Дэд сайдуудын командлагч
Шинэчлэлийн Засгийн газрын дэд сайд нараас сурч мэдсэн, боловсрол, хол явж нүд тайлсан сэтгэлгээний далайц, ажлын туршлага гээд бүх л үзүүлэлтээрээ толгой өндөр эрхмээр Батлан хамгаалахын дэд сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр өрсөлдөгчгүй торойно.
Ховдын уугуул, Улаанбаатарын суугуул, Европын холбоогоор гүйгүүл дэд сайд А.Баттөрийн хувьд жинхэнэ мэргэжлийн дипломатч. Тэрбээр Монгол оронд Ардчилсан хувьсгалын анхны цуглаан зохион байгуулагдаж байсан 1989 онд Москвагийн ОУХДС-ийг төгссөн залуу мэргэжилтэн. Анх Монгол Улсын Гадаад хэргийн яаманд атташегаар орж, ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. 1992-1996 онд Франц улс дахь Монголын Элчин сайдын яамны соёлын атташе, ЮНЕСКО-гийн Байнгын төлөөлөгчийн газарт дипломатчаар ажилласан нь мэргэжлийн дипломатчийн хувьд өсч, дэвжих гараа нь байж.
1996 оноос Монгол Улсын Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад 1998-2000 онд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайдаар ажиллажээ.
2004-2006 онд Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайдаар ажилласан нь дэд сайдын хувьд анхных нь тохиол болсон гэдэг. Харин 2008 оноос мэргэжлийнхээ ажлыг хийж, Европын Хамтын нийгэмлэгт Монгол Улсаа төлөөлсөн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогджээ.
Өнөөгийн дэд сайдын салбартаа оруулсан үнэтэй хувь нэмэр нь манай цэрэг эрс олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг мандуулах үйл хэргийг эхлүүлэхэд дипломатчийн хувьд амжилттай ажиллаж чухал нөлөө үзүүлсэнд оршино. А.Баттөр дэд сайдын хувьд МоАХ-ноос Батлан хамгаалахын дэд сайдын суудалд тухалсан аль ч талаараа нэр цэвэр, улстөрчийн хувьд ид хийж, бүтээх насандаа яваа нэгэн.
Дэлхийн халуун цэгүүдийн энхийг сахиулах үйл ажиллагаанд эрвэлзтэл оролцож, эзэн Чингисийн үеэс улбаатай эр зориг, авхаалж самбаагаараа гайхагдаж яваа хэдэн бор цэргүүд, цаашлаад Монгол Улсын батлан хамгаалах салбарыг өөрчлөн шинэчлэх, халамжлан бөөцийлөх нөр их ажил БХЯ-ны хоёр шинэхэн сайдын өмнө бий.
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ, А.Баттөр хоёрын гар нийлсэн, шаргуу мэдрэмжтэй ажиллагаанаас Монголын батлан хамгаалах салбарын ирээдүй, дэлхий дахинд монгол цэргийн нэр хүнд хэрхэн батжих нь харагдах биз ээ.
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр бүх л талаараа ажил, амьдралын туршлага багатай шинэхэн дэд сайд нараа командлах нь аргагүй ээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: