Ашигтай бизнес буюу 20 минутад хагас сая төгрөг олох арга

Гэрлэх ёслолын “супер” ордон шинээр бай­гуулц­гаая

Хүний амьдралд тохиолдох баяр жаргалтай мөчүүдийн нэг нь гэрлэлт. Тиймдээ ч амьдралд ганц тохиолдох гэрлэх ёслолын ажиллагаанд хүр­гэн, бэрийн аав, ээжүүд хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө гар та­талгүй зарцуулна. Мэдээжийн хэрэг хүүгийн тал орон гэрээ, охины тал зүүн талын тавилга эд хогшлоо бэлдэх нь зүйн хэрэг.

Харин энд талуудын хувьд төлөвлөгдөөгүй нэг зардал гарч ирнэ. Хэрэв хуримлагч талууд хүү, охиныхоо хуримын ажиллагааг ёслол төгөлдөр өрнүүлж, Гэрлэх ёслолын ордонд орохоор болбол тодорхой зардал төлөх ёстой болно.

Зардал нь дунджаар 500-700 мянган төгрөг, дээр нь хуримлагч хосууд эл өргөөний бөгжийг худалдан авах бол даруй 300-500 мянган төгрөг нэмэгдэнэ гэж байгаа. Мөнгийг нь төлсөн бол та 15-20 минутын үйлчилгээг хуримын ордноос авах эрхтэй болно.

Үүнд, Гэрлэх ёслолын ордны шатаар өгсөх, гэр­лэгч хосууд бөгж солилцох, гэр­лэл­тийн баталгаанд гaрын үсэг зурах, ерөөлийн үг сонсох, бэрийн гал голомтоо асаах үйлдэл /үнэндээ гал асаах биш шүдэнз зурах үйлдэл гэж ойлговол зохилтой/, хуриманд оролцогч хүн бүр 20 граммын аягатай сүү амсах, хорхой ааруулын  хэлтэрхий  идэх, шатан дээр дурсгалын зураг татуулах, тэгээд хөөгдөж гарах.

Энд шат их чухал юм шиг байгаа юм. Хуримлагч  хосуудын хоёр талын худ ургууд энэ шатан дээр хосуудтай хамт зургаа авахуулна. Монгол ёс байна даа, ядаж тавгийн ул боов, хонины ууц ч  хуримын ордонд байхгүй.

Энэ бүх ажиллагааг дараа­лал багатай бол 20 орчим минутад амжуулна. Харин дараалал ихтэй бол 10 хүрэхгүй минутад дуусгана. Дараа­гийн гэрлэгч хосууд хүрэл­цэн ирж байгаа тул шатаа чөлөөлнө үү гэх эдний ажилтнуудын “соёлтойгоор” хөөх үгсийг  хуримлагч хосуудын худ ургууд сонсоод “Мөнгөө төлчихсөн байж хэдэн зураг авахуулаад гаръя” гэж уурсангуй хэл­сэн ч тусыг эс олно. Зураг гэс­нээс хуримлагч хосын нөгөөх алдарт шатан дээр авахуул­сан томоохон хэм­жээтэй нэг хувь жаазтай зураг зардалд нь багтаж ирдгийг хэлэхээ мартсан байна.

Товчхондоо бол хуримын ордны­хон 10-20 минутад 500-700 мянган төгрөг олно. Тэд SALE зарлана гэж байхгүй, инфляци хэдэн хувьтай өсөх эсэх нь гэрлэх ёслолын ажиллагааны үнэд нөлөөлөхгүй. Хуримын ордонд орох мөнгө нь хэд болсон ч хамаагүй, мөнгөтэй нь төлөөд орно биз гэсэн бодолтой байдаг бололтой юм билээ. Угаасаа улсдаа ганц,  хамгийн том, монополь гэрлэх ёслолын ордон гэж байгаа юм чинь тэгэхээс өөр аргагүй биз. /Саяхнаас  нээгдсэн Баянзүрх дүүргийн гэрлэх ёслолын ордонг эс тооцвол/

МОХ-ныхон их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдлээ гээд тэмцэл өрнүүлдэг юм билээ. Үүний нэгэн адил МЗХ гэрлэх ёслолын ордныхон ажиллагаа төлбөрөө үндэслэлгүй нэмлээ гээд асуудал өрнүүлмээр юм. Гэр бүл зохиож, хуримаа  хийж байгаа бүх залуу хос энэ ордонд орох мөрөөдөлтэй байдаг ч төл­бөр мөнгөнөөс нь болоод заримынх нь  хүсэл биел­дэггүй нь нууц биш.

Гэрлэх ёслолын ордныхон ядаж жилдээ 1-2 удаа ч юм уу амьжиргааны доод түвшний хүмүүст зориулж үүд наалгаа нээсэн тохиолдол байдаг болов уу, ядарч зүдэрсэн хүмүүс, өнчин өрөөсөн хүүх­дийн байгууллагад энэ байгууллагын зүгээс  туслал­цаа үзүүллээ гэж та сонссон уу, би лав сонсоогүй юм бай­на. Харин удирдлагыг нь энэ зун АТГ шалгахад манайхан ажилч­дынхаа зардлаа л дөнгөн данган олж байна гээд шалгагдахаа больсон сураг дуулдсан.

Уржигдархан болж өнгөр­сөн намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр энэ ордноор 99 хос үйлч­лүүлсэн гэнэ билээ. Энэ билигт сайн өдрийг 24 цаг үргэлжилнэ гэж тооцоход нийт 1440 минут, энэ минутыг 99 хосод хуваахаар нэг хосод ойролцоогоор 14 минут оногдож байгаа юм. Тэгэхээр 14 минутад багтааж Гэрлэх ёслолын ордонд орохоор дунджаар 500 мянгөн төгрөгийг хос тус бүр төлсөн гэж тооцоход тэнд­хийнхэн зөвхөн энэ өдөр л гэхэд 50 гаруй сая төг­рөгийн ашигтай ажил­лажээ.

Ерөөсөө  гэрлэх ёслолын “супер” ордон шинээр бай­гуулц­гаая. Тэнд найрын ширээний ууц, идээ будаа, сархад ундаа элбэг дэлбэг, хөөгдөж туугдан, яарч сандраад байлгүй дор хаяж нэг цаг буюу 60 минутад ёслол журмаа гүйцээж, зураг хөргөө татуулдаг байя. Хааяадаа “Зүүд биш байгаа даа” нэвтрүүлэг шиг энгийн малчин, гэр хорооллын, ядуу өрхийн хосуудыг  ордондоо төлбөргүй урьж, хуримын ёслолыг нь хийж өгдөг болъё. Гэрлэгсдэд хандсан гэр бүлийн харилцааны тухай сургалт, зөвлөгөөг хуримын бус цагаар  явуулъя.

Ингэвэл ядаж одоогийн монополь Гэрлэх ёслолын ордон ч гэсэн үнээ хямд­руулж, цагаа сунгаж, үйл­чил­гээгээ сайжруулах байл­гүй дээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Нэр: зочин Огноо: 9 March 2015

Гэрлэх ёслолын ордны шатаар өгсөх, гэр­лэгч хосууд бөгж солилцох, гэр­лэл­тийн баталгаанд гaрын үсэг зурах, ерөөлийн үг сонсох, бэрийн гал голомтоо асаах үйлдэл /үнэндээ гал асаах биш шүдэнз зурах үйлдэл гэж ойлговол зохилтой/, хуриманд оролцогч хүн бүр 20 граммын аягатай сүү амсах, хорхой ааруулын хэлтэрхий идэх, шатан дээр дурсгалын зураг татуулах, тэгээд хөөгдөж гарах. Энэ мэдээллийг бичсэн хүн хөөрхий боловсрол нимгэн тархины тураалтай хүн байдаг байх. Хуримын ёслол хийж байгаа хосууд гал бадраах ёслолоо шүдэнз зурлаа гэж боддоггүй байх. Энэ чинь зан үйлийн ёслол гэдгийг ойлгох хэрэгтэй. Томоо зуух тавиад баахан мод өрчихөөд тэр гоё сайхан хувцасласан бэрийг за яаж ийгээд галаа асаа даа гээд суулгах нь зохимжгүй санагдана. Тэгээд ч хорхой ааруулын хэлтэрхий идээд 20-хон грамм сүү уугаад л гэж бичсэн байх юм. Чи яах гэсэн хүн бэ том том зузаан ааруул мэрээд сав саваар нь сүү уух гэсэн юмуу. Хаана ер нь ийм ёслол хүндэтгэлийн дэг жаягийг харсан хүн бэ ??? Хуримын ёслолын төлбөрийг орж байгаа хуримын тоонд нь шууд л үржүүлчих бололтой юмаа. Энд чинь өчнөөн зардал шингэсэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. ганц ааруул сүү өгөөд шатаар дээш доош нь гаргаад буулгаад байдаггүй юм. Хосуудад үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бэлэг дурсгал үйл ажиллагааных нь бүх зураг бичлэг альбом, машин чимэглэл, ирсэн зочдод үйлчлэх сүү цагаан идээний үйлчилгээ тэдгээр хосуудад үйлчилж байгаа хүмүүсийн цалин хөлс гээд өчнөөн зөрдөл гардаг юм. Та бидний хамгийн их хэрэглэдэг талх зүгээр л бүтчихдэг юм биш биз дээ. Түүнд чинь олон хүний хүч хөдөлмөр тээврийн зардал гээд л зардал гардаг гэдгийг санах хэрэгтэй. Юмыг дандаа хар буруугаар сэтгэж ард иргэдийг бухимдуулах хар мэдээлэл тавихаасаа өмнө бичих асуудлынхаа сэдвийг баттай эх сурвалжаас авч өөрийн дүгнэлтээр нийтэд дэлгэхээ боливол таарна.

Сэтгэгдэл бичих