Хэнтий аймгийн шүүгчид ёс зүйгүй авирлажээ
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Ганбаатар, Ч.Энхээ нар өчигдөр Хэнтий аймагт болсон хэрэгт шүүхийнхэн хууль бус шийдвэр гаргасан тухай мэдээлэл хийсэн юм. Өмгөөлөгчид энэ талаар ярихдаа “С.Оюунсайхан, Д.Одонгэрэл нар нь Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу өөрсдийн “Портер” маркийн машинаар малын мах ачиж, тээвэрлэдэг байсан. Гэтэл тэднийг мал хулгайлдаг хэмээн цагдаагийнхан сэжигтнээр татжээ. Ингээд Сум дундын анхан шатны шүүхийг н.Булган шүүгч даргалж явуулсан бөгөөд хурлын хэлэлцүүлэг эхлээгүй байхад ял тогтоочихсон тухайгаа танилцуулсан аж.
Мөн шийтгүүлэх төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тодруулж эхэлсэн гэнэ. Хэргийн материал бүрдүүлэх явцад шүүгдэгчдээс Хэнтий аймгийн малын хулгайтай тэмцэх хэлтсийн байцаагч н.Батжаргал нь мөнгө нэхсэн байна. Энэ нь ч шалгагдаж тогтоогдсон гэлээ. Иймд мөнгө өгөөгүй учраас хонзогнож шүүгч нар нь урьдчилсан шийдвэр гаргаж гэр бүлээр нь шийтгэсэн юм байна. Тодруулбал, С.Оюунсайханд 12 жил, Д.Одонгэрэлд долоон жилийн ял оноожээ. Тэд машинаараа явж махаа авдаг байжээ. Харин тэднийг малын хулгай гарсан газарт дугуйны мөрөө үлдээсэн гэж шүүгчид гүжирдсэн гэнэ. Гэтэл хулгайд алдагдсан мал хот руу ачсан малын зүстэй огт тохирдогггүй байна. Мөн шүүгдэгчдийн нэг нь бичиг үсэг мэддэггүй байхад өмгөөлөгчгүйгээр байцааж, байцаалтад орсон гэж гарын үсгийг хүчээр хоосон цаасан дээр зуруулсан” хэмээн өмгөөлгөчид нь ярьж байлаа.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: