Ц.Цолмон: Намайг эргүүлэн татах боломжгүй
УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д элссэнээс хойш түүний эргэн тойронд үүсээд буй асуудлаар өөрөөс нь тодрууллаа.
-Намаа сольж МАХН-д элссэн Таныг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна гэж МҮАН-ынхан ярьж байна. Хууль зүйн хувьд боломжтой юу?
-Миний ойлгосноор хуулийн боломж байхгүй. Гэхдээ би энэ алхмыг хийхийн тулд жирийн иргэд, улстөрчид, хуулийнхантай уулзаж зөвлөгөө авсан.
-Та УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг. Эвслийн гэрээний дагуу МҮАН-д хуваарилсан энэ албан тушаалаас Таныг ч бас татгалзах ёстой гэж үзэж байгаа хүмүүс бий?
-Би аливаа намын боловсон хүчний томилгоо, хор найруулгад оролцдоггүй. Миний зорилго бол МАХН, МҮАН-ыг нэгтгэх. Монголчууд улстөрийн намуудыг нэг л болохгүй байна гэж ярьдаг. Улстөрийн намууд Монгол орныг ямар замаар авч явах ёстой юм. Тэр шаардлагад хүргэхийн төлөө ажиллана. Миний хувьд намуудын боловсон хүчний хуваарилалт, бусад асуудалд оролцох сонирхол алга. Би “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн. Эвслийн нэрийн өмнөөс бид СЕХ-нд хүсэлт тавьсан. Өнөөгийн улстөрийн системд “Шударга ёс” эвсэл гэдэг субъект л байгаа. Бид нэгэнт “Шударга ёс” эвсэлд эрх мэдлээ шилжүүлсэн учраас намчирхаж ярих шаардлагагүй. МҮАН болон МАХН-аас дангаараа СЕХ-нд ямар нэгэн бичиг баримт өгөөгүй. “Шударга ёс” эвсэл ямар байр сууринаас оролцох вэ гэдгээ мэдрэхийн тулд намууд квот тогтоосон. Намын дарга нар хамтарч сонгуульд орчихоод сонгуулийн дараа эвсэл дээрээ илүү төвлөрөх ёстой болохоос нам намаараа хөнжлөө чангаах ёсгүй. Хэрэв ингэж квот яриад эхэлбэл эвсэл үгүй болдог. Үүнээс л сургамж авч ажиллах ёстой.
-Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилсны цаана эвслийн амыг хаах улстөрийн тохироо явагдлаа гэсэн хардлага төрж байгаа. Та энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
-Би янз бүрийн тохиролцоонд оролцдоггүй. Түүний оронд намдаа ямар үзэл бодол эрхэмлэх юм гэдэг талаар гол анхаарлаа хандуулж ажиллана. МҮАН үндэсний ардчилсан үзэлтэй. МАХН социал демократ үзэлтэй. Ер нь Монголд социализм, ардчилал үндэсний үзэл болсон. Тэгэхээр нэгэнт монголчуудад таалагдаж байгаа эдгээр үзлээс ухрах хэрэггүй. Улам сайжруулах, Монголынхоо нөхцөлд тохируулах шаардлагатай гэж үзэж байгаа.
Ц.ЖАРГАЛ
Эх сурвалж: unen.mn
URL: