Лааз өшиглөж яваа МАН
Өнөөдрийн Монголын улстөрд МАН шиг ядарч, сульдаж бүхний өмнө буруутан болон бөхөлзөж яваа улстөрийн хүчин алга гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй. Цагтаа цалгиж, Монгол орныг 70 гаруй жил араасаа хуйлруулж явсан улстөрийн ууган хүчинд өнөөдрийн амьдрал эсрэгээр үйлчилж, толгойтой бүхэн түүнээс дайжиж эхэлжээ.
ХХ зууныг МАХН нэрээр туулахдаа монголчуудыг хөдсөн дээлнээс нь салгаж, хөлгүй сансарт хүргэсэн түүхэн гавьяаг нь хэн ч үгүйсгэхгүй. Хорвоогийн бор хоногууд ээлжилсээр төрж буцахын завсарт монголчуудын тоо толгой хоёр сая хол гараад явсныг ч энхрий хайрт МАХН-тай холбон тайлбарлаж байсан цаг тун саяхансан.
Гэтэл орчлон ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн социалист системийн задралын үеэс л одоогийн МАН өөд нарыг үзэх нь багасч, зогсолтгүй уруудсаар өнөөдөр “орших уу, эс орших уу” дээрээ тулж ирлээ. Монголчууд хэзээнээсээ “Гарман дээр морио сольдоггүй” гэдэгсэн. Харин 2012 оны УИХ-ын сонгуулиас жил хагасын өмнө 70 гаруй жилийн түүхтэй МАХН нэрээ өнөөдөр хүн бүхний муу үгийн бай болсон МАН-аар сольсноор зогсолтгүй доройтлын эхийг тавьснаа намын лидерүүд ойлгохгүй л явна.
Тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга өдгөөгийн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн “Нам нэрээ сольсноор сонгуульд ялагдвал хариуцлагыг нь хар толгойгоороо үүрнэ” гэсэн алдартай үгний хариултыг түүний хар толгойноос бус МАН-аас амьдрал өнөөдөр хатуухан шиг авч байна. Арваадхан жилийн өмнө бол энэ нам шиг хүчтэй, тэдний лидерүүд шиг эрх мэдэл, албан тушаалын хүчээр ард иргэдийн амьдралд шийдвэрлэх нөлөөтэй улстөрийн нам, хүчин байсангүй.
Харин 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, цөөнх болсноосоо хойш МАН ёстой л “амьд үхдэл” болчихоод байгаа. Өнөөдөр тэдэнд ард олныг араасаа дагуулах төр, түмэнд үнэлэгдсэн лидер алга. Ямар сайндаа л 2012 оны аравдугаар сарын 2-ноос эхлэн олны төлөө ажилладаг эрээвэр хураавар хүмүүсийн нам болж байгаагаа зарлан тунхаглаж байх вэ дээ.
“Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгчээр сонгогч олон, намаасаа итгэл өвөрлөн УИХ-д сонгогдсон 25 гишүүн нь бүлэг байгуулах эрхээ хасуулснаар 25-уулаа сул ганхаж, хууль батлах хүрээнд хэн ч биш болчихоод байгаа. Сү.Батболд, Ц.Нямдорж, М.Энхболд, У.Хүрэлсүх, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нарын лидерүүд нь ямар ч эрч хүчгүй, ёстой л өдөр хоногийг төөрүүлж явах зуур МАН-ын жирийн гишүүд нь өдөрт 300-гаараа дайжиж, МАХН-ыг бараадсаар удаж байна. Аргаа барсан Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарын шинэхэн дарга нар нь намынхаа шинэчлэлийн тухай өдөр алгасахгүй ярьж байгаа ч шинэчлэлт, өөрчлөлт харагдахгүй шоовдорлогдож, бөөрлүүлэх нь л давамгайлж гүйцлээ.
Өчигдөрхөн Налайх дүүргийн МАН-ын гишүүд 100-гаараа МАХН-д элсэж байгаагаа сүр дуулиантай зарлан тунхаглав. Харин өнөөдөр аль газраас хэдэн зуугаараа МАХН-ыг бараадах бол. Монголчуудын сэтгэлгээнд нэгэн сонин төрөлхийн араншин байдаг. Ялагдаж байгаа, ядарч зүдэрч байгаа нэгнийг өмөөрч, унаж ойчсон хүүхдийг дээр өргөн аргаддаг.
Одоо бол тэр өрөвч сэтгэлгээ нь улстөрд хүчтэй халдварласан. Өнөөдрийн МАН-ын уруудан доройтох гол шалтгаануудын нэгэнд намынхаа хүчтэй лидер байсан Н.Энхбаярыг цааш нь түлхэж, хүн ёсноос ангид ялгаварлан гадуурхсан нь ихээхэн жин дарна. 1990-ээд оны эхээр МАХН-аас толгойтой бүхэн цэрвэж, яг л өнөөдрийн МАН шиг байхад нь удирдан манлайлж, нам шиг нам болгосон түүхэн гавьяа зөвхөн Н.Энхбаяртай л холбоотой. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль Н.Энхбаярын хувьд тооцоолоогүй ялагдал болж, тэр үеийн МАХН-ын дарга ч “дарин дээр тос нэмсэн” байж болзошгүй. Тэр үед л аль аль нь эр хүн шиг хожим хойчийг тунгааж, хэн нэгэндээ буулт хийсэн бол МАХН хоёр хуваагдаж, өнөөдрийн уруудал доройтлыг үзэхгүй ч байж болох байв.
2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ын Бага хурал сонгуулийн дараахан хуралдсан. Харин намынх нь шинэчлэлд ус агаар мэт хэрэгтэй байгаа МАН-ын их хурал хэзээ хуралдах нь оньсого хэвээр байгаа.
“Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэсэн өвөг дээдсийн сургаалын эсрэг тэрсэлснээрээ дээрх нэр бүхий эрхмүүдийн хэн нь ч хожсонгүй. Харин ч улстөрчдийн хувьд хэн ч биш болцгоолоо. Лидерүүд нь “амьгүй албат”-ууд болсноор МАН ёстой л “морь унасан толгойгүй” цэргүүдийн бөөгнөрөл болчихлоо.
Энэ байдал удаан үргэлжилбэл МАН түүхийн тавцанд мөнхөд нойрсоход ч ойрхон байна. Дахин хэзээ ч ард түмнээсээ итгэл хүлээж, улстөрийн манлайлагч хүчин болж чадахгүй байсаар Монголын улстөрөөс үүрд арчигдах дээр тулж ирээд зогсчихлоо.
Тун удахгүй УИХ-ын сонгуулиас ач холбогдлоороо төдий л ялгаагүй орон нутгийн сонгууль болно. МАН-ынхан дээрээ суудлаа олохгүй бужигнаж, доороо хэдэн тийшээ бутран сарниж байгаа нь орон нутгийн сонгуульд өвдөг шороодохын хамгийн бодит дохио, сануулга мөн.
МАН-ын хувьд энэ нь сүйрэл бол өрсөлдөгч намуудынх нь хувьд дахин хэзээ ч олдохгүй, алдаж болохгүй алтан боломж болчихоод байна. Улстөрийн намд хүчтэй лидерүүд юу юунаас илүү хэрэгтэй ч мянга мянган жирийн гишүүд, идэвхтэй дэмжигчдийн халуун дэмжлэг байхгүй бол тухайн нам дотроосоо задарч, хэзээ мөдгүй дэлбэ үсрэхийн хамгийн бодит нотолгоо билээ.
Эх сурвалж:”Өглөөний Сонин”
URL: