М.Энхсайханы хонзон эвслийг төдийгүй засгийн газрыг тараах нь

Н.Энхбаяр, М.Энхсайхан нар нэгнээ “Ерөнхий сайд аа, Ерөнхийл өгч өө” хэмээн мөрөөдлийн гэмээр дуудалцаж, анх гудамжнаас улстөрөө эхэлж байхад олон ажиглагчид нэгэн цагт дайсагналцаж явсан энэ хоёрын нөхөрлөл нэг их удахгүй гэж дүгнэж байв. Ийнхүү таамаг дэвшүүлж байсан нь өнөөдрийн улстөрд өрнөж байгаа үйл явдлаар батлагдаж байх шиг. Н.Алтанхуяг Засгийн газраа байгуулах гэж ядаж байхад “Шударга ёс” эвслээс Сангийн сайдад М.Энхсайханы нэрийг оруулж ирсэн нь ч далдхан түгшүүр бий болгож байсан нь саяхан. Харин М.Энхсайхан нэрээ татсанаар Н.Алтанхуягийн Засгийн газар сая нэг юм байгуулагдаж, АН-ынхан М.Энхсайханаа хүлээж авсангүй гэсэн таамагтай хоцорч байлаа.

Гэтэл байдал өөрөөр эргэж, улстөрийн гортигийн цаана үлдсэн хонзонгийн илрэл хэвлэлээр ойр ойрхон үзэгдэх болов. Үзэгдэхдээ АН-ыг биш МАХН-ыг, Н.Энхбаярыг муучлах, тэдэнд гомдсон хонзонгоор үзэгдэх болсон нь хэн бүхний сонирхлыг татаж буй. Гэтэл өнгөрөгч богино хугацаанд МҮАНын Ц.Цолмон намаасаа гаран МАХН-аас батлах авч, Н.Энхбаярын хүү Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгч болж, МАХН орон нутгийн сонгуулиар зарим той рогт МҮАН-тай эвсэхгүй гэдгээ мэдэгдсэн гээд олон үйл явдал өрнөлөө.

…Дөнгөж улстөрийн амт үнэрийг мэдэрч, анхны алхмаа хийгээд байгаа Г.Уянга ирээдүйн улстөрийн карьераа М.Энхсайхан хэмээх тэтгэврийн насны нөхрөөр солих уу гэдэгт хэн ч эргэлзэх байх. Д.Батцогт ба бусдын хувьд ч ирээдүйн улстөрийн амьдралаа М.Энхсайхан, МҮАН-аар солихгүй нь лавтай. Тэгэхээр М.Энхсайханы хувьд “Шударга ёс” эвслийг задалж байж хонзонгоо авах ганц зам бий…

Энэ бүхнээс үүдэн М.Энхсайханы хонзон дээд цэгтээ тулж, эртний увайгүй явдлаа сэргээж эхлэв. Одоогийн байдлаар түүнд хонзон авах улстөрийн боломж тун хомс. Түүнд гудамжинд л улстөр хийхээс өөр гарц байхгүй. Улстөрд хаяг зүүж орж ирсэн зарим журмын нөхөр нь намаасаа гарч байгаа нь түүнийг бүр ч мухардалд орууллаа. Тиймээс М.Энхсайхан ясны чанараа гаргаж “Шударга ёс” эвслийг тараах л ганц замыг сонгож байгаагаас зайлахгүй. Түүнд хонзонгоо тайлахаас өөр шилдэг арга байхгүй. Хэрвээ эвсэл тарвал “Шударга ёс” эвслээс УИХ-д орж ирсэн болон бусад томилгоонд багтсан нөхдийн хувьд ирээдүйн улстөрийн амьдрал нь дуусч байна гэсэн үг.

Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Цолмонгийн хувьд жижиг намд аж төрөхийн зовлонг сайн мэднэ. Жижиг намын зовлон л түүнийг 2007 оноос хойш улстөрийн гортигийн цаана гиюүрүүлж сургамж хайрласан. Тийм ч учраас тэр МҮАНаас гарч, МАХН-ыг бараадаж байгаа нь энэ. Мань эр алсдаа МАХН Ардын намд дагаар орж, хүчирхэгжихийг зөгнөсөн байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч тэр хувь улстөрчийн хувьд шийдэл гаргаж МАХН-ыг сонгосон нь огт санаандгүй хэрэг биш. Угаасаа л МАХН бол Ардын намын голомтоос гал тасалсан хэдэн нөхдийн бүлэглэл. Шуудхан хэлэхэд Ц.Цолмон ирээдүйн улстөрөө МҮАН-аар биш МАХН-аар, магадгүй Ардын намаар төсөөлж, ийм алхам хийсэн гэдэгтэй мөрийцсөн ч алдах юм байхгүй.

Энэ удаагийн УИХ гурван намын төлөөллөөс бүлэг байгуулах хэмжээнд бүрдсэн нь урьд өмнө байгаагүй үзэгдэл. Алс хэтдээ практикийн хувьд ч тэр, онолын хувьд ч тэр Монгол Улсад хоёр намын төлөөлөл УИХыг бүрдүүлэх нь дамжиггүй. Энэ удаагийн УИХ-ын бүрэлдэхүүн бол аль ч талаараа дахин давтагдахгүй үзэгдэл, цаг үеийн гажуудал гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Эрх биш улстөрийн тогоонд чанагдаж байгаа хүмүүсийн хувьд үүнийг ойлгох байлгүй дээ. Ойлгосны үндсэн дээр ч зарим нь намаа орхиж, ирээдүйгээ харсан хэрэг. Дэлхий нийтийн жишиг ч ийм л байдаг. Ерөөсөө хүн төрөлхтний энэ агууламж ийм л тогтолцоотой. Олон намын тогтолцоо хаа ч байдаг. Гэхдээ олуулаа нийлж төрөө барьж байсан түүх тун ховор.

ЭВСЭЛ ТАРЛАА, АН ЯАХ ВЭ

Хэдийгээр номондоо маруухан ч улстөрийн тогоонд хамтдаа буцалж байгаа нөхдийн хувьд энүүхнийг ойлгочих мэдрэмж байж л таарна. МҮАН-аас УИХ-д суусан нөхдөөс М.Энхсайханд үнэнч үлдэх нөхөд хэд байгаа бол гэж бодохоос яс хавталзаж байгааг нуух юун. Олон хаврын салхи, олон өвлийн жаварт хайруулж, жагсаал цуглаан хийгээд ч шаргал ордны босго давж чадаагүй нөхөд хэний хүчинд ямар учрал тохиолоор парламентын танхимд заларсан бэ гэдгээ сайтар ойлгож байгаа учраас л санаа зовсон хэрэг. Дөнгөж улстөрийн амт үнэрийг мэдэрч, анхны алхмаа хийгээд байгаа Г.Уянга ирээдүйн улстөрийн карьераа М.Энхсайхан хэмээх тэтгэврийн насны нөхрөөр солих уу гэдэгт хэн ч эргэлзэх байх.

Д.Батцогт ба бусдын хувьд ч ирээдүйн улстөрийн амьдралаа М.Энхсайхан, МҮАН-аар солихгүй нь лавтай. Тэгэхээр М.Энхсайханы хувьд “Шударга ёс” эвслийг задалж байж хонзонгоо авах ганц зам бий. Өнөөх “Өргөн талд түшиж яваад өндөр дээр гараад түлхэнэ” хэмээхийн учрыг тэр сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, өөрт ч үгүй, өрөөлд ч үгүй болгох ганц хувилбар түүний цээжинд аль хэдийнэ ассан биз ээ. Угтаа бол Н.Энхбаярыг замаасаа зайлуулах гэсэн эрх мэдэлтний төлөвлөгөөт баривчилгаа нийгэмд өрөвдөлт уур амьсгалыг бий болгосон. Тиймдээ ч Н.Энхбаярыг хоригдож байхад болж өнгөрсөн сонгуулиар түүний нэрийг барьсан хэсэг нөхдийг ард түмэн сонгосон шүү дээ.

Үнэн хэрэгтээ өдгөө “Шударга ёс” эвслээс УИХ-орж ирсэн нөхөд бол Н.Энхбаярын хүчээр мөрөөдөөд хүрэхгүй оргилд гарч ирсэн. Тэд туулсан замналаа сайтар мэддэг учраас М.Энхсайханыг дагахгүй. Тиймээс ч М.Энхсайхан хамтран зүтгэгч Н.Энхбаярт оноосон ялыг зөв хэмээн хэвлэлээр мэдэгдэж, намаасаа явж байгаа Ц.Цолмонгийн боловсролыг хэвлэлээр дүгнээд авав. Түүний араас зарим хэвлэлээр “Ц.Цолмон МҮАН-аас намын жагсаалтаар нэр дэвшиж ялалт байгуулсан. Намаа сольж байгаа учраас УИХ-ын гишүүнээсээ татгалзах хэрэгтэй” гэсэн мессэж цацах болов. Энэ мэтчилэн “Шударга ёс” эвсэл тарах нь өдрөөс өдөрт тодорхой болсон ийм үед олон хүн баярлаж, бас олон хүн түгшиж байгаа нь мэдээж.

Юуны өмнө Н.Алтанхуяг тэргүүтэй хэсэг нөхөд маш их түгшиж суугаа. Магадгүй түүний хувьд М.Энхсайханыг тухайн үед дэмжээгүйдээ толгойгоо шааж байгаа нь лавтай. Харин “АПУ”- гийн Г.Батхүү, “Женко” Х.Баттулга, С.Баярцогт нараас эхлээд бас чиг цөөнгүй нөхөд баярлаж байгаа. Өөрийгөө ирээдүйн Ерөнхий сайд хэмээн төсөөлж суугаа хүмүүсийн хувьд бол энэ том баяр. Хамгийн гол нь Н.Алтанхуяг нарын цөөн хэдэн нөхдийн баяр гомдол ч яахав. АН-д тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол эвсэл задрах. УИХ-д арай олонхийн буюу 31 суудал авсан намын хувьд аль нэг улстөрийн хүчинтэй хамтарч байж цаашид үйл ажиллагаагаа явуулах учиртай.

Хэрвээ М.Энхсайхан хонзонгоо амжилттай авч гэмээнэ эвсэл задраад зогсохгүй Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар огцроход хүргэнэ. Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газар бүрдтэл хаврын урьтай золгоно гээд асуудал их бий. Дээр дурдсанчлан ирээдүйд өөрсдийгөө Ерөнхий сайд гэж мөрөөдсөн хэсэг нөхдийн тэмцэл АН-ын фракцуудын тэмцлээр өрнөнө. Хамгийн наад зах нь АН хэнтэй хамтрах вэ гэдэг маш том асуудал үүснэ.

С.БАЯР


URL:

Сэтгэгдэл бичих