Рок попын одод мэргэжлээ сольсоор..

Орчин цагийн Монголын дууны урлаг “нас биед хүрч” хаана ч, хэний ч өмнө нүүр улайхааргүй хэмжээнд хүрсэн. Монголчууд бид өнөөдөр ардын дуу хөгжмөөс гадна нийтийн, концерт-эстрад, поп рок, мэргэжлийн гээд олон төрлийн уран бүтээлээр “амьсгалж” байгаа.

Энэ бол бахармаар зүйлийн нэг. Харин рок попынхон маань сүүлийн үед нэг л “унтаа” болж, сураг алдрах болов. Тоглолтын тайз эзэгнэж, нэгэндээ уран бүтээл хийх цагаан атаа төрүүлж хурцалдаг асан өрсөлдөөнтэй цаг үе тэдний хувьд хэдийнэ ард хоцорч зөвхөн “билээ” хэмээн ярих болсныг нуух юун. Шинэ уран бүтээл, өвөрмөц тоглолт, өнгө аясаар сюрприз барьдаг гавьяатуудаас эхлээд авьяаслаг олон дуучин фэнүүддээ мартагдах шахсаныг хэлэх нь илүүц биз. Магадгүй уран бүтээлийн тайлан тоглолт хийхэд мөнгө санхүүгээс эхлээд ар араасаа ундарсан бөөн ажилд дарагдахын оронд урилга, заллагаар “халаас”-ны цөөн дуугаа дуулчихаад хэдэн төгрөг “цохих” нь тэдэнд амар бололтой. Гавьяат жүжигчин Т.Ариунаа зохиолын дуучдын “ханхүү” гэгддэг С.Жавхлантай дөрөө харшуулан илтгэх урлагт хүч үзэж явна. Уг нь байсхийгээд тодордог шинэлэг өнгө төрх нь түүнийг ямар дуучин болохыг харуулдаг байсан цаг үе түүх болон үлдээгүй байлтай. Мөн гавьяат жүжигчин Н.Дашдондог кино урлагт “урвасан”. Хятадын уран бүтээлчидтэй хамтран 21 ангит “Тэнгэрийн салхи” кино, Өвөрмонголын алдарт уртын дуучин Лхажавын тухай “Өвгөн шувуу” киноны гол дүрийг бүтээсэн түүний сүүлд тоглосон “Хүний хүүхэд” уран сайхны кино өдгөө кино театруудад гарч буй.

Эдгээр киноны дүрээс илүү түүний тайзнаа дуулсан тэр л агшнууд хөгжимд хайртай хүмүүсийн сэтгэл зүрхэнд илүү хоногшсон байлтай. Цаашилбал, “Камертон”-ы Эба газар тариалан эрхлээд, дуучин Сэрчмаа сургууль байгуулахаар завгүй гээд дурдвал багагүй жагсаалт хөвөрнө. Ядахад тэдний орыг эзлэх шинэ залуу дуучид өөрсдийгөө од хэмээн өргөмжилж, нэгэн хэвд цутгасан мэт загварт дулдуйдсан чанаргүй уран бүтээл хийн түүнийгээ сэтгэлээс ургасан үг, аялгуугаар бүтсэн хэмээн уйлахаас наагуур ярина. Хямдхан студиэр дуугаа дүрсжүүлээд аль нэг телевизээр цацах нь мөнгөтэй л бол асуудалгүй болжээ. Стандарт хэмжээ, энэ тэр гэсэн шалгуур үгүй. Дуулаачийн школоо дүүргээгүй, дуучин болоогүй оюутнууд олноороо дуучин нэрийг сайн дураараа зүүж, болсон болоогүй баахан дуу “үйлдвэрлэсээр”. Телевизийнхэн ч эдгээр дуучны клипийг дуу, дүрс нь болж уу, үгүй юу гэдгийг шалгадаггүй болжээ. Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Компьютер тоног төхөөрөмж сайжраад ирэхээр солгой хоолойтой хүн ч дуулах нь байна шүү.

Тэгээд тэр дуу нь уран бүтээл гэхээр бүтээл биш, сонсоход ямар амтгүй гээч. Хуучны “ясны” хэдэн уран бүтээлч маань ч тэр болгон уран бүтээл хийхээ больж дээ. Чанартай юм хийж байгаа нь ч цөөхөн болж” хэмээн өгүүлж байсан. Үүний зэрэгцээ баярын уур амьсгал харуулах гэж аядсан болсон, болоогүй дууг залуу дуучид олноор төрүүлэх болж. Шинэ жил, төрсөн өдөр, хосуудын баярын сэдвээр хийсэн, хальтхан сонсвол андуурмаар адилхан дуунууд өдөр ирэх тусам олшров. Энэ нь бас нэгэн төрлийн халтуур гэлтэй. Уран бүтээлийн чанар бус, урилга заллагын сэдэв болгосон дуунуудаа ичих ч үгүй, хит болгох гэж зүтгэнэ гээч. Богинохон настай, чанаргүй дуундаа таарсан кпип нь сонирхол татна гэж бүр ч үгүй. Нөгөө л цасан охин, төрсөн өдрийн бялуу, хосуудын улиг болсон түүх … Сүүлдээ хэнийх нь, ямар дууны клип гараад байгааг ч ялгахаа больж. Ер нь энэ бүхэн үзэгчдийн сэтгэлд бус, өөрсдийнх нь халаасыг дүүргэх л бизнес арга болоо юу даа.

Ж.Сүх
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих