Мобиком “гэрээт” нэрээр ажилчдын хөдөлмөрийг шулж байна

Монголчууд бидний ажил, амьдралыг гар утастай холбосон анхны компани гэвэл дуу нэгтэй “Мобиком” гэж төвөггүйхэн хариулах байх. Үүрэн телефоны анхдагч гэгдэх “Мобиком” групп өдгөө 1.3 сая хэрэглэгчидтэй болж чаджээ. “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” хэмээн уриан дор үйл ажиллагаагаа яуулдаг  тус групп дороо 10 гаруй охин компанитай. Тэдгээр компаниудын нэг болох “Ньютель” ХХКомпани нь борлуулалт, үйлчилгээг хариуцан ажилладаг. Борлуулалт, үйлчилгээ сайн байхын хэрээр компанийн ашиг, орлого ч төдий чинээ сайн байдаг нь нууц биш. Байгууллагын ашиг орлогыг  түүнд ажиллаж байгаа ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Тэгвэл  “Ньютель” ХХКомпанийн нийт ажилчдын 70-80 хувийг борлуулалт, үйлчилгээний ажилтан эзэлдэг ба эдгээр ажилчид дийлэнх нь  гэрээт ажилтан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 зүйлийн нэгдүгээр заалтад “Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцлийг тохирно гэж заасан байдаг. Үүнд  21.1.3. үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй”, мөн 18.1.6 заалтад “Үнийн өсөлт, мөнгөний ханшийн бууралтын  түвшнээс хамааруулж цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх”,  гэсэн заалтууд байдаг. Тухайн байгууллагын дотоод журмаас илүү үндсэн хууль давуу эрхтэй.
Гэтэл гэрээт ажилтны “Хөдөлмөрийн гэрээ”-ний цалингийн хүснэгтэд цалингийн хэмжээ бичигдээгүй. Мөн хоёр сарын дараа шинээр ажилд орсон гэрээт ажилтны гэрээнд цалингийн хэмжээ 240.000 мянга  байсныг 210.000 мянган  төгрөг болгон бууруулжээ.  Харин үндсэн ажилчдын цалин хамгийн бага нь нэг сая гаруй төгрөг байдаг. Тэнгэр газар шиг хол зөрүүтэй.  Ингээд цалингийн зөрүүтэй байдлыг лавлаж асуухад “гэрээт” ажилтан ийм хэмжээний цалин авдаг юмаа гэх хариултыг  өгдөг.
“Гэрээт” нэрээр халхлагдсан эдгээр ажилчид цалингийн зөрүүнээс гадна компанийн дотоод үйл ажиллагаа, чөлөөт цагаа өнгөрүүлэх тусгай үйлчилгээ, бусад хангамжуудад ч мөн адил хамрагдаж чаддаггүй. Энэ бүхэн хаалттай гэж хэлж болно. Тус компанид “Гэрээт”  ажилчдын хөдөлмөрийн эрхтэй хамааралтай маргааныг шийдвэрлэх, эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэлийн хороо гэх газар ч байдаггүй. Ажилчдын асуудлыг дээд удирдлагаддаа хэлэх ямар ч боломжгүй байдагүйгээс хий бухимдахаас өөр гарц тэдэнд үгүй. Авч байгаа цалин нь амьдралд хүрэлцэхгүйн улмаас ажилчид ажлаас гарах замыг сонгодог. Тэгсэн ч   “Ньютель” компани тасралтгүй  ажилд орох анкет бөглүүлж ажилтан авч энэ мэтээр цусаа сэлбэж байдаг. Монгол Улсын урдаа барьдаг нэр хүндтэй компани “гэрээт” хэмээн ажилчдынхаа хүч хөдөлмөрийг шулж мөлжихөө дуусгах цаг ирсэн юм биш үү.

URL:

Сэтгэгдэл бичих