Уул уурхайн салбар хүний эрхийг зөрчиж буй талаар хэлэлцэнэ

 Манай улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж буй. Харин энэ салбарын аюулгүй ажиллагаа, хөдөлмөр, нийгмийн харилцаа гээд дотоод үйл ажиллагааг төдийлөн ил болгохгүй байгаа. Тиймээс  уул уурхайн бизнес дэх хүний эрхийн асуудлыг хөндөхөөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос  “Уул уурхайн бизнес ба хүний эрхийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын бага хурлыг энэ сарын 10,11-нд зохион байгуулах гэж байна. Тус комисс өнгөрөгч оноос эхлэн уул уурхайн нөлөөллийн бүс нутаг болох есөн аймгийн 15 суманд ажиллаж, судалгаа хийжээ. Энэхүү судалгаагаар уул уурхайн үйл ажиллагаанаас болж хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдол зэрэг олон сөрөг нөлөөлөл бий болсон байна.

Энэ нь тухайн орон нутгийн иргэдийн эрх зөрчигдөж улмаар нутгаасаа дайжих зэрэг тулгамдсан асуудал үүсдэг болохыг тогтоосон аж. Уг хурлыг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Засгийн Газар, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцох ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих