Төр өөртөө итгэдэг үү?
Сүүлийн үед барилгын салбарынханыг төрийн захирамж, шийдвэрийг үл ойшоосон том толгойтнууд гэх ойлголт олны дунд төрөөд байгаа.
Гэтэл энэ нь нидэр дээрээ өөрөө өөртөө итгэл алдарсан төрийн үйл ажиллагаатай холбоотой юм. Тодруулбал, барилга барих зөвшөөрөл хүсч, учир утга нь үл олдох давхардсан олон зөвшөөрөл авч гарын үсэг цуглуулах эрэлд барилгынхан морддог.
Ерөнхийдөө барилга барихыг хүсэгч этгээд нэн тэргүүнд өөрийн эскиз зургаа барин нийслэлийн Барилга барих комиссын хуралд орсноор “урт аялал” эхэлнэ. Энэ хуралд тэнцвэл архитектор төлөвлөлтийн даалгавар гаргуулж, Улаанбаатар хотын ерөнхий архитектороос баталгажуулсан гарын үсгийг нь авах ёстой. Ингэж чадвал барилгын ерөнхий зургийг зуруулах эрхтэй болж байгаа нь тэр.
Гэхдээ зураг зуруулахаас өмнө гүйцэтгэгч компани тусгайлсан зөвшөөрлийг авах хэрэгтэй. Энэ нь дулаан, цахилгаан, ус суваг, цахилгаан холбоо гээд барилгад шаардлагатай техникийн нөхцөлийг бүрдүүлэх үйл явц юм. Цаг хугацаа шаардах зөвшөөрлийг мөрөөдсөөр, урт дарааллын дараа арайхийж барилгын зургаа бэлэн болгоно. Зөвшөөрөл хүсэх аян энэ хүрээд дуусч байна уу гэвэл бас үгүй. Дахиад л бэлэн болгосон зургаа бариад газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт экспертизээр оруулах хүсэлт гаргана. Харин эндээс сүүлийн гэж болох магадлалын ерөнхий дүгнэлтийг авдаг юм байна.
Хамгийн сүүлийн шат буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл хүссэн бичгээ хүргүүлнэ. Үүнд ялгаатай зүйл бий. Хэрэв тухайн барилгын өндөр 16 давхраас дээш бол Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт, доош өндөр бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандах хэрэгтэй. Ингэж байж л барилга барих зөвшөөрлөө бүрдүүлж байгаа нь тэр, хөөрхийс. Барилга барих гэж ёстой л харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр шиг юм болно.
Өөрөөр хэлбэл, жилийн тавхан сард нь үйл ажиллагаа явуулах боломжтой барилгын салбарынхан шат дараалсан олон зөвшөөрлийн хойноос явсаар хамаг цаг хугацаагаа зарцуулчихдаг. Барилгынхан үнэт цагаа бичиг цаасанд өгчихдөг хачин тогтолцоо бий болоод удаж байгаа юм.
Ерөнхийдөө үүнийг төр өөрөө өөртөө үл итгэсэн байдал гаргаж, бүтээн байгуулалтыг боомилж, дарамт учруулж байдгийн нэг жишээ гэхэд болно. Тэгэхээр төр өөртөө итгэж байгаагаа харуулж, энэ олон давхардсан зөвшөөрлийг цэгцлэх цаг хэзээ юм бол.
Хамгийн бухимдал төрүүлмээр зүйл нь бүтэн жил хөөцөлдөж байж бүтээсэн захирамж, шийдвэр, гарын үсэг нь ганцхан жилийн настай. Нэг байгууллагаас нөгөөд шилжин хэдэн сараар үргэлжлэх барилгын зөвшөөрлөө хүлээх зуур түрүүчийн авсан зөвшөөрөл нь хүчингүй болдог бүр том асуудал. Тэгэхээр том дарга нарын хойноос хөөцөлдөж байж арай гэж олж авсан зөвшөөрлөөрөө барилгаа босгоно гэвэл хэдэн жилийн нүүр үзэх нь бололтой.
Ингэж олон байгууллага дамжуулж зөвшөөрөл өгч байхаар нэгдсэн нэг зөвшөөрөлтэй болгочихвол барилгын салбарынхан багахан хугацаанд барилга барьж, их хугацаанд зөвшөөрөл хөөцөлдөхгүй байх сайн талтай. Ингээд бодохоор барилгын салбарыг боомилох бус, хууль эрх зүйн таатай нөхцөлийг төр өөрөө бүрдүүлэх ёстой биш гэж үү.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: