Г.Алтантүрүү: Би ахиж “Танайд хоноё” шиг нэвтрүүлэг хийхгүй, одоо болих хэрэгтэй

25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийг хөтлөөд олонд танигдаж  улмаар  “Алтан шонхор”-ын эзэн болж явсан сэтгүүлч Г.Алтантүрүү нэг хэсэг “оддын өвчин”-өөр өвчлөхийн зэрэгцээ нэртэйгээ ижилхэн сархадтай нэлээдгүй нөхөрлөж  байгаад нэвтрүүлэг хөтлөх эрхээ хасуулсан, 2008 оны УИХ-ын сонгуулиар их хэмжээний мөнгө “идэж, уусан” гэх мэтээр хэвлэлээр бичигдэж байв.

Түүнчлэн, Говь-Алтай аймгийн “Мянгат малчин”-ы хүргэн болж, үрийн зулай үнэрлэсэн гэх мэдээлэл ч байсан.

Иймд сүүлийн үед “усанд хаясан” чулуу шиг сураг алдраад байсан түүнтэй холбогдож хаана, юу хийж яваа талаар тодрууллаа.

-Сайн байна уу. Мэдээ.мн сайтаас ярьж байна. Таны тухай хэвлэлээр “архинд орж, аниа нартай найзалдаг” болжээ гэх мэдээлэл тархаж эхэлжээ. Ер нь хаана, юу хийж байна даа?

-Сайн байцгаана уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Харин цахим сайтуудаар миний тухай жаахан тиймэрхүү мэдээлэл цацагдаж байгааг анзаарсан. Тэдний мэдээлж буйгаар би чинь лүү архичин болцон юм биш үү. Уг нь амьдрах гээд зүтгэж яваа жирийн сэтгүүлч шүү дээ. Сүүлийн үед хувийн амьдралаа цэгцлэхийн хажуугаар шинээр нэг нэвтрүүлэг хийх гээд ажиллаж байна.

-Шинээр ямар нэвтрүүлэг хийж байгаа вэ. Аль сувгаар хэзээнээс цацагдах бол?

-Танин мэдэхүйн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг. Одоохондоо цацах телевизээ сонгоогүй байна. Тиймээс хэзээ үзэгчдэд хүрнэ гэдэг бүр тодорхойгүй гэсэн үг.

-“Дассан газрын даавуу зөөлөн” гэдэг дээ. Өнгөрсөн жил 25-р суваг телевизээр цацаж болдоггүй юм уу?

-Үгүй ээ. Өнгөрсөн жил 25-р суваг телевизийн 15 жилийн ой болсон. Энэ ойн хүрээнд 2006-2008 онд очиж, хоносон 114 айлын 20 айлд дахин зочилсон. Тэрнээс биш шинэ нэвтрүүлгээ 25-р суваг телевизээр цацна гэсэн бодол алга.

-Яагаад. Шинэ нэвтрүүлэг чинь “Танайд хоноё”-той адилхан жанрынх юм уу?

-Үгүй. Танин мэдэхүйн нэвтрүүлэг гэж хэлсэн шүү дээ. Ер нь одоо би ахиж “Танайд хоноё” шиг нэвтрүүлэг хийхгүй. “Танайд хоноё” нэвтрүүлгийг одоо болих хэрэгтэй. Хэтэрхий туйлширсан хүмүүсийг залхаасан, цаг авсан нэвтрүүлэг болсон байна лээ.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих