйдлийг бууруулахад гол үүрэг гүйцэтгэгч нь хувийн хэвшил. Засгийн газар тийм олон ажлын байр гаргаж чадахгүй. Харин Засгийн газар тэр ажлын байранд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж өгөх ёстой. Тэгэхээр ажлын байр бий болговол урамшуулдаг систем үгүйлэгдэж байна. Ажлын бий болговол татвараас хөнгөлөх, хөнгөлөлттэй зээл олгох гэх мэт урамшуулал олгодог болбол илүү үр дүнтэй болно
-Зээлийн хүү өндөр байна гэж маш их шүүмжилж байгаа. Манайд одоо өгч байгаа хүүтэй зээл үйлдвэрлэл эрхлэхэд биш наймаа хийхэд л зориулагдсан зээл гэж УИХ-ын чуулган дээр З.Энхболд гишүүн шүүмжилж байсан.
-Ажлын байр олгох гол эх үүсвэр хөнгөлөлттэй зээл байна. Энэ зээлүүдийн хүү өндөр байна. ЖДҮ-ийнх гэхэд сарын 1, жилийн 12 хувьтай, 3 жилээр өгч байгаа. Түүний дээр өгч байгаа зээл хүсч байгаа хэмжээнээс 3-4 дахин бага байна.
Тийм учраас Хөгжлийн банкны тухай УИХ-аар хэлэлцэж байхад Тэрбишдагва, бид нарын хэсэг гишүүн, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих талаар энд оруулж, төсвөөс өгч байгаа, гаднаас авч байгаа тэр бага хүүтэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулъя гэсэн санал гаргасан. Гэхдээ энэ асуудлаар бид цөөнх болсон ч нэлээд ярилцаж байгаад Сангийн сайдтай хаврын чуулган эхэлмэгц 4 дүгээр сард багтааж, зээлийн хүүг хөнгөлөх асуудлыг ярья гэж тохирсон. Бид бол хүүгүй байх ёстой гэж үзэж байгаа. 170-аад тэрбум төгрөгийн зээл байна гэсэн мэдээ бий. Энэ хөрөнгөөр банкуудыг санхүүжүүлээд байж болохгүй. Ажлын байр бий болгоход л очих ёстой. Харин банк хүү биш зөвхөн банкны үйлчилгээний хөлс л авдаг байх ёстой. Нөгөө талаар 3 жилээр өгч байгаа нь бага байна. 5-10 жил болгох талаар ярих юм. Дараагийнх нь асуудал 170 тэрбумыг бага байна гэж үзэж байгаа. Хэрэгцээ асар их байна. Энэ хөрөнгийг 300 тэрбумаас доошгүй байхаар бодож, бонд гарах юмуу өөр эх үүсвэр олох хэрэгтэй гэсэг гурван асуудлыг хөндөхөөр тохироод байна. Миний бодлоор бол 3-5 жилд багтааж хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах бүрэн боломжтой.
-Баян-Өлгийн хувьд хичнээн хүн ажилгүй байгаа вэ? Танай тойргийн хувьд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх давуу талууд хэр байна вэ?
-Баян-Өлгийд 1200-аад хүн ажилгүй гэдэг ч яг бодит байдалд 6000-аад хүн ажилгүй. Тэдний 200 орчим нь дээд боловсролтой хүмүүс байна. Багш, хуульч, эдийн засаг санхүүгийн мэргэжилтнүүд байна. Ингэхээр цаашдаа дээд боловсролтой мэргэжилтэн бэлдэхдээ ч анхаарах хэрэгтэй.
Манай аймагт хэд хэдэн төрлийн давуу тал байна. Том бүтээн байгуулалт хийх 2-3 орд бий. Асгатын мөнгөний орд байна. Үүнийг баахан улстөржүүлдэг. Энэ ордын лиценз “Монросцветмет” гэж Орос Монголын хамтарсан үйлдвэрт байдаг. Харамсалтай нь 20 гаруй жил ямар ч хөрөнгө оруулалт хийсэнгүй. Өндгөө дарсан тахиа шиг байлаа. Ийм байж болохгүй. Нэг бол ажил эхлэх, нэг бол Засгийн газар буцааж өөр дээрээ аваад олон улсын тендер зарлаж хөрөнгө оруулах ёстой. Өнгөрсөн оны эцсээр манай тойргоос сонгогдсон гишүүд Увс аймгаас сонгогдсон хоёр гишүүний хамт Ерөнхий сайдад албан ёсны хүсэлт тавьсан. Асгатын мөнгөний ордын лицензийг буцааж аваад, зарцуулсан 2 сая гаруй ам.долларыг нь төрөөс буцааж өгөөд, тендер зарлая гэсэн санал тавьсан. Энэ асуудал одоо яригдаж байгаа юм байна билээ. Ирэх сард “Монголросцветмет”-ийн Удирдах зөвлөлийн хурал болно. Үүгээр нэг шийд гарах байх ёстой. Нэг бол лицензээ буцаая гэх байх, нэг бол хөрөнгө оруулна гэх байх. Хоёрдугаарт нь Толбо сумаас 15 км Улаан хатуу гэдэг газар 2 сая орчим тонны нөөцтэй зэсийн орд илэрсэн. Энэ ордыг ашиглах талд найдлага тавьж байгаа. Магадгүй Асгатаас ч түрүүлж ашиглах байх. Тэнд ажиллаж байгаа хувийн компани олон улсын компанитай хамтрах талаар ярьж байгаа юм билээ. Булган суманд төмрийн ордын илрэл байдаг. Түүнийг ашиглахад бас дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьж байгаа. Дараа нь мэдээж мал аж ахуй. Монгол мал хөтөлбөрийн хүрээнд ашиг шимтэй мал аж ахуй хөгжүүлж, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй, мөн зарим хэсэг нь суурин аж ахуйг хөгжүүлж болно. Газар тариалан эрхлэх боломж Баян-Өлгийд хомс. Будаа сайн ургадаггүй, хүнсний ногоо, чацаргана ургах боломж бий. Дөрөвдэхэд нь жижиг дунд үйлдвэр хөгжүүлж болно.ЖДҮ-ийн сангийн болон хувийн хөрөнгө гаргах замаар өнгөрсөн онд 2 тоосгоны үйлдвэр ашиглалтад орсон. Тэгсэн тоосгоны үнэ буураад л ирж байна. Энэ жилээс ноосны чиглэлийн үйлдвэр ОХУ-тай хамтарч байгуулах юм. Өөр давуу тал нь Даянгийн боомтоор Хятад руу, Цагааннуурын боомтоор Орос руу гарах гарц бий. Ордууд ашиглалтад орох юм бол Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож болно. Цагаануурын чөлөөт бүсийг хөгжүүлэх хэрэгтэй. Улсын хэмжээнд чөлөөт бүсүүдэд 9 тэрбум төгрөг тавигдсанаас 1.8 тэрбум нь Цагаануурт тавьсан. Тэр бол юу болох вэ дээ. Хөрөнгийн байдлаас л болж зогсонги байдалтай байгаа. Идэвхжүүлэхгүй бол хэдэн байшин, хашаа бариад нэг их үр дүн гарахгүй. Баруун бүсийн хөгжлийн гол гарц шүү дээ.
Боловсон хүчний хувьд хангалттай. Энэ давуу талаараа боломжийг ашиглах юм бол хөгжилд хүрэх бүрэн боломж байна.
-Баян-Өлгийд энэ жил хэр зэрэг хөрөнгө оруулалт хийгдэх вэ?
-Баян-Өлгий аймагт нийт 61 тэрбумын ажил хийгдэх ёстой. Яг тавигдсан нь 21 тэрбум. Тодотголоор нэмэгдэх байх гэж найдаж байгаа. 4 сумын эмнэлэг, зарим сургуулийн барилга баригдаж эхэлнэ. Цагаануур руу 40 км зам тавина. Том онгоц буух талбай баригдаж байгаа. Энэ онд дуусна. Дунд зэргийн “Бойнг” буух боломжтой болно. Хэд хэдэн баг цахилгаан эрчим хүчээр хангагдана. Номын сан, театр гээд олон газарт хөрөнгө оруулах гэх мэт тал талын юм хийгдэж байна. Өнгөрсөн 2 жилд 47 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн.
-Аймгийн хувьд шилжилт хөдөлгөөн хэр их байна?
-1990-ээд оны эхээр их байсан. 60-аад мянган хүн Казахстан руу шилжсэн гэдэг. Сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөнө багассан. Одоо явахаасаа буцаж ирэх нь илүү байна уу даа гэж хардаг. УИХ-д сонгогдсоноос хойш би 800 гаруй хүнийг монголын иргэн болоход нь хөөцөлдөж шийдүүлж өгсөн. Бас Монголын харьяаллаас гарчихаад явж чадаагүй хүмүүс их байдаг юм билээ. Тэр хүмүүс нийгмийн хамгаалалд хамрагддаггүй. Тэр хүмүүсийн талаар анхаарч байгаа. Монгол илүү хурдан хөгжих байх гэсэн бодол орсон байна билээ.
-Удахгүй Наурызын баяр болох гэж байна. Та баяртаа хэр бэлдэж байна?
-Наурызын баяр гэдэг нүүдэлчин ард түмний хаврын баяр. Ямар нэг шашны баяр биш. Голдуу Азийн орнууд тэмдэглэдэг. Наурыз гэж “Шинэ” өдөр” гэсэн үг юм л даа. Баян-Өлгийн казахууд жилдээ 3 шинэ жил тэмдэглэж байна. Шинэ жил, Цагаан сар, Наурыз гээд. Нэг хэсэг хориотой байсан бол ардчиллын он жилүүдэд улс орны баяр болгож өргөн тэмдэглэж байгаад баярлаж байдаг. Социализмын үед юун наурыз мантай. Өдөрт 5 удаа мөргөл хийх, жилдээ нэг удаа нэг сар мацаг барих гэх мэт таван төрлийн шашны ёс заншил байдаг. Нууж байж мацаг барьдаг, 5 удаагийн мөргөлөө хийж чаддаггүй байсан. Ялгаа байхгүй. Цагаан сарыг гэхэд л малчдын баяр гэчихээд ажил дээр ирж цаг бүртгэдэг байсан шүү дээ.
Нэгэнт шинэ жил болж байгаа учраас бэлдэлгүй яахав. Шинэ оноо сайхан угтъя, өр ширгүй байя гэх мэт цагаан сардаа бэлддэг шигээ л бэлддэг. Жил бүр Наурызын баяраар аймгийн төвд баярын жагсаал болдог. Үндэсний хувцсаа өмсөөд явна шүү дээ. Идэж уух юм элбэг байх ёстой. Идээ будаагаа дэлгэж тавина. Наад зах нь 7 төрлийн идээ тавьдаг. Дуулж хуурдаж, наргидаг. Ялгаагүй ахмадууддаа мэнд хүргэдэг. Цээжээ хүргэж мэндэлдэг юм. Цагаан сараар золгож байгаа шиг л юм л даа. Харин архи уухыг их цээрлэдэг. Ширээн дээр архи тавьдаггүй. Олон айлаар орж идээ будаанаас амсаж, будаатай шөл уудаг. Аль болох олон айлын идээнээс амсвал тэр жилдээ сайхан байдаг гэж бэлгэшээдэг юм.
Ш.Эрдэнэчимэг
URL: