Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д амьдарч буй авааль эхнэр дээрээ очжээ

Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан Орон нутгийн сонгуулиас илүү олны анхаарлыг татаж байна. Одоогоор АН-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хотын мэр Э.Бат-Үүл хоёрын хэн нэг нь нэр дэвших магадлал бусдаас илүү өндөр байгаа. Тэгвэл МАН-ын хувьд Ерөнхий сайд асан С.Баяр нэр дэвших нь бараг тодорхой болжээ.

 

ИЗНН-ын олон даргын нэг болох С.Дэмбэрэл мөн л нэр дэвших чинхүү санаагаа нуугаагүй бол МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн тодорхойгүй байгаа боловч эдүгээ хашиж буй албан тушаал, зэрэг дэвээр нь авч үзвэл хамгийн магадлалтай хүний тоонд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва нарын хэн нэг нь нэр дэвшихээс өөр сонголт бараг үгүй юм.

 

С.Баярын хувьд АНУ-д элгээ солиулж, саяхан зүрхний хүндхэн хагалгаанд орсныхоо дараа Монголд ирж хэсэг хугацаанд саатаад эргээд Америкийг зорьжээ. Хэвлэлүүд түүнийг нялх амрагтай болсон, удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа гэх зэргээр бичиж байсан ч тэрбээр гурван хүүхдийнхээ эх, авааль эхнэр дээрээ очсон гэх мэдээлэл байна. Мэдээж энэ нь гоонь эр нэр дэвшсэнээс илүү гэх тактикийн асуудал байж мэдэх.

 
Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь залуухан амрагтай байх нь монголчуудын хувьд олонхийн санал авах магадлал бага боловч Францын Ерөнхийлөгч М.Саркози залуухан загвар өмсөгчтэй дэр нэгтгэсэн явдал түүний рейтингэд өчүүхэн төдий ч муугаар нөлөөлөөгүй билээ. Тэгвэл монголчуудын хувьд гэр бүлийн тогтвортой байдлыг юу юунаас илүү эрхэмлэж үздэг юм.

 

Ирэх сонгуулиар нэр дэвшигч С.Баяр авааль эхнэрийн хамт олны өмнө гарч ирвэл, удаах хань Х.Хулан, түүнтэй нэр холбогдож байсан мисс Г.Оюунгэрэл нарыг тойрсон хов жив авааль эхнэрийнх нь сүрэнд дарагдах нь тодорхой юм. С.Баяр тэнэг хүн биш. Тэрбээр өрсөлдөгчиддөө “хатуухан самар” бэлдэж байгаа нь лавтай. Тэгвэл одоогийн Ерөнхийпөгч Ц.Элбэгдоржийн хувьд өдгөө ял эдэлж буй экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраас айж имээх зовлонгүй болсон ч С.Баяр түүний хувьд барж идэхэд амар хоол биш ажээ.

 

Үүнийгээ ч тэр ойр тойрныхондоо нуулгүй хэлж ярьжээ. Харин угаас нэг тийшээ савлах дургүй монголчуудын хувьд засгийн эрх мэдлийг АН-д өгсөн тул 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчид илүү санал өгч мэдэх юм. Энэ нь өнөө бидний яриад байгаа төрийн тогтвортой байдлыг хадгалах монгол ухаан ажээ.
Эх сурвалж:”Маш Нууц”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих